Дундговь аймгийн Сайнцагаан сумд барьсан “Ид шидийн орон-3” төвийн нээлтэд Улаанбаатараас зорьж очлоо. Таван сарын өмнө тус сумын захын эзгүй талд зорилгоо танилцуулж байсан “Лантуун дохио”, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ынхан амласнаа ажил хэрэг болгожээ. Өөрөөр хэлбэл, тавхан сарын өмнө хоосон талбайд сурагчдыг авчирч, хэрэгжүүлэх төслөө танилцуулж, хамтдаа тойрон бүжиг хийж байсан бол өдгөө хэдийн хоёр давхар барилга барьжээ.
Аравдугаар сарын 12-ны өглөө “Ид шидийн орон-3” жишиг төвийн хашаанд олон хүн цугларч, хөл гишгэх шахам зайгүй болов. Цугларсан олны дийлэнх нь хүүхдүүд. Хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр “Ид шидийн орон”-ыг хэрхэн бүтээсэн талаар товч мэдээлэл өгсөн. Харин сурагчид морин хуур эгшиглүүлж, охид “Уяхан замбуу тивийн наран”-г дуулж, бяцхан жаалууд тууз хайчилснаар тус төв үүдээ нээлээ. Нээлтийн тууз хайчилж, ирсэн олны уухай хадахад эл бүтээн байгуулалтыг хийсэн хамт олон баярын нулимс унагаж харагдсан. “Ид шидийн орон”-той танилцах гэсэн хүүхэд хэтэрхий олон байсан тул 50, 50-иар нь хуваарилж, оруулсан юм. Энэ зуур гаднах талбайд үлдсэн хүүхдүүдэд “Тоонот”-ын дуучин O.Z, рэгги Мacho нар уран бүтээлээ толилууллаа.
Дотогш орсон хүүхдүүд “ид шид”-тэй хананаас “урсах” халуун сүү оочиж, бялуу, халуун боорцог амтлав. Мөн номын сан, сургалтын өрөө, балетын заал, сэтгэлзүйчийн танхим, технологийн өрөөгөөр зочиллоо. Өрөө, танхим бүрт багш ажиллаж байв. Тэд уг өрөөнд ямар үйл ажиллагаа явуулахыг хүүхдүүдэд тайлбарлалаа. “Ид шидийн орон-3” жишиг төвд зургаан чиглэлийн 18 сургалт явуулж, 10 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зах зухаас нь дурдвал гитар, төгөлдөр хуур, цахилгаан хөгжим, найрал дуу, морин хуур, балет, үндэсний бүжиг, дрон, технологийн сургалт хичээллүүлнэ. Нэг хүүхэд хэдэн ч сургалтад хамрагдаж болох аж. Хамгийн гол нь “Ид шидийн орон”-ы ах эгч, багш нартаа хоёрдогч түүхий эд авчирч өгөх ганцхан шалгуур тавьж буй. Энэ нь хог хаягдлыг ангилж, байгаль дэлхийгээ хайрлаж сургах ач тустай гэнэ. Мөн энд кино, эко, шинэ санаачилгын, ярианы англи хэлний клуб хичээллэх нь. “Ид шид”-тэй хананы халуун сүүний тухай өмнө дурдсан даа. Тэгвэл номын санд хичээлээ хийсэн хүүхэд бүр халуун сүү үнэгүй авах боломжтой аж. Эндхийн номын санд 5000 гаруй ном хандиваар цугларсан. Номоо уншиж, тэмдэглэлээ уншсан хүүхэд бүр халуун сүүгээр шагнуулна. Хүүхдүүдийг сургах, сайн сайханд хөтлөх энэ бүх сургалт үнэ төлбөргүй. Гаднаа 1000 гаруй модтой “шидэт” төгөл, задгай театр, тоглоомын болон спорт талбайтай.
Нийслэлд “Ид шидийн орон” хоёр бий. Хүүхдэд хамгаалал, хөгжлийн эдгээр төвийг барьж, үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ алдаж, оносон зүйл бий гэдгийг санаачлагчид дурдсан. Харин “Ид шидийн орон-3” төвийг өмнөх туршлагадаа тулгуурлан хамгийн сайнаар, хамгийн чанартайгаар барихыг зорьжээ. Үүний тулд “ид шидтэй” ах, эгч нараас тэрбум гаруй төгрөг хандиваар цуглуулж чадсан байна. Хотын хандивлагч нараас гадна нутгийн малчид хонь, Дундговийн ерөнхий боловсролын сургуулийн үе үе төгсөгчид мөнгөн хандив өргөжээ. Хамгийн хөөрхөн нь 75 хүүхэд мөнгөний гахайгаа хагалж, доторхыг нь “Ид шидийн орон-3” бүтээхэд хандив болгон өгсөн байна. Цэцэрлэгийн багачуудыг хүртэл аав, ээж нь хандивт татан оруулж, 4.8 сая төгрөг цуглуулсан гэх.
Жишиг төвийн нээлтэд ирсэн ахлах ангийнхан Дундговьд хүүхэд сурч, хөгжих сургалтын төв хомс байдгийг дурдсан бол бага ангийн бяцханууд тоглоомын талбай байхгүйг хэлэв. Хүүхдүүдийнхээ яриаг томчууд ч хүлээн зөвшөөрсөн. “Лантуун дохио”, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ынхан хандив гуйж, зүгээр суусангүй, малчдын өгсөн хонийг борлуулж, долдугаар сард хуушуур, мөстэй коланы бизнес эрхэлж, говь талаас таана, хөмүүл түүн даршилж, зарахаас авхуулаад өөрсдөө барилга дээр ажиллаж, гар хуруугаа эвэрштэл зүтгэжээ. Нэгэн зүгт зорьж ажилласан залуус өнөөдөр ийн санасандаа хүрлээ.
Цаашдаа “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ынхан жишиг төвийн үйл ажиллагааг хариуцах юм билээ. Одоо барилгын гүйцэтгэл 98 хувьтай, тохижилтын зарим ажил дутуу гэсэн. Энэ бүгдийг дуусгахад 87 сая төгрөг шаардлагатайг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр хэлэв. Тиймээс “Өдөрт 100 төгрөг” хандивын аян өрнүүлж эхэлжээ. Иргэд өөрийн данснаас өдөрт 100, сард 3000, жилд нийт 36 000 төгрөг автоматаар татуулахыг зөвшөөрснөөр эл аянд нэгдэх боломжтой. Бүтээн байгуулалтад анх 953 сая төгрөг төсөвлөсөн аж. Гэхдээ бараа, материалын хомсдол, үнийн өсөлтөөс үүдэн нийт өртөг 1.5 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Яагаад заавал Дундговийг сонгож “Ид шидийн орон-3” жишиг төвийг барих болсон талаар зарим мэдээллийг өгье. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. 2022 оны үзүүлэлтээр Дундговь аймаг сүүлчээсээ гуравт орсон. Тус аймаг 15 801 хүүхэдтэй. Хөдөөгийн малчид хүүхдээ сургуульд сургахын тулд төвийн айлуудад үлдээдэг. “Тавиул” хүүхдүүд элдэв гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох нь цөөнгүй гэнэ. Ер нь хүүхдийн эрхийн зөрчил их байсан нь “Ид шидийн орон”-ыг барих шалтгаан болсон аж. Хамгийн гол нь хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловсрол олгох үүднээс хөдөө талд жишиг төвөө цогцлоожээ.
Нээлтийн үеэр хөгжмийн зохиолч Х.Бат-Очир, яруу найрагч Д.Ган-Очир нар “Ид шидийн орон”-д зориулж сүлд дуу зохиосноо хүлээлгэн өгсөн юм. “Ид шидийн орон-3” жишиг төвийнхөн энэ сарын 12-17-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм билээ. Энэ өдрүүдэд “Лантуун дохио”, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ынхан олон нийтэд хандивын тайлангаа тавьж, энэ төвийг бүтээхэд оролцсон хүн бүрт талархлаа илэрхийлэх юм. “Ид шидийн орон-3”-ыг цогцлоох таван сарын хугацаанд нийт 2610 ажлын бээлий элээж, 33 535 хүн хүч хөдөлмөр, сэтгэлээ зориулжээ.