-Олон улсын хүнсний хангамж, аюулгүй байдал өдгөө ямар түвшинд байна вэ. Ялангуяа цар тахал дэлхий дахины хүнсний хангамжид хэрхэн нөлөөлж буй бол?
-Дэлхийн хүнсний өдрийн энэ жилийн уриа нь “Хэнийг ч орхигдуулахгүй хөгжих” юм. Тиймээс би энэ сэдэвт анхаарлаа хандуулж, олон улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг илтгэх цөөн тоон мэдээллийг дурдъя. Дэлхий нийт 2021 онд цар тахлаас ангижирч, хүнсний аюулгүй байдал сайжирна гэж найдсан ч өлсгөлөн улам даамжирч байна.
2021 онд 800 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь коронавирусийн дэгдэлтээс өмнөх үеийнхтэй харьцуулахад 150 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. 2015 он хүртэл дэлхий дахинд өлсгөлөнгийн түвшин буурч байлаа. Харин коронавирусийн үед өлсгөлөн эрс хүрээгээ тэлсэн. Хамгийн сүүлд хийсэн тооцоогоор 2030 он гэхэд 670 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна. Энэ нь өлсгөлөнг тэглэх зорилтоос бид хэр хол байгааг илэрхийлнэ. Хүнсний ноцтой хомсдол дэлхий дахинд нэмэгдэж, 2019 онд 9.3 хувь байснаа хоёр жилийн дараа 11.7-д хүрч өслөө. Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдал хүн амын зарим бүлэгт харилцан адилгүй нөлөөлж байгаа. Жишээлбэл, эмэгтэйчүүд цар тахлын нөлөөлөлд илүү өртсөн. Мөн цар тахлын сүүдэрт жендерийн тэгш бус байдал улам даамжирлаа. Дэлхий нийтийн шим тэжээлийн бусад зорилтын тухайд, жишээ нь, нярайг эхийн сүүгээр хооллохыг нэмэгдүүлэх, хүүхдийн өсөлт зогсохоос урьдчилан сэргийлэх зэрэгт ахиц дэвшил гарчээ. Гэсэн ч насанд хүрэгчдийн таргалалт, жирэмсэн эхийн цус багадалттай холбоотой асуудлууд эсрэгээрээ даамжирсан. 2019 онд дэлхий дахинд 15-49 насны гурван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь цус багадалттай байв. Энэ нь 2012 оныхоос 1.4 пунктээр өссөн үзүүлэлт. Мөн насанд хүрэгчдийн таргалалт дэлхийн бүх бүс нутагт нэмэгдэж байна.
Эрүүл хооллох өртгийг илүү хямдруулахгүйгээр хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зорилтуудыг биелүүлэх боломжгүй. Гэвч 2020 онд бараг 3.1 тэрбум хүн эрүүл хүнсний өртгийг төлж чадаагүй. Уг үзүүлэлт нь 2019 оныхоос 112 саяар илүү байгаа юм. Энэ нь цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй, өргөн хэрэглээний хүнсний үнийн өсөлттэй холбоотой. Үнийн огцом өсөлт нь дэлхийн бүх бүс нутагт эрүүл хүнсний дундаж өртөг болон хүртээмжид шууд нөлөөлсөн. Тэр дундаа Ази тивд хамгийн огцом өөрчлөлт авчирлаа. Тодруулбал, 2020 онд өмнөх жилийнхтэй нь харьцуулахад нэмж 78 сая хүн эрүүл хоол, хүнс хэрэглэж чадахгүйд хүрчээ. Иймд дэлхий дахинд тулгарч буй хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн асуудал, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны сорилт бэрхшээлийг харгалзан хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог өөрчлөн сайжруулах нь нэн чухал. НҮБ-ын ХХААБ нь үүнд шаардагдах нөөц боломж, дэлхийг хамарсан хүрээлэлтэй. Тиймээс бид үндэсний хүнсний аюулгүй байдал, хангамж, шим тэжээлийн хэрэгцээг шийдвэрлэхийн зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн эхлүүлэхээр санаачилсан. Үүнийг НҮБ-ын ХХААБ-аас хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа вэ?
-Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүчин чармайлтаа эрчимжүүлж, энэхүү санаачилгыг гарган, улсын хамгийн дээд байгууллага нь удирдан чиглүүлж буйд бид үнэхээр баяртай байгаа. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, үйл ажиллагааны хөтөлбөрийг нарийвчлан судалж үзээд, төлөвлөгөө нэлээд сайн уялдаатай байна гэж харсан. Уг тогтоол нь хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, газар тариалангийн, мал аж ахуйн, хүнсний боловсруулах үйлдвэрлэл гэсэн таван тулгуур чиглэлтэй. Үүний хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоо бий болгох, мэдээлэл цуглуулах аргачлалыг шинэчлэн батлах зорилт дэвшүүлжээ. Мөн хүнсний чанар, аюулгүй байдлын бүх стандартад үнэлгээ хийх, мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, хүнс бэлтгэх уламжлалт технологийг сэргээх, хөрсний доройтлыг бууруулах зэрэг маш өргөн хүрээг хамарсан байгаа юм. Заримыг нь дурдахад ийм байна. Бид эдгээр чиглэлээр Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн. Тиймээс манай төсөл, хөтөлбөрүүд үндэсний “Хүнсний хувьсгал”-тай маш сайн уялдаж байгаа юм. Манай байгууллага одоогоор бодлого, дүн шинжилгээ, малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, сэргэх чадвар, нэмүү өртгийн сүлжээ, хүлэмжид суурилсан хүнсний ногооны үйлдвэрлэл, олон нийтийн боловсрол, хүнсний хог хаягдлыг багасгах зэрэг чиглэлээр ажлаа эрчимжүүлж буй. Тэр дундаа бид залуучууд, эмэгтэйчүүдэд илүү чиглэж ажиллана. Эцэст нь хэлэхэд, бид энэ бүхнийг салбарын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газартай нягт хамтран, үйл ажиллагаагаа сайтар уялдуулж, үр дүнд хүрэх зорилготой.
-“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд ирэх таван жилд гол нэр, төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад Монгол Улс хүнс экспортлогч орон болох эхлэлийг тавина гэсэн зорилт дэвшүүлсэн. Бид хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг орон болохоос гадна дэлхийн хүнсний хангамжид хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй. Ийм боломж бүрдүүлэхэд манай улс хэр ойр байна вэ гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дэлхийн хүнсний хангамжид хувь нэмэр оруулах нь үнэхээр эрхэм бөгөөд гайхалтай хүсэл эрмэлзэл гэж би бодож байна. Энэ зорилгоо биелүүлэх асар их нөөц боломж Монголд бий. НҮБ-ын ХХААБ Монгол Улсын уг зорилтыг бүрэн дүүрэн дэмжинэ. Үүнийг хэрэгжүүлэхэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг илүү үр ашигтай байлгах, ложистикт хөрөнгө оруулах, үнийг ил тод болгох, брэндүүдийг сайжруулах, экспортыг дэмжих зэрэг олон ажил хийх шаардлагатай нь мэдээж. Тиймээс тодорхой хугацаа шаардагдана. Гэхдээ сайн зүйл гэвэл бид адил зорилготой тул тэр чиглэлд хамтран ажиллах боломжтой.
-Цар тахлын үед импортын гарц хаагдсанаас манай улсад зарим төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдон, тасалдсан. Энэ нь одоо ч бүрэн шийдэгдээгүй, үргэлжилсээр байна. Ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан ч хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх ёстойг цар тахал бидэнд ойлгуулсан. Гэхдээ үүнээс улбаалан хүнсний хангамж хэрхэн доголдсон, иргэдэд ямар хохирол учруулсан зэрэг нь төдийлөн тодорхойгүй байгаа юм. Энэ чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас судалгаа хийсэн болов уу?
-Та зөв хэллээ. Цар тахал бидэнд маш их зүйлийг заасан. Тухайлбал, хүнсний систем хэчнээн эмзэг, бие биеэсээ хэр их хамааралтайг харууллаа. Гэхдээ эдгээр асуудлын ихэнх нь тахал өвчин дэгдэхээс ч өмнө байсныг хэлэх нь зүйтэй. 2018 онд Монгол Улсын бараг дөрвөн хүн тутмын нэгийнх нь хүнсний аюулгүй байдал дунд, эсвэл хүнд хэлбэрээр алдагдсан байв. Үүний зэрэгцээ хэт таргалалттай буюу хоол хүнснээс үүдэлтэй өвчнөөр шаналж буй хүний тоо нэмэгдсээр байгаа. Монголчуудын 55 хувь нь илүүдэл жинтэй, 20 хувь нь хэт тарган. Эрт нас баралтын түвшнээр ижил орлоготой орнуудын дунд хоёрдугаарт ордог. Түүнчлэн нийт хүнснийхээ гуравны нэгээс илүүг хаягдал болгодог. Улаанбаатар хотод зуны улиралд хүнсний хог хаягдал 36 хувьтай байна. Цар тахлын үед бид орон нутгийн айл, малчдын дунд судалгаа явуулахдаа олон өрх чанаргүй хүнс хэрэглэдэг, хоол хүрэлцэхгүй байх вий гэж санаа зовдгийг тогтоосон. Үүнээс гадна идэх хүнснийхээ хэмжээг багасгажээ. Өрхүүдийн гуравны нэг нь идэж буй хүнснийхээ хэмжээг багасгаж, 70 гаруй хувь нь хэрэглэдэг бүтээгдэхүүнээ өөрчилж, хоолны чанар, шим тэжээлийг бууруулсан байна.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөж байна. Энэ нь хүн амын амьжиргаа, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийн амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх болсон. Нийгмийн эмзэг хэсгийн хүнсний хангамжийг хэрхэн сайжруулах боломжтой вэ. Ямар гарц, арга зам бидэнд байгаа бол?
-Өнгөрсөн онд хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар өссөн. Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индекс 1990 онд бий болсноос хойших хугацааны хамгийн дээд түвшиндээ буюу 160 нэгжид хүрлээ. Түүнээс хойш үнэ буурсан ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өндөр хэвээр байгаа. Үнийн өсөлт нь хүнсний аюулгүй байдалд, ялангуяа импортоос хамааралтай орнуудад зайлшгүй нөлөө үзүүлдэг. Тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүмүүст хүндээр тусдаг. Энэ хямралыг боломж болгон хувиргах цаг нь болсон. Бид ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг шийдвэрлэх арга замыг урьдчилан тодорхойлж, бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Дэлхийн хөдөө аж ахуйн хөгжлийн түүхийг сөхвөл улс орнууд хямралыг боломж болгон хувиргасан жишээ олон бий. Хүнсний аюулгүй байдал, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-ын тэргүүлэгч агентлагийн хувьд ХХААБ нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Байгаль орчин, аялал жуулчлалын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад байгууллага, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж ирсэн. Мөн цаашид хүнсний хангамж, аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж, түншлэлээ улам өргөжүүлэхээ хэлмээр байна.
-Монголчуудын хүнсний хэрэглээ, соёлын талаар та ямар бодолтой байна вэ. Бид өрсөлдөх чадвартай, иргэдийн хэрэгцээг өндөр түвшинд хангахуйц хүнс хэрэглэж, үйлдвэрлэж чадаж байна уу?
-Миний бодлоор Монголд хоол тэжээлийн чанар, төрөл зүйлийг сайжруулах олон ажил хийх шаардлагатай. Одоогоос таван жилийн өмнө хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн дүн гарсан. Мөн эрэгтэйчүүдийн 82 хувьд нь Д аминдэмийн хэмжээ хангалтгүй байж. Тав хүртэлх насны хүүхдийн А аминдэмийн дутагдлын тархалт 9.5 хувьтай. Нярай хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт, төмрийн дутагдал 20-30 хувьтай байсан зэрэг тааруу үзүүлэлт бий. Саяхан улсын хэмжээнд нөхөн үржихүйн насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар жимс, жимсгэнэ, булцуугүй хүнсний ногоо, өндөг, самар, бүхэл үр тариа зэрэг эрүүл хүнсний бүлгийн хэрэглээ бага байгааг тогтоожээ. Эдгээр бичил элементийн дутагдал нь Монгол Улсад зүрх, судас, бодисын солилцооны өвчлөлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буй. Улс орнуудын хоолны дэглэм болон халдварт бус өвчний эрсдэлийг харьцуулсан дэлхийн судалгаагаар Монгол хоол тэжээлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөлийн нас баралтын хувиар нэгдүгээрт бичигдэж байна. Тэгэхээр эрүүл хооллолтын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Мөн эрүүл хүнсийг илүү хүртээмжтэй, хямд болгоход их хэмжээний хөрөнгө оруулах хэрэгтэй. Монголд эрүүл хооллох боломж үнэхээр дутмаг. Монголчуудын бараг 50 хувь нь эрүүл хүнс худалдан авч чадахгүй байна.
-Хүнсний хэрэглээтэй холбоотойгоор аюулгүй байдлын асуудал байнга яригддаг. Монголд хүнсний аюулгүй байдлыг хангах талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж та харж байна вэ. Түүнчлэн энэ тал дээр НҮБ-ын ХХААБ ямар зөвлөмжүүд Монгол Улсад өгөх бол?
-Монголд хүнсний аюулгүй байдал ноцтой асуудал дагуулж байна. 2018-2019 онд халдварт өвчин 7.5 хувиар өссөн. Бодит байдалд суулгалт, хоол хүнсээр дамжих нянгийн халдварын талаар үнэн зөв мэдээлдэггүй. Халдварт өвчин өргөн хүрээнд дэгдсэний дараа л мэдээлж, оношилдог. Тэгэхээр тоо баримтад мэдээлэл дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 80 хувийг мал аж ахуй эзэлдэг. Тиймээс энэ салбар хүнсний аюулгүй байдлыг хангахад голлох нөлөөтэй. Монголчуудын хооллолтод мах, сүүн бүтээгдэхүүн зонхилдог. Эдгээр хүнсний аюулгүй байдал нь эргээд хүний эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж болзошгүй. Мөн энэ нь мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, гүйцэтгэлд нөлөөлдөг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, уламжлалт нядалгааны хяналтгүй зан үйл. Түүнчлэн хэрэглэгчид шинэ махыг илүүд үзэж, хүнсний чанар, аюулгүй байдалд нь төдийлөн анхаардаггүй. Энэ нь хүнсний аюулгүй байдлын хэм хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулдаг. Цаашлаад хүнсний аюулгүй байдал, чанарыг сайжруулахад чиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтад саад болдог. Хоёрдугаарт, тээврийн дэд бүтэц муугаас хүн амын нягтаршил бага, алслагдсан бүсэд амьдардаг айл өрхүүдэд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байна. Аймгийн төв бүр мал эмнэлэгтэй ч малчид төвөггүй үйлчлүүлэх боломжгүй. Мал эмнэлгийн нэмэлт үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал. Гуравдугаарт, малчдын олонх нь жоргүйгээр эм, антибиотик худалдан авч, хяналтгүйгээр хэрэглэдэг. Энэ нь бичил биетийн тэсвэржилт үүсэх аюул заналхийлж байна. Хэдийгээр бодлого боловсруулагчид болон олон нийтийн дунд бичил биетийн тэсвэржилтийн талаарх ойлголт нэмэгдсэн ч хангалттай түвшинд хүрээгүй. Байгалийн усны нөөцөд найдах нь хүнсний аюулгүй байдал алдагдах бас нэг эрсдэл юм. Хөдөөгийн хүн амын дөнгөж 6.8 хувь нь төвлөрсөн усан хангамжтай. Малчин өрхүүд ихэвчлэн гүехэн худаг, бүх мал, амьтан хэрэглэдэг байгалийн усны эх үүсвэрийг ашигладаг. Мөн Монголын зарим тариалангийн талбайд пестицид, гербицидийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Ил усны нөөц хэрэглэх, малын ялгадсыг түлш болгон ашиглах нь зоонозын болон гельминтийн халдвар тараах өндөр эрсдэлтэй. Бодлогын чиглэлд үндэсний хүнсний хяналтын тогтолцоо, аюулгүй байдлын стандартын хэрэгжилт аль аль нь хангалтгүй. Хуучирсан хууль тогтоомж, тодорхойгүй харьяалал, тандалт, хяналт, хэрэгжилтэд сул талууд байна. Техник, үйл ажиллагаа, санхүүгийн чадавх дутмагаас хүнсний аюулгүй байдлыг зохицуулах институцийн бүтэц сул байгаа. Шинжилгээ, дэд бүтэц хангалтгүй зэргээс шалтгаалан хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хязгаарлагдмал. Энэ нь хүнсний аюулгүй байдлын протоколын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хүнсний аюулгүй байдлын талаарх бодлогыг бэхжүүлэх, хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, хяналт, стандартын тогтолцоог сайжруулах, гарал үүслийг тогтоох шинжилгээ, гэрчилгээжүүлэлт, тандалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Боловсролын хөтөлбөрт хоол хүнсний талаарх агуулгыг тусгах нь хэрэглэгчдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах төдийгүй эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Ингэснээр хэрэглэгчид өөрсдөө хяналт шинжилгээ сайн хийхийг шаардаж, илүү ил тод мэдээллийг эрэлхийлдэг болно.
Бэлтгэсэн Ч.Мөнхзул