1991 онд ЗХУ бутарснаар социалист, капиталист хоёр эвслийн сөргөлдөөн дээр тогтож байсан дэлхийн дэглэм нуран унав. Ингээд “Өрнөдийн хамт олон”-ы ноёрхол тогтон, өөрийн тоглоомын дүрмийг зарлаж, дэлхийн шүүгч, харгис цагдаагийн аль нь байхын төлөө өрсөлдөж эхэлсэн юм. Гучин жил өнгөрөхөд хүчний шинэ шинэ төвүүд, нэг туйлт дэлхий ертөнц бий болж, тогтвортой, бат бэх мэт байсан зүйл бидний нүдэн дээр эвдэрч сүйрч эхэллээ. Мөнгөний ханш унаж, бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, хүнс хомсдох болов.
2021 оны наймдугаар сард эх орноо орхиж явах гэсэн аргаа барсан афган хүмүүс Кабулын онгоцны буудал дээр хэдэн зуугаараа бөөгнөрч байлаа. Нислэгийн талбайд нэвтэрч чадсан нь хөөрч буй Америкийн онгоцны араас гүйлдэнэ. Зарим нь онгоцонд хүрч хаа нэгтэйгээс нь зуурч авсан ч газраас тасарч, улмаар өндрөө авахад нь доош унаж амиа алдав. Америкийн цэргүүд Афганистанаас гарч, 20 жилийн турш Вашингтоны дэмжлэг хүлээж байсан эндхийн Засгийн газар унасан нь АНУ-ын түүхэнд бараан хуудас болж үлдлээ. Талибууд бараг эсэргүүцэлтэй тулгаралгүй, наймдугаар сарын 15-нд Афганистаны нийслэлийг эзлэв. Тус улсын удирдлага, түүний дотор Ерөнхийлөгч нь эх орноо хаяад зугтлаа. Дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд “Америкийн ноёрхол төгсөв” гэсэн үгтэй өгүүллүүд нийтлэгдэж эхэлсэн.
Дэлхийн дэг журам ХХ зууны тэн хагаст шахам ЗХУ тэргүүтэй социалист, АНУ-ын тэргүүлсэн капталист гэсэн хоёр их эвслийн эсрэгцэл дээр тогтож байсан юм. Энэ үед тогтвортой байдал гээч зүйл байсангүй. 1962 оны Карибын хямралаар хоёр их гүрэн золтой л зэвсэг зөрүүлчихсэнгүй. Зэвсгээр ширүүн хөөцөлдүүлсэн хүйтэн дайн манай гараг дээрх амьд бүхнийг устгахад хүрэлцэх хэмжээний цөмийн зэвсэгтэй болгов. Хоёр туйлт тогтолцоо бөх байж, ЗХУ, АНУ нөлөөллийн хүрээгээ хуваан, дэлхий дахины бодлогод Америкийн талын НАТО, Зөвлөлтийн талын Варшавын гэрээний байгууллага гэсэн цэргийн хоёр эвсэл хүчний тэнцвэрт байдлыг хадгалж байлаа. Гэтэл ЗХУ бутарснаар хоёр туйлын нэг нь оршин тогтнохоо байх нь тэр. Хоёр “боксчны” нэг нь (ЗХУ) алчуураа шидчихээд рингээс буугаад явчихад үлдсэн (АНУ) нь хэсэгхэн зуур гайхсанаа энэ дэвжээн дээр хүссэнээ хийж болох нь хэмээн ойлгов. Ингээд дэлхийн эдийн засаг, улс төрийг санаснаараа өөрчилж эхэллээ. Доллар нь дэлхийн өрсөлдөгчгүй валют болов. Худалдаа, Засгийн газруудын үндсэн валют нь доллар боллоо. Энэ бүх байдал олон улсын эдийн засгийн хоригийн дийлэнхийг санаачлагч байх боломжийг Вашингтонд олгож, ардчилал, либерализмын Америк загвар луу бүх улс аяндаа хошуурах янзтай болж ирэв. Хэн нэг нь энэ стандартад нийцэхийг, АНУ-ын зөвлөгөөг сонсохыг эс хүсвээс Венесуэл, Умард Солонгост үзүүлсэн шиг эдийн засгийнхаас эхлээд Ливи, Иракт хэрэгжүүлсэнтэй адил цэрэг, дайны ажиллагаа хүртэл албадлагын янз бүрийн арга хэмжээнд өртөнө.
Гэвч 20 жил өнгөрөхөд дэлхийн нэг туйлт дэг сул талаа харуулж эхэллээ. Америкийн философич Фрэнсис Фүкүяма боломжит улс төрийн тогтолцооноос хамгийн шилдэг нь гэж 1989 онд мэдэгдэж байсан дэлхийн нэг туйлт дэг хэдхэн жилийн өмнө ганхашгүй мэт байсан атал шүү. Америк цэргүүд Афганистанаас гарч байгааг ажиглаад мөнөөх Ф.Фүкүяма Америкийн жанжлалд төгсгөл ирж байгааг хүлээн зөвшөөрөхөд хүрлээ. “Үнэн хэрэгтээ Америкийн эриний төгсгөл ихээхэн эрт эхэллээ” гэж тэр бичсэн юм.
Дэлхийн шүүгч, цагдаа байх үүргээ АНУ гүйцэтгэх хүч хүрэлцэхгүй болж буй нь 2003 онд Иракт хийсэн интервенцээс нь харагдсан гэж үздэг. НАТО энд нэгдмэл байж чадсангүй, интервенцийг Франц, Герман, Бельги болон эвслийн өөр хэд хэдэн гишүүн нь дэмжээгүй юм. Дээр нь “ипотекийн хөөсрөл” гэж нэрлэгдсэн 2008-2009 оны санхүүгийн хямрал нэрмэв. 2007 он хүртэл тасралтгүй өсөж байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ “унаж”, зээл олгогчид дампуурч эхэллээ. Олон улсын эдийн засгийн тогтворгүй байдлын эх үндэс нь Ази юм уу, Латин Америкийн “захын ямар нэг улс” биш, дэлхийн санхүүгийн төв Уолл-Стрит байсан нь АНУ-ын нэр хүндэд том цохилт боллоо. Энэ нь Америкийн банкуудын явуулсан гоомой бодлогоос сүрхий хохирол үзсэн хөгжиж буй орнуудад төдийгүй хөгжингүй эдийн засагт ч таагүй сэтгэгдэл төрүүлэв. “Эдийн засгийн энэ харилцан хамаарал, хил хязгааргүй байдал хэрэгтэй юм уу” гэх асуулт 2008 оноос хойш жирийн америк, европ хүмүүсийн толгойд орж ирэх болсон байна. Яагаад гэвэл баячууд улам бүр хожоод буй атал ажил, мөнгө биднээс холдож байна гэж тэд бодох болжээ. Зөвлөлтийн судлаач Фёдор Лукьяновын үзэж буйгаар хөгжингүй орнуудын хүн амын сэтгэл ханамжгүй байдал нэмэгдсэн нь нэг туйлт ертөнцийн төгсгөлийг урьдчилан тодорхойлсон гэнэ. 2008 оны хямралын дараа Вашингтоны байр суурийг дотроос нь ч, гаднаас нь ч бодлогын алдаанууд нь сулруулж байлаа. Тухайлбал, Ирак руу довтлохдоо гаргасан алдаа нь “Исламын улс” хэмээх дэлхийн түүхэн дэх томоохон алан хядагч байгууллагыг төрүүлсэн. Эцэст нь Афганистанд НАТО-гийн хийсэн интервенц 20 жил хүлээсэн үр дүнд нь хүрээгүйгээр барахгүй Өрнөдийн цэргүүд зугтаж, талибууд ялснаар дуусав.
Дональд Трамп гарч ирээд “Юуны урьд Америк” уриагаа хэрэгжүүлэхээр хүчлэн эрмэлзсэн нь ихэд суларч байсан АНУ-д үл итгэх үйл явцыг улам түргэсгэлээ. Тэрбээр АНУ-ын бараг гол түншүүдтэйгээ байгуулсан худалдааны хэлэлцээрийг эргэн нягталж, батлан хамгаалах болон Америкийн цэргийн баазуудыг нутаг дэвсгэр дээрээ байлгахад зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа шаардав. Өөрийн зорилгод АНУ-ыг ашиглахаас хэтрэхгүй байна хэмээн тэднийгээ зэмлэлээ. “Япон руу хэн нэг нь довтолбол бид дэлхийн III дайнд орж тулалдана, гэтэл бидэн рүү довтлоход Япон ирж туслах үүрэг хүлээгээгүй, тэд энэ үйл явдлыг “Sony” телевизээрээ хараад сууж байна” гэж Трамп тунирхсан юм.
Ардчиллын америк загвар төгс гэдэгт дотоодод нь ч эргэлзээ бий болов. 2020 оны тавдугаар сард цагаан арьст цагдаа нарын гарт өнгөт арьст Жорж Флойд гэгч амиа алдсан нь олон жил хуримтлагдсан арьсны өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй зөрчил дээр тос асгалаа. Америкийн олон зуун мянган иргэн “Хар арьстнууд амьд явах эрхтэй” гэсэн уриа барин эсэргүүцлээ илэрхийлж, энэ тэмцэл нь хүчирхийлэл, дээрэм, тонуул төдийгүй хүний аминд ч хүрсэн. Намуудын хагарал ч гүнзгийрч, тэмцэгчдийг АН-ынхан дэмжиж байсан бол бүгд найрамдахчууд уг хөдөлгөөнийг хүч хэрэглэсэн аюул занал гэж үзэж байв. АН-ын Жо Байденд Трамп ялагдсан Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулиар зөрчил улам бүр хурцдав. Трампыг эсэргүүцэгчид 2021 оны нэгдүгээр сард Капитолын дэргэд цугларч, уг цуглаан хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөн болж, улмаар хэдэн арван тэмцэгч Капитолын байранд дайран орж, хуралдааныг тасалдууллаа. Ардчилал нь бусдад үлгэр болохуйц гэдэгт олон америк хүн эргэлзэхээс аргагүй болсон юм. Трампын халааг авсан Байден нийгмийн хагарлыг гэтэлж, бүх америк хүний Ерөнхийлөгч байхаа амласан ч энэ зорилгодоо хүрч чадахгүй нь илт болж, хоёр Америкийн хоорондох зааг улам тодорсоор байв.
Улс төрийн дотоод хямрал, нийгмийн ноцтой хагарал АНУ-ын нөлөөг яалт ч үгүй сулруулж байлаа. Удахгүй болох Конгрессын завсрын сонгууль үүнийг улам гүзгийрүүлж, гэлээ ч Вашингтон тэргүүлэх байр сууриа хадгалахыг оролдсоор байх болно. Фёдор Лукьяновын тэмдэглэсэнчлэн АНУ-ын үүрэг түргэн унаж эхэллээ ч хуримтлуулах нөөц боломж нь асар их учраас нөлөөгөө удаан хугацаанд хадгална. Оросын эсрэг удаа дараа тавьж байгаа одоогийн эдийн засгийн хориг ч үүнд ихээхэн нөлөөлж буй. Гэхдээ АНУ дэлхийд тэргүүлэх эдийн засагтай, тиймээс түүнийг бууж өгнө гэж хэтрүүлж горьдох хэрэггүй гэв.
Тэглээ ч нэг туйлт загвар өөрийн төв болсон АНУ-ын байр суурь суларснаас болж л тогтвортой байдлаа алдаж буй хэрэг биш. Цоо шинэ тэрүүлэгч улсууд гарч ирж байгаатай ихээхэн холбоотой. Хүчний шинэ төвүүд болохын төлөө өрсөлдөгч улсуудын дуу хоолой мэдэгдэхүйц чанга сонсогдох болсон. Ийм дуу хоолойны хамгийн чанга нь Оросынх. Ингэж үзэх үндэслэл бий. Юуны түрүүнд ЗХУ нь саяхан болтол хэт их гүрэн байсан, ийм юм дотоодод, гадаадад ч хурдан мартагддаггүй. Хоёрт, Орост асар уудам газар нутаг (Евразийн гуравны нэг нь), нефть, хий, нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо түүнчлэн орчин цагийн аж үйлдвэрийн чухал түүхий эд болох өнгөт металлын нэг томоохон экспортлогч байх бололцоо олгох баялаг нөөц бий. Үүнээс гадна хүйтэн дайны 30 жилд Москва цэрэг, дайны хүчин чадлаа сэргээж чадсан төдийгүй технологийн хувьд зарим салбарт Вашингтоныг орхисон. Тухайлбал, дуунаас хурдан зэвсэг.
АНУ тэргүүлэх үүрэгтэй Умард Атлантын эвсэлд багтахыг Орос 20 жилийн өмнө эрмэлзэж байсан юм. Энэ асуудлыг Владимир Путин Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байхдаа буюу 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой ярилцаж байсан ч цаадах нь ихээхэн хүйтэн хандсан гэдэг. Энэ үеэс Орос, Өрнөдийн харилцаа даамжран хурцдаж, 2007 онд Путин Мюнхений бага хурал дээр үг хэлэхдээ АНУ тэргүүтэй нэг туйлт ертөнц бий болж, бусад улсын дотоод хэрэгт Вашингтон хөдлөнгөөс оролцож буйд шүүмжлэлтэй хандсан. Орос, Америкийн харилцаанд гол эмзэг цэг нь Европын аюулгүй байдлыг хангахтай огт холбоогүйгээр, харин ч эсрэгээрээ харилцан үл итгэлцлийг өдөөж буй НАТО-г дорно зүгт тэлэх бодлого юм.
Дэлхийн шинэ төв болохын төлөө тэмцэгчийн нэг нь Хятадыг гэж үзэж болохоор байна. Сүүлийн жилүүдэд тус улсын нөлөө үлэмж өсөж, Америкийн гол өрсөлдөгч болж буй. 2028 онд Хятад Америкаас түрүүлж, дэлхийн нэгдүгээр эдийн засаг болно гэж шинжээчид тооцоолж байна. Бээжинтэй хийсэн худалдааны дайны явцад Америкийн баялаг бүтээгчид олон тэрбум ам.долларын хохирол үзэв. Хятадын аварга эдийн засаг зөвхөн өрсөлдөгчтэйгөө тэмцэлдэхэд төдийгүй Зүүн Өмнөд болон Төв Ази, Ойрхи Дорнод, Африк, Латин Америкт олон шинэ холбоотонтой болоход нь Бээжинд тус болж байгаа. Эртний Торгоны замыг сэргээх сэдэлтэй Хятадын удирдагч Си Зиньпиний “Нэг бүс, нэг зам” санаачилга Евразийн орон зай дахь Бээжингийн геополитикийн байр суурийг улам бэхжүүлж буй. Дэлхийн тавцанд бас нэг тоглогч байгаа нь Энэтхэг. Хүйтэн дайны жилүүдэд энэ улс эвслийн зөрчилдөөнөөс хөндий байж, түүний хоёр төвийн хооронд тэнцвэртэй байр суурь баримталж ирсэн юм. Одоо ч зарим талаар энэ бодлогоо үргэлжлүүлж, Номхон далайн QUAD холбоонд АНУ, Япон, Австралитай хамт гишүүн хэвээр, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-т ч Орос, Хятадтай цуг байна. Дэлхийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд Энэтхэг өөрийн үүргийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа. Цөмийн зэвсэг, хүчирхэг арми, дэлхийн томоохон эдийн засгийн нэг нь, тэрбум гаруй хүн ам, бүс нутгийн хийгээд олон улсын үйл явцад үзүүлэх үлэмж нөлөө гээд тэргүүлэгч байхын төлөө тэмцэхэд шаардлагатай бүхэн Энэтхэгт байна. Шри Ланка, Бангладеш, Бутан, Непал, Мьянмар, Малдив гээд Азийн хил залгаа нэлээд улсын бодлогод Шинэ Дели идэвхтэй нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохоор өрсөлдөж, Хятадтай шөргөөцөлдөх болсон. Хятад, Энэтхэгийн хороонд олон жил үргэлжилж буй нутаг дэвсгэрийн маргаан үе үе зэвсэгт мөргөлдөөнд хүргэдэг. Энэ бүс нутагт сүүлийн жилүүдэд томоохон улсуудын үүрэг үлэмж өссөөр байгаа. Тухайлбал, Туркийн зарчимч байр суурь Финланд, Шведийг НАТО-д элсүүлэхийн тулд энэ хоёр дээр нэмээд АНУ-аар томоохон буулт хийлгэж, Украин-Оросын яриа хэлэлцээнд тус улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэв. Япон Улс АНУ-тай нэг эвсэлд багтдаг, олон талаар Вашингтоны улс төрийн чиг шугамыг дагадаг, цөмийн зэвсэггүй, НҮБ-д хориг тавих эрх эдэлдэггүй ч хүчирхэг армитай, дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ гуравт ордог юм. Дэлхийн супер их гүрэн болохын төлөө өрсөлддөггүй ч шинэ дэг журамд хүчний чухал төв болох нөөц боломжтой улс цөөнгүй бий.
Европын Холбоо цаашдаа одоогийн хэлбэр агуулгаа хадгалж байх, эсвэл Британийн араас бусад гишүүд нь үүдээ хаагаад явахыг хэлэхэд төвөгтэй. Энэ эвсэл эдийн засгийн хийгээд цэрэг, зэвсгийн хувьд Америкаас ихээхэн хамааралтай байдаг. Түүний аюулгүй байдлыг Америкийн цэрэг, цөмийн зэвсэг хангадаг. Тус холбооны гишүүн орнууд халдлагад өртвөл хамгаалах үүргийг АНУ хүлээдэг. Тийм болохоор Европ ойрын хугацаанд олон улсын бие даасан тоглогч болох магадлал тун хомс.
2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш дэлхийн хүчний харьцаа эрс өөрчлөгдлөө. Хүн төрөлхтөн олон замын уулзварт ирэв. АНУ, түүний холбоотнууд тэргүүлэх үүргээ алдахыг хүсэхгүй, 20-25 жил оршин тогтносон нэг туйлт ертөнцөө сэргээн тогтоох, хэвээр хадгалахыг эрмэлзэж буй. Вашингтон, түүний холбоотнууд цэргийн зардлаа нэмэгдүүлж, Австрали, Британи, АНУ-ын үүсгэн байгуулсан Номхон далайн түншлэлийн AUKUS шиг цэрэг-улс төрийн шинэ бүтцүүд бий болж байна. НҮБ зэрэг олон улсын байгууллага элэгдэж, хуучирч буй. Хуучнаараа амьдрах ирээдүй явцгүй болж буй нь илт. Цар тахал, Украин дахь дайн, Орос, Өрнөдийн эвлэршгүй байдал энэ бүхэн хуучин дэг журмыг ангалын ирмэгээс түлхчихлээ. Өрсөлдөөн, зөрчилдөөнгүйгээр бид оршин тогтнохгүйг түүхийн туршлага хэлээд байгаа.