Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний есөн сард 15.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс дөрвөн тэрбумаар өссөн дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 1-9 дүгээр сард 8.9 тэрбум орчим “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол импортод 6.3 тэрбумыг зарцуулжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Тайлант хугацаанд зэсийн баяжмал 1.1 сая тонныг нийлүүлсэн нь жилд 7.1 хувиар ахисан, төмрийн хүдэр 3.2 сая тонн, газрын тос 1.4 сая баррелийг борлуулсан нь 46.2, 62.4 хувиар буурсан дүн болжээ. Түүнчлэн гол нэрийн бараа болох автобензин 483 500 тонн, суудлын автомашин 51 700 ширхгийг импортолсон нь жилд дунджаар 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бол дизель түлш, ачааны автомашины худалдан авалт 5-11 хувиар багассаныг ГЕГ-ын тайланд дурджээ. Тэгвэл манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний борлуулалт 1-9 дүгээр сард нийт экспортын 50.5 хувийг бүрдүүлсэн аж. Энэ оны эхнээс аравдугаар сарын 6-ны байдлаар 19.5 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2021 оны мөн үеийнхээс 58.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв. Тус яамны тайлангаас харахад сүүлийн 21 хоногт, долоо хоног бүр нүүрсний борлуулалтын хэмжээ 1000 орчим тонноор нэмэгдсээр, энэ жилийн төлөвлөгөөнд хүрсэн аж.