-Төрийн өмчит компаниудын өрийг яагаад анхаарах шаардлагатай талаар тодруулна уу.
-Манайх улсын төсвөө хэлэлцэхдээ 14-15 их наяд төгрөг олох тухай ярьж байна шүү дээ. Гэтэл төрийн өмчит компани (ТӨК)-иуд багаар бодоход 7-8 их наяд төгрөгийн орлого олж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн талаас илүү хувьтай тэнцэх хэмжээний орлого, зарлага төсвөөс гадуур явж байгаа гэсэн үг. Хэрэв сонгодог утгаар нь авч үзвэл энэ бол компани, нэг хувьцаа эзэмшигч нь л төр. Тэгэхээр эдгээр компани өмчийн хэлбэр үл харгалзан бусад бүх аж ахуйн нэгжтэй яг адил өрсөлдөж, ногдол ашгаа төрд хуваарилаад явдаг сан бол их зүйл ярих шаардлагагүй. Гэвч ТӨК-иуд яг Засгийн газрын байгууллага шиг ажиллаж байгаа. Тэдний өрсөлдөөний боломж, орчин нь өөр болж байна. Ихэвчлэн уул уурхай, эрчим хүч гэсэн онцгой салбарт ажиллаж, шаардлагатай бол төрөөс татаас авч, батлан даалгаж, нийгэм, төсвийн шинжтэй зардлуудыг гаргаж буй. Тэр бүхэн төсөв рүү ордоггүй. Улсын төсвөө жил бүр УИХ-аар сарын хугацаанд хэлэлцэж, хэрүүл хийн баталж байгаа атлаа бараг төсөвтэй ижил төсөвт анхаарал, хяналт сул байна шүү дээ.
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас хара хад тэдгээр аж ахуйн нэгж маш их хэмжээний буюу 16, 17 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Уг хөрөнгийг бизнес утгаар нь авч үзвэл үр ашиггүй ашигладаг гэж дүгнэсэн байна лээ. Том зургаар нь харвал ийм. Товчхондоо, нэгдүгээрт, ТӨК-иуд үр ашиг муутай, хоёрдугаарт, санхүүгийн байдал нь эмзэг болж, өр, зээл нь ихсэхийн хэрээр Засгийн газар, улсын төсөвт эрсдэл үүсэх магадлалтай. “Улаанбаатар төмөр зам”-ын өрийг төсвөөс хаая гээд нэг удаагийн хууль баталсан. Хэдэн жилийн өмнө “Шивээ-Овоо”-д татаас өгсөн. “Эрдэнэс Монгол”-ын засаглалыг сайжруулахаар Азийн хөгжлийн банкнаас батлан даалттай зээл авсан гэхчлэн жишээ цөөнгүй. Энэ нь ТӨК-иуд төрд буюу төсөвт санхүүгийн дарамт үүсгэж байна. Үүнийг нь болзошгүй өр төлбөр гэж ярьж буй. Энэ нь тодорхой нөхцөл бүрдвэл болзолт өр төлбөр болно. Тийм жишээ олон улсад цөөнгүй бий. Тухайлбал, Шинэ Зеланд, Хятадад уул уурхайн компани нь маш амжилттай ажиллаж буй мэт харагдаж, томоохон, олон орд эзэмшиж байснаа дампуурчихдаг. Улмаар төрдөө маш их эрсдэл үүсгэдэг. 2000-аад оноос хойш уул уурхайн бүүм, шинэ цикл эхэлсэнтэй холбоотойгоор төр энэ салбарыг сонирхож, ТӨК-ийн тоо ч олширсон. Одоо манай эдийн засагт ТӨК-иудын оролцоо маш их болчихоод байна л даа.
-Эдгээр компанийн үйл ажиллагаанд ямар, ямар гажуудал байна вэ?
-Сонгон судалсан 10 компанийн нийт өр төлбөр 2021 оны эцсийн байдлаар 6.45 их наяд төгрөгт хүрсэн нь манай улсын ДНБ-ий 15 орчим хувьтай тэнцэх дүн. Олон улсад эл үзүүлэлт дунджаар долоон хувь байгаатай харьцуулахад хоёр дахин өндөр юм. Зарим компанийнхан 2020, 2021 оны үйл ажиллагаанд нь цар тахал нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, төлбөрөө урьдчилж авсан ч бүтээгдэхүүнээ гаргаж чадаагүй гэсэн. Урьдчилсан орлого нь өр төлбөрт орно. Энэ мэтчилэн тайлбар хэлснийг ойлгож болно. Гэхдээ бид зөвхөн нэг жилийн үзүүлэлтийг авч үзээгүй, дөрөв, таван жилийн трендийн тухай ярьж буй учраас тоо төчнөөн өссөн гэхээс илүүтэй ерөнхий хандлагыг нь харж байгаа юм. Компаниудын өр төлбөр яалт ч үгүй нэмэгдэх хандлагатай байна. 10 компанийн ес нь богино хугацаанд өр төлбөрөө төлөх чадвар сул байх жишээтэй. Бэлэн мөнгө сайтай ганц байгууллага нь “Монголросцветмет” байсан. Өр төлбөрийнх нь нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа гэх компаниуд бий. Магадгүй 6.45 их наяд төгрөгийн өр төлбөрийнх нь хэмжээ багасаж, дөрөв, таван их наяд болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бодлогын алдааг нь хэлэх гэсэн хэрэг. Энэ нь хэд хэдэн зүйлээс шалтгаалж буй. Нэгдүгээрт, ТӨК-иуд өр төлбөр гэдэгт зөвхөн зээлийг л хамааруулж байгаа. ТӨК-иуд янз бүрийн хэлбэрээр өр үүсгэдэг. Түүнд нь ямар нэгэн хязгаар, хяналт тавьдаг тогтолцоо хэрэгтэй. Хөгжиж буй, компанийн засаглал сул орнуудад ТӨК-иудын зээлийнх нь харьцаануудад шууд хязгаар тавьдаг, эсвэл компаниуд нь өр тавихын тулд зөвшөөрөл авдаг тогтолцоо бий. Монголд ТӨК урт хугацааны зээл авбал Сангийн яамнаас зөвшөөрөл олгох ёстой гэсэн зохицуулалт бий ч хэрэгжилт нь хангалтгүй. Өр төлбөр гэдэгт зээлийг л тооцмооргүй байна. Зөвхөн төрийн өмчит биш, төрийн өмчийн оролцоотой компани, эсвэл төрийн өмчит үйлдвэрийн газар байвал яах вэ гэдэг асуулт гарна. Тиймээс хуульд энэ талаар нарийвчлан тусгах учиртай. Компанийн засаглал сайтай, ялангуяа Европын орнуудад өрийн дээд хязгаар тавих эрх мэдлийг ТУЗ-д олгодог. Өөрөөр хэлбэл, ТУЗ нь компанийн засаглалын эрхийг хэрэгжүүлэн, санхүүгийн эрсдэлээ хянаж, өр, зээлд нь хязгаар тавьдаг. Харин манайд ТУЗ-ийн дарга, гишүүдийн чадавхыг харвал хараат бус, мэргэжлийн байж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
-Судалгаанд хамруулсан 10 компанийн хэд нь ТУЗ-тэй байв?
-Зургаа нь ТУЗ-тэй гэсэн ч заримынх нь бүтэц, бүрэлдэхүүнийх нь талаарх мэдээлэл огт байгаагүй. Нөгөөтээгүүр, ТӨҮГ-уудад ТУЗ огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийг энд дурдаж болно. Төрийн өмчийн оролцоотой ХК, ХХК уг нь ТУЗ-тэй байх ёстой. “Эрдэнэс Монгол” 20 гаруй охин компанитай. Тэдгээрийн заримынх нь ТУЗ-ийн эрх мэдлийг “Эрдэнэс Монгол” давхар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл тус компанийн ТУЗ-д одоо хэн багтаж, ямар дүрэм, журмаар ажилладаг, дэргэд нь Аудитын хороо юм уу, ямар нэгэн дотоод хяналтын бүтэц ажилладаг эсэх, хэрэв бий бол хэн хэн багтдаг, эрсдэлийн удирдлагын ямар дүрэм, журамтай талаарх мэдээлэл нь ил тод биш. ТУЗ-д хэнийг томилж буй нь ойлгомжгүй, хааяа тийм хүнийг томиллоо гэсэн мэдээлэл цацагдаж байгаа нь улс төрийн шалгуураар сонгосон байх өндөр магадлалтайг харуулдаг.
-Та бүхэн судалгаандаа зөвхөн нээлттэй мэдээлэл ашигласан уу?
-Тийм ээ, мөн шаардлагатай тохиолдолд тодруулга авахаар компаниуд руу захидал бичихэд цөөн нь хариу өгсөн бол зарим нь хариулаагүй. Зарим компанийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл авсан. Ер нь ТӨК-иудын мэдээлэл нээлттэй ил тод биш, судлаач, олон нийт үүнийг нь хэлэлцэх боломжгүй нь ажиглагдсан.
-ТӨК-иудын ТУЗ-тэй холбоотой ямар дутагдал анзаарсан бэ. Тухайлбал, Аудитын хороогүй байсан юм байна.
-Хамгийн наад зах нь ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нь мэдчихмээр байна. 10 компанийн хоёрынх нь л ТУЗ-д хэн багтдаг талаарх мэдээллийг цахим хуудаснаас нь харах боломжтой байсан. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийнхыг мэдэж болохоор байсан бол “Эрдэнэс Монгол”-ынх хагас дутуу байна. Хүмүүс нь солигдсон атлаа мэдээллээ шинэчлээгүй. “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн ТУЗ-ийн зарим хүний нэр бий ч 2017, 2018 оноос хойш шинэчлээгүй байх жишээтэй. Гэтэл түүнээс хойш ТУЗ-ийнх нь бүрэлдэхүүн хэд хэдэн удаа солигдсон шүү дээ.
-“Шивээ-Овоо” компанийн ТУЗ-ийн 18 гишүүний ердөө дөрөв нь хараат бус гишүүн байжээ. Уг нь Компанийн тухай хуульд зааснаар ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус байх ёстой. Ер нь гадаадын орнуудад ТӨК-иудынх нь ТУЗ хэрхэн ажилладаг бол. Тэдний ямар стандарт, шалгуурыг манайд нэвтрүүлэх нь зүйтэй гэж санагдав?
-ТУЗ-ийн дарга, гишүүдийг улс төрийн нөлөөгүй, мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлж, тэд хараат бус ажиллаж чадаж байна уу гэдэг л хамгийн чухал. Манайд ТУЗ-ийн гишүүдийг ихэнхдээ яамдаас томилдог. Томоохон компаниудын хараат бус гишүүнээр өмнө нь улс төрийн намд ажиллаж байсан хүмүүсийг томилчихсон нь анзаарагддаг. Улмаар тэд Засгийн газраас хэдийн гаргачихсан шийдвэрийг л баталгаажуулдаг болчихоод байна. ТУЗ-ийн гишүүдээс гадна гүйцэтгэх захирлын талаар ярих шаардлагатай. Уг албан тушаалд салбараа мэддэг, туршлага, боловсролтой хүнийг сонгомоор байна. 10 компанийн долоогийнх нь гүйцэтгэх захирал МАН, АН-д улс төрийн өндөр албан тушаал хашсан, нөлөө бүхий хүмүүс байсан.
-ТӨК-иудын бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нь урьдчилж авхуулаад, халамж болгоод тараачихдаг. Тэгэхээр улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа гэж хэлж болмоор юм шиг. ТӨК-иудыг төр дур зоргоороо ашиглаж буй талаар та бүхэн ч дурдсан байна лээ.
-Компаниуд өр тавьж болно. Гагцхүү түүнээс өгөөж олох ёстой. Гэтэл манайд өр тавьж олсон мөнгийг нэг бол Засгийн газраас нийгмийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эсвэл томоохон төслүүдэд зориулж буй юм шиг боловч ТЭЗҮ нь тодорхойгүй, тухайн компанид ямар ч ашиггүй байгаа нь анхаарах ёстой асуудал. “Эрдэнэс Тавантолгой” хоёр их наяд төгрөгийн бонд арилжихаар захиалга авч, 1.5 их наядын хөрөнгө босгосон байх. Мөн зарах нүүрснийхээ орлогыг урьдчилаад авчихсан. 2021 оны байдлаар бараг 900 тэрбум төгрөгийн урьдчилж авсан орлого тайлагнасан. Сүүлийн үед төсөв хэлэлцэх үеэр сайд, дарга нар “Хил, гаалийн хязгаарлалт суларч, нүүрсний экспорт нэмэгдэхээр доллар орж ирнэ гэсэн чинь үгүй байна. Орлогоо хэдийн урьдчилж аваад үрчихэж” гэж ярьж байна шүү дээ. Сангийн сайдын өгүүлснээс харахад урьдчилж олсон орлогодоо дүйцүүлэн нүүрсээ нийлүүлж дуусаагүй байгаа юм билээ. Үүнээс гадна жишээлбэл, төмөр замын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уурхайн аман дээрээс “Бодь интернэшнл”-д нүүрс өгнө, тус компани цааш нь борлуулж, төмөр зам барихад зориулсан зардлаа олж авна гэх мэтчилэн off-take гэрээ бий гэдэг. Ер нь зургаа, долоон ийм гэрээ байдаг гэх нь ч бий. Түүнийгээ улсын нууцад авчихсан гээд байгаа. Яагаад нүүрс авах, зарах гэрээ нууц байх ёстой гэж. Энэ бол нээлттэй байх ёстой асуудал.
Төсвөөс гадуур, мөн төсвийн шинжтэй, Засгийн газрын хийх ёстой ажлыг ТӨК-иудаар санхүүжүүлж байгаа нь ч буруу. “Эрдэнэт үйлдвэр”-ийг айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төл гэх жишээтэй. Уг нь тус үйлдвэр үнэхээр ашигтай ажилласан бол ашгаа Засгийн газарт өгөөд, Засгийн газар тэр мөнгийг нь ард түмэндээ халамж үзүүлэхэд зарцуул л даа. Төсөвт огт “оруулалгүйгээр” цахилгааны төлбөр төлчих гэж байгаа. Гэтэл үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ногдол ашиг өгсөнд тооцох уу, эсвэл нийгмийн халамжийн зардалд тооцох уу гэсэн асуулт гарна. “Эрдэнэс Тавантолгой”-г маш олон төсөлд хөрөнгө оруул гэж байна. Газрын тос дамжуулах хоолойд хөрөнгө оруул, нүүрсээрээ төл гэчихдэг. Гэтэл тус компанийн үндсэн бизнестэй энэ нь ямар ч хамааралгүй, түүнээс ямар ч мөнгө тэднийд орж ирэхгүй. “Тавантолгой түлш” компани шахмал түлшээ хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд борлуулж байгаа. Тухайн компани шахмал түлшээ өртгөөр нь хүмүүст зарж байгаа тул ямар ч ашиггүй бизнес. Тус компанид 250 тэрбум төгрөг өгөх үүргийг бас л “Эрдэнэс Тавантолгой”-д даалгачихаж байгаа юм.
-Компаниудын үйл ажиллагаатай холбоотой ямар мэдээллийг цаашид ил тод болгох хэрэгтэй вэ?
-Засаглал, ТУЗ-ийн мэдээллээс гадна санхүүгийн тайланг илүү ил тод болгох хэрэгтэй. Шилэн дансны тухай хуульд заасны дагуу ТӨК-иуд тайлангаа шилэн дансанд байршуулсан гэдэг ч дийлэнх нь ерөнхий мэдээлэл л оруулж байгаа. Тиймээс тайлангийнх нь агуулга, чанарыг ярих хэрэгтэй. Маш товч тайлан байршуулчихаад “Тодруулга” хэсэг буюу нэмэлт мэдээлэл нь байдаггүй. Жишээлбэл, хоёр, гурван их наяд төгрөгийг “бусад өр төлбөр” гээд оруулчихдаг. Үүний цаана хэнд, ямар хэмжээний өр үүсгэсэн нь тодорхойгүй. Тухайлбал, үүнд нүүрсний урьдчилсан орлогоо оруулчихдаг. Компаниудын тайланг аваад үзвэл 6.4 их наяд төгрөгөөс хамаагүй бага буюу нэг их наяд гаруйн өртэй гэж бичсэн байгаа юм. Тэгвэл бараг гурван их наядын өр төлбөрийг бусад, урт болон богино хугацаат өр төлбөр гээд оруулчихсан байсан. Товчхондоо, “бусад өр төлбөр”-т оруулаад “далдалчихсан” хэ рэг. Тэгэхээр санхүүгээ бүрэн гүйцэд тайлагнах шаардлагатай. Уг нь хуулийн дагуу хэр хугацаатай зээлийг хаанаас, ямар валютаар авсан, хэзээ төлж барагдуулах, хүүгийн нөхцөл, эдгээртэй холбоотой гарсан шийдвэрүүд нь ч ил байх ёстой. Ямартай ч Шилэн дансны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа гэж сонссон. Үүнээс гадна компаниуд шилэн дансанд мэдээллээ оруулахдаа хүн хайж олоход хэцүү, хэдэн pdf файл байршуулчихдаг. Тоон үзүүлэлтэд шинжилгээ хийхэд зориулж өөр форматаар оруулмаар байна шүү дээ. Наад зах нь хугацаагаар нь татаж аваад, шинжилгээ хийх боломжтой байх ёстой. Мөн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах болон ханган нийлүүлэлтийн гэрээ ил тод байх нь чухал. Үүнийг ил болгохгүй аваас цаана нь авлигын маш том эрсдэл байх магадлалтай.
-Зарим компанийн хувьд өөрийн хөрөнгийг давсан өртэй байгаа. Гэтэл судалгаагаар удирдлагын зардал өндөр гэж гарч. Энэ талаар дэлгэрүүлнэ үү. ТӨҮГ-ын дарга төдөн төгрөгийн урамшуулал авсан, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн хэдэн мянган долларыг төлүүлсэн гэх яриа гарч байсан шүү дээ.
-Эдгээр компанийг аваад үзэхэд ерөнхий удирдлагын, борлуулалтын болон “бусад” гэж ангилсан зардал зургаан компанийн (“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Монголросцветмет”, “Багануур”, “Шивээ-Овоо”) нийт борлуулалтын 22.2 хувийг эзэлсэн. Зарим компанийн хувьд эл хувь бүр 30 байсан. 22.2 хувь гэдэг нь олон улсын дунджаас хоёр дахин их учраас удирдлагын зардал өндөр байна гэж хэлсэн хэрэг.
-10 компанийн дунд өрөө төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй аж ахуйн нэгж бий юү?
-Есөд нь богино хугацааны эрсдэл бий. Энэ нь дефолт буюу дампуурлын эрсдэлтэй гэсэн үг биш, ерөнхийдөө эмзэг байгаа гэсэн үг. Урт хугацаат өр төлбөрийн хувьд яг үнэндээ дампуурчихсан, татаасаар ажиллаж буй гурван ч компани бий гэхэд болно. Тэдгээрээс гадна “Эрдэнэс Монгол” нэг их наяд гаруй төгрөгийн өртэй. Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй энэ нь холбоотой. Уг өрөө “Эрдэнэс силвер ресурс”-ээр төлүүлнэ гэж байгаа ч тийм хэмжээнд ашигтай ажиллаж чадах, эсэх нь эргэлзээтэй. “Эрдэнэс Монгол” өөрийн орлогоороо үүнийг төлж чадахгүй. Тэгэхээр тэр өрийг хэзээ нэгэн цагт Засгийн газар хааж таарна. Уг өрийг “Эрдэнэс силвер ресурс”-ээс авах авлага гээд биччихээр “Эрдэнэс Монгол” балансын хувьд аятайхан харагдчихаж байгаа юм. Гэвч энэ бол авлага биш, хөрөнгө оруулалт.
-Монгол Улс ирэх жилүүдэд хэд хэдэн бондын төлбөр төлөх хуваарьтай. Гэтэл ТӨК-иудын өр нэмж эрсдэл учруулахуйц нөхцөл байдал үүсгэж болзошгүй нь, тийм үү?
-Ийм эрсдэл үүсэж болзошгүй. Албаны хүмүүс “Энэ бол Засгийн газарт хамаагүй. Батлан даалт байхгүй” гэж тайлбарладаг. Хэдийгээр Засгийн газар тухайн ТӨК-ийн зээлд батлан даалт гаргаагүй ч болзошгүй өр төлбөрт хамааруулдаг. Засгийн газрын эзэмшиж буй компани дампуурч, хөрөнгө нь үнэ цэнгүй боллоо гэж бодъё. Ийм тохиолдолд тухайн компанийн хөрөнгө, ордыг нь ч юм уу зарж байж өрөө төлөх ёстой болно. Тэгэхээр нэгдүгээрт, өмчөө хямд үнээр алдах эрсдэл Засгийн газарт үүснэ. Хоёрдугаарт, төр өөрөө зээлдүүлэгч байх нөхцөл бий. Хөгжлийн банкны зээлийн багцын маш өндөр хувь нь ТӨК-иудад ногдож байгаа. Гуравдугаарт, Засгийн газар олох орлогоо төлөвлөөд, төсвийн төсөөлөлдөө тусгадаг. Тэр орлого тасалдвал төсөв дарамтад орж, түүнийг нөхөхийн тулд Засгийн газарт зээл авах шаардлага тулгарна. Тиймээс бидний зүгээс өгч буй зөвлөмж бол ТӨК-иудын өр төлбөрийг болзошгүй гэдэг ангилалд оруулах ёстой. Түүнийгээ оруулж бүртгээд, эрсдэлийнхээ хязгаар, хүрээг томоор хараач ээ гэж хэлж буй хэрэг. Үүний тулд ТӨК-иудын өрийг Засгийн газрын нийт өрийн бүртгэлд оруулдаггүйг өөрчлөх шаардлагатай.
-ТӨК-иудаас үүдэлтэй эдийн засгийн болон төсвийн хямрал бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн зөвлөмж өгснөө дэлгэрүүлнэ үү.
-УИХ, Засгийн газар, компаниудыг шууд удирдаж байгаа яамд болон ТӨБЗГ-т хандан бид зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт, хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. ТӨК-ийн олон статус байна, засаглал нь тодорхойгүй, тэдгээрийн өрийг Засгийн газар батлан даагаагүй л бол хяналтаас гадуур байх нөхцөл байдал бий учраас тэр. Мөн одоогийн мөрдөж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай. Санхүүгийн тайлангаа өөр өөр гаргадгийг болиулах хэрэгтэй. Монгол Улс тайлангийн нэгдсэн стандарттай гэдэг ч олон улсын түвшинд аудит хийгээд үзвэл ойлгомжгүй, бүрхэг зүйл маш их. Иймээс уул уурхайн томоохон компаниудын санхүүгийн тайланд хийж буй аудитыг сайжруулах нь зүйтэй. PwC, KPMG, “Ernst & young” зэрэг олон улсын аудитын томоохон компаниар хийлгүүлж байж тайлагнал нь стандартад нийцнэ. Одоо бол зөвхөн Үндэсний аудитын газар, эсвэл уг байгууллагаас томилсон компани аудит хийж байгаа. Гэтэл Үндэсний аудитын газрын хүн хүчийг аваад үзвэл төрийн байгууллагуудын төсөв, санхүүгээс гадна төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой 467 компанид аудит хийх потенциал байхгүй. “Өнгөн хэсгийг” нь л харж байгаа. Ташрамд дурдахад, Компанийн тухай хуульд зааснаар аль компаниар аудит хийлгэхийг тухайн аж ахуйн нэгжийн ТУЗ, түүний дэргэдэх Аудитын хороо сонгон шалгаруулна гэсэн байдаг.
Монгол Улс томоохон төслүүдээ ТӨК-иудаар дамжуулж хэрэгжүүлж буй. Гэтэл тэдгээр нь засаглал муутай, улс төрийн намын “халаас”-нд явсан хэвээр байвал байгалийн баялгаасаа үр ашиг хүртэж чадах нь эргэлзээтэй. Ер нь бид чөлөөт, ардчилсан зах зээл рүү яваад байгаа юм уу, state capitalism руу яваад байгаа юм уу гэсэн асуулт дагуулж байна. Зарим улсад, тухайлбал, Чили, Норвегт сайн ажиллаж байгаа ТӨК-иуд бий гэж ярьдаг. Гэтэл төрд компани байснаараа муу ажиллаж буй тохиолдол олон. Хэрэв стратегийн ордуудыг эзэмшдэг ТӨК-тай байя гэж буй бол тоог нь аль болох цөөн, сайн засаглалтай, нээлттэй хувьцаат компани болгон “задлах” хэрэгтэй. Төр бус, олон нийт хувьцаа эзэмшиж, хувийн хөрөнгө оруулагчид мөнгөө оруулдаг байх ёстой. Зөвхөн төрөөс хишиг тараадаг биш, засаглал нь нээлттэй, “тунгалаг” байсан тохиолдолд л ТӨК урт настай байна.