Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагдсан "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч" шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө. Нас зүс, цолоороо ижил залуус цэрэгжлийн 8 төрөлд шударгаар өрсөлдөж, нэг жилийн хугацаанд сурч мэдсэнээ сорьцгоосон. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, норматив, буудлага гэх мэт найман төрлөөр өрсөлдөж, түрүүч, байлдагч тус бүрдээ аваргуудаа тодруулав. Хил хамгаалах байгууллагаа төлөөлөн оролцсон хилийн цэргийн 0151 дүгээр ангийн дэд түрүүч Б.Тэмүүжин наймдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн бол хилийн цэргийн 0164 дүгээр ангийн байлдагч Э.Алтан-Эрдэнэ гуравдугаар байр эзэллээ. Мөн байлдагч Э.Алтан-Эрдэнийг өгөгдсөн даалгавар, нормативыг онц биелүүлснийг нь өндрөөр үнэлж “Тамирчин дайчин”, “Онц сурлагатан” тэмдгээр шагналаа.
"Цэргийн мэргэжлийн аварга түрүүч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэд түрүүч Б.Гантөгс, дэд байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч дэд түрүүч О.Батболд, гутгаар байрт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч түрүүч Э.Төгөлдөр нар шалгарч, бусдыгаа манлайлав.