Оросын Холбооны Мөрдөх (ХМТ) товчооны дарга Александр Бастрыкин тус улсын төрийн тэргүүн Владимир Путинд Крымийн гүүрэн дээр гарсан халдлагын талаарх дэлгэрэнгүйг танилцуулжээ.
Бастрыкины хэлснээр уг халдлагыг Украины тусгай алба зохион байгуулсан нь эргэлзээгүй, түүгээр ч зогсохгүй ОХУ болон гадаадын иргэд оролцсон байна.
“Бид дэлбэрэлт болсон ачааны машины чиглэлийг тогтоосон. Ачаа Болгар, Гүрж, Армен, Хойд Осет, Краснодараар дэмжсан байна. Тээвэрлэгч компаниудыг ч тодруулсан. ХМТ-ны ажилтнуудын тусламжтайгаар халдлагыг бэлтгэсэн байх магадлалтай хүмүүсийн дундаас сэжигтнийг илрүүлээд байна” гэж тэрбээр онцолжээ.
Хэвлэлд мэдээлснээр энэ ажиллагаанд хоёр хүнд даацын машин оролцсон байна. Тус бүр нь 9 ширхэг хуйлсан гялгар хальстай нийт 22 тавиур (нэг тавиур нь нэг тонн орчим жинтэй) бүхий ачаа Болгараас Гүржийн Поти боомтод далайгаар ирсэн байна.
Дараа нь ачааг гадаад дугаартай ачааны машинд ачиж, жолооч нь үйлчлүүлэгчтэй WhatsApp-аар холбогджээ. Үйлчлүүлэгч нь Украины иргэн аж. Тус машин Потигээс Армен руу явсан бөгөөд тэнд гаалийн холбооны дүрмийн дагуу ачааг шалгасан байна. Тус замыг Орос руу зорчиж буй ачааны машины хувьд ердийн, сэжиггүй зам гэж үздэг.
Ачааны машин Дээд Ларс шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрчээ. Армавир хотод ачааг өөр машинд ачиж, Крымийг чиглэн явсан байна.
Тэсрэх бодисыг хуйлсан гялгар хальсанд ямар нэгэн тусгай аргаар суурьлуулсан бололтой. Учир нь рентген зураг дээр ямар нэгэн сэжигтэй зүйл харагдахгүй байсан аж.
Ачааг анхлан Болгарт хийсэн байна. Эндээс үзэхэд халдлагыг зохион байгуулахад Украинаас гадна өөр бусад орны тусгай албад оролцсон байж магадгүй.
Эхний ачааны машины жолооч одоо мэдүүлэг өгч байгаа гэнэ. Хоёрдахь ачааны машины жолооч шиг тэрбээр юу тээврлэж байгаагаа мэдээгүй бололтой.
Бямба гарагийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан юм. Кремль үүнд Украины тусгай албаныхан оролцсон гэж үзэж байгаа бол Украины тал одоогоор дуугүй байна.