Ипотекийн зээлийг зогсоосон, ирэх онд ч олгохгүй хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Эл мэдээллийн мөрөөр Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдтой ярилцлаа.
-Ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Уг зээлийг олгож эхэлснээс хойш хэчнээн хүн орон сууцтай болсон бэ?
2008 оноос иргэд арилжааны банкуудаас жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч орон сууц авдаг байсан. Харин 2012 оноос Засгийн газар, Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2013 оны 5 дугаар сараас иргэдэд ипотекийн зээлийг найман хувийн хүүтэйгээр олгох ажлыг зохион байгуулж, Монголбанкнаас санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, жилдээ 800 тэрбум төгрөгийг зээлийг иргэдэд олгож, 9000-10 000 хүн зээл авдаг болсон. Гэвч 2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, Монголбанкийг төсвийн чанартай зээлийг санхүүжүүлэх нь үндсэн чиг үүрэгт нь тохирохгүй гэх шаардлага тавьсан. Үүний дагуу Монголбанкны санхүүжилтийг зогсоосон. Эл шийдвэртэй холбоотойгоор ипотекийн зээлтэй холбоотой оролцогч талуудын дунд ажлын хэсэг байгуулж, ипотекийн зээлтэй иргэдийн эргэн төлөлтөөс санхүүжилт гаргах хувилбар гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэдээс орж ирсэн орлогыг дараа жил нь буцааж, зээлийн эх үүсвэр болгон иргэдэд зээлсэн. Гэхдээ өмнөх жилүүдэд 800 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулж гаргадаг байсан бол 2017 оноос 300 тэрбум төгрөг болж буурсан. Тиймд улсын төсвөөс нэмж 100 тэрбум төгрөг гаргасан. Тухайн онд нийт 400 тэрбум төгрөгийг 6000 гаруй иргэдэд ипотекийн зээл хэлбэрээр олгосон. 2018 онд ч эргэн төлөлт буурч жилд 4800-5500 зээлдэгчид 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
- 800 тэрбумын зээл олгож байсан бол 400 тэрбум болтлоо буурчээ. БХБЯ-наас ямар арга хэмжээ авсан бэ?
-Монголбанкнаас гаргадаг байсан эргэн төлөлтийн эх үүсвэрийн мөнгөний хүүг нь бууруулсан. Нөгөө талдаа арилжааны банкуудын эх үүсвэрийг татаж оруулсан. Улмаар дээрх хоёр эх үүсвэрээ нэг сагсанд оруулж, иргэдэд ипотекийн зээл хэлбэрээр гаргаж эхэлсэн. Үр дүнгээ өгч 2020 онд 5000 гаруй иргэнд ипотекийн зээл олгосон. 2021 оноос “Ковид-19”-ийн нөхцөл байдал хүндэрсний улмаас Засгийн газраас 10 их наядын төлөвлөгөөг боловсруулсан. Ингэхдээ Монголбанк болон Сангийн яамтай хамтраад барилгын салбарыг унагахгүйн тулд ипотекийн зээлд хоёр их наядын зээл тусгасан. Үүний нэг их наядыг нь 2021 онд иргэдэд олгохоор төлөвлөсөн. Тодорхой хэлбэл, 13 292 зээлдэгчид нэг их наядын ипотекийн зээл олгосон. Маш олон иргэд зээлээр байр авсан. Дээр нь барилгын салбарынхны банкан дахь чанаргүй зээл буурсан. Банкуудаас эргээд зээл ч их гаргаж, барилгын компаниудад өгсөн. Олон давуу тал авчирсан.
-Энэ онд ипотекийн зээлийг хэрхэн олгов?
-Үлдсэн нэг их наяд төгрөгийг хоёр хувааж буюу 2022, 2023 онд иргэд олгохоор төлөвлөсөн. 2022 онд есдүгээр сарын байдлаар 501 тэрбум төгрөгийг 5573 зээлдэгчид олгоод байна. Хүсэлт гаргасан иргэдийн тоо 2022 оны төгсгөлд 6000 давах байх. Үүнийг 2018, 2019, 2020 оны дүнтэй харьцуулбал сүүлийн жилүүдэд зээл олголт өссөн.
-Зээл тодорхой хэмжээнд гарчээ. Гэхдээ зорилтот бүлэгтээ хүрээгүй гэх гомдол гарсан шүү дээ?
-Зарим иргэн байртай мөртлөө томсгохын тулд зарж, дахин зээл авах хүсэлт гаргаж эхэлсэн. Тухайлбал, 60 ам метр талбай бүхий байртай иргэд орон сууцаа томсгож, 80 ам метр болгох гэж зээлийн хүсэлт гаргасан. Уг нь хөтөлбөрийн зорилго нь орон байргүй иргэдэд хүрэх ёстой. Гэтэл орон байраа томсгох, сайжруулах гэсэн иргэд зээл авах нь нэмэгдсэн учраас зээлийг тодорхой хэмжээнд хумих нь зөв гэж үзэж байгаа. Цаашдаа ипотекийн зээл олгох журмыг илүү сайжруулж зорилтот бүлэгт нь хүргэхэд анхаарах болно. Өөрөөр хэлбэл, анх удаа орон сууц авах хүсэлт гаргасан иргэнд зээл түлхүү олгох асуудал ярьж буй. Гэхдээ банкуудтай зөвшилцөх асуудал бий.
-Одоо гол нь ипотекийн зээл гарч байгаа юм уу?
- Сүүлийн 10 хоногт гэхэд 24.3 тэрбум төгрөгийн зээлийг 267 зээлдэгчид олгосон байна. Тиймээс зээл гарахгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл юм. Банкуудаас сар бүр тайлан тоо ирүүлж, тэр хэрээрээ санхүүжилт авч зээл гаргадаг. Өнгөрсөн жил гурван хүн зээлийн хүсэлт гаргахад боломж нь байвал хоёрт нь олгож байсан. Энэ жил хүсэлт гаргасан гурван хүний нэгт нь зээл олгож, нөгөөг нь хүлээлгэд оруулж, үлдсэнийг боломжгүй бол илүү хойшлуулж шийдэж буй. Тиймээс иргэд зээл олгохгүй байна гэдэг яриа гаргасан болов уу.
-Одоо хүлээлгэнд хэчнээн хүсэлт гаргасан иргэн байгаа вэ?
-Энэ жил хүсэлт өгсөн иргэдээс 501 тэрбум төгрөгийн зээлийг 5573 иргэнд олгосон бол судалгаанд 3000 иргэний зээлийн хүсэлт хүлээгдэж байна.
-2023 онд ипотекийн зээлийг олгох уу, үгүй юм уу?
-Ер нь ипотекийн зээл олгоно, зогсоогоогүй. Гол нь санхүүжилтийн хэмжээ эргэн төлөлтөөс хамаарна. Иргэд мэдэж байгаа ипотекийн зээлийн эргэн төлөлт сүүлийн жилүүдэд хойшилсон шүү дээ. Хүмүүс мөнгөө төлөхгүй бол дараагийн хүнд очих санхүүжилт хумигдана л гэсэн үг. Өмнөх зээлдэгч эргэн төлөлтөө сайн хийвэл дараагийн хүлээж буй иргэний зээл гарна гэсэн үг.