Их, дээд сургуулийг хотоос гаргахад эхний ээлжинд 35-50 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Гэвч эл ажлыг хийхдээ заавал төсвөөс биш өөр арга замаар шийдвэрлэхээр судалж буйгаа сайд Л.Энх-Амгалан онцлов. Өнөөдрийн байдлаар хөдөөгийн их, дээд сургуулиудын хичээлийн болон дотуур байруудын ашиглалтыг сайжруулахаар 2022 онд 12 тэрбум төгрөг тусгасан байна.
Их дээд сургуулиудыг хотоос гаргах оролдлого өмнө нь хийгдэж байсан ч бүтэлгүйтсэн тохиолдол бий. Тиймээс механик шилжилт хийх нь буруу гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улмаар цогцоор нь харах буюу сургууль, хөтөлбөр, оюутан, багшийг хамтад нь шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэхээр болжээ. Үүний дагуу хөдөө суралцах оюутанд хөнгөлөлттэй зээл олгох, багшийн нийгмийн асуудлыг шийдэх төлөвлөгөө гаргажээ.
Тухайлбал, энэ жил Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль нээсэн. Тус сургуульд дөрвөн мэргэжлээр 120 оюутан суралцаж буй. Мөн Ховд, Дорнод зэрэг хэд хэдэн аймагт байсан дээд боловсролын байгууллагыг МУИС, ШУТИС зэрэг сургуулиудын харьяанд шилжүүлсэн байна.