Хөгжмийн шинэ бүтээлийн “Алтан намар” 40 дэх удаагийн наадмын эхний шат буюу том хэлбэрийн бүтээлийн тоглолт өчигдөр Улсын филармонид боллоо. Энэ удаа СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат болон С.Тараа, Ж.Энхбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, А.Батдэлгэр, залуучуудаас Э.Энхнаран, Б.Өнөржаргал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Х.Утгату, Б.Ваншигдорж, Э.Ангир нарын 12 хөгжмийн зохиолч бүтээлээ сонсгов. Энэхүү наадмын үеэр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага хэн болох нь мэдэгдэхгүй байсан, наадмын тухай мэдээллийг олон нийтэд түгээгээгүй зэрэг шүүмжлэл гарав. Тус холбооны тэргүүнээр 2019 онд сонгогдсон Г.Батхуягаас үүний талаар тодруулахад тэрбээр төрийн жинхэнэ албан хаагч болсон гэв. Үүнтэй холбоотойгоор холбооны Удирдах зөвлөлд учирласнаар тэргүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн аж. Дараа жил Хөгжмийн зохиолчдын холбооны 15 дугаар чуулган болох хүртэл тэргүүнээр хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийг түр ажиллуулах шийдвэрийг Удирдах зөвлөл нь гаргажээ. Манай сонины дугаар шилжих мөчид уг наадмын хоёрдугаар шат буюу хөгжмийн гоцлол болон цөөхүүл төрлийг сонсох үйл ажиллагаа үргэлжилж байв.