Нийслэлийн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд өнгөрсөн долоо хоногоос “Атар” талхыг 2100-2200, “Мишээл”-ийг нь 2600-2700, 25 кг-аар савласан нэгдүгээр зэргийн гурилыг 50 000-53 000 төгрөгөөр борлуулж эхэллээ. Тэгвэл гурван жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сард “Атар” талх дунджаар 1260, “Мишээл” 1600, нэг шуудай гурил 30 000-33 000 төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болох юм. Өөрөөр хэлбэл, талх, гурилын үнэ гурван жилд бараг хоёр дахин өсөөд байна. Гурилын үнийг нэмэх зайлшгүй шаардлага үүссэн талаар Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн холбооноос саяхан мэдээлсэн. Тодруулбал, тус холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн “Улаан буудайн үр сүүлийн нэг жилд 15, үйлдвэрлэлийн зардал 40 хувиар өссөн. Иймээс гурилын үнийг кг тутамд нь 50 хувиар нэмэхээс өөр аргагүйд хүрсэн” гэж байв. Ташрамд дурдахад, долоо хоногийн өмнө Улаанбаатарт нэг кг нэгдүгээр зэргийн гурил 1750-1950 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 350-400, 2020 оныхоос 450-500 төгрөгөөр нэмэгдсэн дүн болжээ.