-Бусадтай бус, өөрийн муу, муухайтай хийх тэмцэл хамгийн зөв-
-Таны орчуулан хэвлүүлсэн, нэг бус салбарын судлаачдын анхаарлын төвд буй “XXI зууны ёс суртахуун” хэмээх номын талаар уншигчдадаа мэдээлэл хүргэх гэсэн юм. Номын агуулгыг товч тайлбарлах уу?
-Энэ нь Чилийн философич, зохиолч, судлаач, энэрэнгүй үзэлтэн, соёл, энэрэнгүй үйлсийг ёс суртахууны үндсэн зарчмуудад нийцүүлэн дэлхий дахинд түгээх зорилготой санг үндэслэгч Дарио Салас Соммэрийн бүтээл. Уг номыг 12 хэлээр хэвлэсэн, олон улс орны иргэд уншин судалж байгаа юм билээ. Хүн төрөлхтөн замаасаа гарч, эргүүлж замд нь оруулах хэцүү болж байгаа, хүмүүс амьдралын чанарыг зөвхөн материаллаг талаас нь үнэлж, байгаль орчин төдийгүй ухамсраа хордуулж, өнөө цагийн хөл толгойгүй их мэдээллийн дунд өөрийгөө ч ойлгохоо больж, ердөө л “утсан хүүхэлдэй”, робот болсон талаар номдоо өгүүлсэн. Ёс суртахууны физикийн тухай анх хөндөж, хүн төрөлхтөн ёс суртахууныг мөрдсөнөөр ухамсраа дээд зэргээр дээшлүүлнэ, түүнийг зөрчсөнөөр амьдралын эрчмээ алдан доройтож, мөхөхөд хүрэхийг цохон тэмдэглэсэн. Ёс суртахууныг дагаж мөрдөхөд саад тотгор болж байгаа зүйлс, ёс суртахууны доройтлоос гарах арга замыг тодорхойлсон юм. Зохиолч XXI зууныхны ёс суртахууны төлөв байдлыг шинжиж, хайр сэтгэлгүй гэрлэдэг, үр хөндүүлдэг, хань ижлээсээ урвадаг, зүй бус харилцдаг, архидан согтуурдаг, мансууруулах бодис хэрэглэдэг, гэр бүлээсээ салдаг, хуурамчаар нөхөрлөдөг, бусдыг залилан мэхэлдэг, луйварддаг, атаархдаг, үзэн яддаг, өөрийгөө эс хянадаг, шударга бус, хариуцлагагүй, амиа бодох үзэлд дөрлөгдсөн, авлигад автсан, зохиомол дүр төрхтэй, түүний төлөө амьдардаг, эрх мэдлээ хортойгоор ашигладаг хүмүүс олширч байгаа гэж дүгнэсэн.
-Ёс суртахуун гэж юу вэ. Бас ёс зүй гэж их ярьцгаах болсон. Энэ хоёрын хамаарлыг та хэрхэн тайлбарлах бол?
-Ёс суртахуун бол байгалийн тавьдаг шаардлагууд. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаа, хандлагадаа зайлшгүй баримтлах зарчим, мөрдөх хэм хэмжээ юм. Эдгээр нь хүнд байгалиас өгөгддөг. Ёс суртахуунтай байна гэдэг нь зөвийг сурах, түүнийгээ амьдралдаа мөрдөж хэвшүүлэх замаар байгалийн тавьдаг шаардлагуудыг биелүүлэх явдал. Ёс суртахуун үгүй болбол хүний нийгэм оршин тогтнож чадахгүйд хүрнэ. Тиймээс ёс суртахууныг хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс гэж үздэг. Ямар ч нийгэм ёс суртахуунгүйгээр оршин тогтнох боломжгүй. Харин ёс зүй нь философийн бүрэлдүүнд үүсэж, хөгжин дэлгэрч байгаа салбар шинжлэх ухаан, практик философи. Энэ шинжлэх ухааны судалдаг зүйл нь ёс суртахуун. Ёс суртахууныг ёс зүй гэх нь буруу бөгөөд ийнхүү нэрлэх нь мэдлэг, боловсролгүйгээ харуулж буй хэрэг.
-Ёс суртахууны физик гэж юу вэ?
-Зохиогч ёс суртахуун, физик хоёрыг уялдуулан холбож, ёс суртахууны мөн чанарыг физикийн шинжлэх ухааны зарчмаар тодорхойлсон. Ёс суртахууны физик (fisica moral) нь шинжлэх ухаан. Дэлхий ертөнц даяараа ёс суртахуунтай болох, хүн боловсорч гэгээрэх зэрэг дээд сайн сайханд хүрэхийн тулд байгальтай сайн дурын үндсэн дээр, ухамсартайгаар, зөв харилцан үйлчлэлцэх боломж олгох шинжлэх ухаан юм. Ёс суртахууны физик нь орчлон ертөнц, байгалийг ойлгох, тэдгээртэй харилцахад баримтлах зарчмуудтай. Тодруулбал, бүх зүйл уялдаа холбоотой. Ертөнц, байгаль, хүмүүс эрчмээ байнга, тасралтгүй солилцож байдаг. Сансар огторгуйтай, байгальтай харилцан үйлчлэлцдэгээ хүмүүс ухамсарладаггүй. Байгаль нь хүний ялгаруулдаг бодол санааных нь хурдаар ертөнц даяар түгэн тархдаг эрчмээр тэжээгдэж, хүмүүсийн элдэв үйлдэл, амьдралын эрчмийг үлдээлгүй мэдэрч байдаг. Тэр эрчим бохирдож, эвдэрч, гэмт хэрэг үнэртүүлж байвал байгаль хатуухан хариу барьдаг. Энэ нь ёс суртахууны үүднээс хамгийн шударга шийтгэл. Хүний ялгаруулж буй эрчим зөв зүйтэй, зохиролтой бол байгаль эхийн хэвлийд тийм л эрчим оршдог. Энэ нь үйлийн үрийн хууль үйлчилж байгаагийн жишээ юм. Итгэдэг үү, эс итгэдэг үү гэдгээс үл хамааран хүмүүс өөрсдийн ялгаруулсан долгионы мөрөөр байгалийн шагнал урамшуулал, эсвэл зэмлэл шийтгэлийг хүртдэг. Үйлдсэн үйлийн төлөөсийг төлж, сайн үйлийн шагналыг авч байдаг. Энэ бол хууль. Өнөө цагийн өвчин тахал, дайн дажин, газар хөдлөлт, үер, гал түймэр энэ бүгд үүний баталгаа.
Хүн бол эрлийз шинжтэй. Байгалиас заяагдсан амьтны шинжээс гадна хувьсан өөрчлөгдөх явцдаа олж авсан, амьтнаас ялгаж өгдөг, “хүн төрөлхтний” гэгддэг чанаруудтай. Ёс суртахууны хууль ёсоор тэдгээр чанарыг дээд зэргээр хөгжүүлэх учиртай. Хүн төрөлхтний амьдралын зорилго нь амьтнаас ялгаж өгдөг чанаруудаа хөгжүүлж боловсрохын тулд өөрийгөө танин мэдэх, ухамсар, сэтгэлээ хувьсган өөрчлөх, түүндээ сэтгэлдээ дэвшилтэт өөрчлөлтүүд гаргахад оршдог. Тийм атал хүн элдэв хүслээ хангахаар улайран хөөцөлдсөөр эл гол зорилгоо умартсан. Эрхэм дээд үнэт зүйлсийг олж авахын тулд амьдралынхаа утга учрыг зайлшгүй мэддэг байх учиртай. Хүний амьдралын утга учрыг ухаарч ойлгоогүйн улмаас хүмүүс олон алдаа гаргадаг. Материаллаг амьдралаа дуусгахаас биш, сэтгэл (сүнс)- ийн амьдралаа бүрэн эцэслэж төгсөхөөргүйгээр бүтээгдсэн гэдгээ хүмүүс мэддэггүй.
-Сэтгэлийн буюу сүнсний амьдрал гэдгийг бага зэрэг тодруулах уу. Энэ талд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг.
-Сэтгэл нь амьдралын туршид бие махбодод оршин байдаг, тасралтгүй үргэлжилдэг сүнслэг шинжтэй. Сэтгэл өөрөө өөрийгөө боловсруулах чадвартай. Сэтгэлийг боловсруулагч нь сэтгэл өөрөө бол боловсрогдохуун буюу боловсрох зүйл нь мөн л сэтгэл. Аливааг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандахаа сэтгэл шийддэг. Сэтгэл нь мөнхөд тогтсон бодит утгагүй, юу өгөгдсөнийг даган хувирч байдаг зүйл. Сэтгэл хэлбэргүй, дүрсгүй, өнгөгүй. Юмс, үзэгдлүүд сэтгэлд үзэгдэж, сэтгэл тэдгээрийг танин мэддэг. Танин мэддэг чадвар нь сэтгэлийн үндсэн, суурь чанар. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай ямар ч холбоогүй танин мэдэхүйн эрчим. Сэтгэлийн эрчим нь эд эсэд нэвтэрч, бие махбодод тэнцвэр тогтоодог. Өвчлөх үед сэтгэлийн эрчмийн урсгал саарч, их хэмжээгээр тасарч, бие махбодын үйл ажиллагаа сулардаг.
-Таныг ингэж хэлэхэд сэтгэлээ амар амгалан байлгах, зөв явдалтай байх зэрэг нь утга учиртай амьдрахын үндэс мэт санагдаж байна. Ёс суртахууныг даган мөрдөхөд юу саад болж байна вэ?
-Ёс суртахуунтай болох, ёс суртахуунтай байхад саад болж буй зүйлс олон. Өнөөгийн хүмүүс ёс суртахууны талаар дорвитой ойлголтгүй, нэгдмэл үзэлгүй, үнэт зүйлсийн талаар буруу ойлголттой, зан төлөвийн хувьд доройтсон, өөрийгөө хувьсган өөрчилдөггүй, ухамсар доогуур, хүн чанараа алдаж, сэтгэлээр доройтож яваа, боловсролын тогтолцоо ч алдаа дутагдал олонтой байна.
Эд баялаг, ая тух, материаллаг зүйлс, тухайлбал, машин, гар утасны дугаар, гадаад өнгө үзэмж, одон медаль, албан тушаал зэргийг үнэт зүйлээ болгож, хамгийн гол жинхэнэ үнэт зүйлс дотоод ертөнц, хөгжсөн дээд ухамсар, боловсорсон сэтгэл гэдгийг ухаарахгүй, аз жаргалтай, амар тайван амьдралын үндэс нь ёс суртахуун гэдгийг ойлгохгүй байгаа. Монголчууд, ялангуяа төрийнхний зан үйл манай улс, үндэстний зорьж буйтай тохирохгүй байх нь элбэгшлээ. Уг нь ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй зан суртахуунт нийгэм цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ухамсаргүй, шударга бус, сэтгэлгүй, ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг, хуурамч, шуналтай, авлигач улстөрчид төр, засгийг барьдаг, төрийн албыг залгуулдаг боллоо. Тэвчээргүй, хүлээцгүй хүн цөөнгүй болсоор. Бүх зүйл тодорхой хугацаатай, үргэлж нэг янзаар байдаггүй, хувирч өөрчлөгддөг жамтайг мэдэхгүйн улмаас хүн ингэдэг. Саад бэрхшээлийг хэтэрхий хүндээр хүлээн авдаг. Машин тэргээ унаад замын хөдөлгөөнд оролцогчид ч ийм л байдаг. Зам, тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ хэдхэн хором хүлээж тэвчээгүйгээс бусдыг болон өөрийгөө эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохироогсод, амь насаа алдагсдын тоо улам бүр өссөөр. Энэ бүхэн ёс суртахууныг даган мөрдөхөд саад болж буй зүйлс.
-Тэгэхээр ёс суртахуун нь сэтгэл, ухамсартай ихээхэн холбоотой бололтой.
-Тийм. Хүн бие, оюун, сэтгэл, ухамсартай амьтан. Бие нь оюун, сэтгэл, ухамсрыг агуулдаг ахуй, орчин нь юм. Оюун, сэтгэл, ухамсраа хөгжүүлж, боловсруулж, дээшлүүлэхийн тулд хүнд эрүүл бие хэрэгтэй. Оюун нь гадаад ухамсар бол сэтгэл нь дотоод ухамсар. Сэтгэлийг сэтгэл санаа гэх нь ч бий. Оюуны физиологийн үндэс уураг тархи, харин сэтгэлийнх бол зүрх. Тиймээс тархи оюундаа шингээх, зүрх сэтгэлээрээ мэдрэх гэж ярьдаг. Хүний аливаа үйлдэл, үйл ажиллагаанд оюун, сэтгэл хоёр хоёулаа оролцдог. Оюун, сэтгэл хоёрыг салгахын аргагүй, энэ хоёрыг хамтад нь, тэдний нэгдлийг сэтгэц гэж ойлгож болно. Хүний сэтгэц хэмээх ухагдахууны хүрээнд сэтгэцийн танин мэдэх үйл явцууд (сэрэхүй, хүртэхүй, сэтгэхүй), сэтгэцийн шинжүүд (зан төлөв, зан араншин, сэтгэлийн хөдөлгөөн, зориг), сэтгэцийн байдлууд (бухимдах, түгших, айх), сэтгэцийн бүрдэл (мэдлэг, чадвар, дадал, тэдгээрийн зохицол) зэрэг сэтгэцийн үзэгдлийн тухай ярих учиртай. Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэцийн үзэгдлүүдийг судалдаг.
Ёс суртахуунтай болоход сэтгэл гол үүрэгтэй. Хүн зан чанараа ёс суртахууны шаардлагад нийцүүлж, сэтгэлээ боловсруулан дэвшүүлж байж ёс суртахуунтай нэгэн болно. Зан суртахуунаа бүтээнэ. Ташрамд хэлэхэд, сэтгэлзүй гэгч зүйл хүнд огт байхгүй тул ийм үг хэрэглэх нь ерөөс буруу. Хүнд байдаг сэтгэл, сэтгэл санаа, сэтгэцийн талаар ярьж, бичиж, зөв хэрэглэж хэвших ёстой. “Сэтгэл зүйн шинж, сэтгэл зүй түгших, сэтгэл зүй муутай хүн, сэтгэл зүйгээр унах” гэх зэргээр ярихад гутрал, харуусал төрдөг. Уг нь сэтгэцийн шинж, сэтгэл түгших, сэтгэл муутай хүн, сэтгэл санаагаар унах гэж ярих учиртай.
-Манайхны ухамсрын талаарх ойлголт тааруухан юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлэхээс аргагүй. Монголчууд ухамсар, түүний түвшин, ач холбогдлын тухай олигтой ойлголтгүй гэж хэлж болохоор. Өөрсдөө дүгнэдэг шигээ ухамсартай биш байна, манайхан. Олонхын ухамсар хамгийн доод, бүдүүлэг, “хүслийн” хэмээн нэрлэгддэг түвшинд байна уу даа гэж санагддаг. Ухамсрын доод түвшинд хүн бие махбодын хүсэлд илүүтэй автдаг. Биеийн жаргал цэнгэл, ая тух, эдийн элбэг хангалуун байдал, материаллаг талд илүүтэй анхаардаг. Биеийн хүслийг хорьж дийлдэггүй, зоргоор нь тавьдаг. Бие махбодын хүслийн ухамсар болох доод, бүдүүлэг түвшний, энгийн ухамсраа дээшлүүлж, дээд, өндөр ухамсарт хүрэх шаардлагатай нь харагддаг. Ухамсар нь оюун, сэтгэл хоёрт хоёуланд нь хамаатай. Оюунаа хөгжүүлж, сэтгэлээ боловсруулж байж ухамсраа дээшлүүлнэ. Тийм ч учраас хүний ухамсрыг сэтгэц (оюун, сэтгэл)-ийн хөгжлийн дээд шат гэдэг. Ухамсраа дээшлүүлэхгүйгээр монголчууд сэтгэлийн болон ёс суртахууны доройтлоос гарч чадахгүй. Өнөөгийнхөн оюуныг чухалчлан шүтэж, ухамсраас ангид оюун ач холбогдолгүй, оюун нь уураг тархины чадвар, дээд ухамсар нь хүний хамгийн эрхэм чанар гэдгийг мэдэхгүй байна. Бидэнд материаллаг зүйл их байгаа ч хүний гэсэн чанар бага. Сэтгэлээ боловсруулж, сэтгэлийн сайн сайхан чанаруудыг олж авч, өөрт хэвшүүлэн дадуулж байж дээд ухамсартай болно. Ухамсар нь аливааг мөн чанараар нь ойлгох, сайн хийгээд мууг ялгаж ухаарах чадвар. Ухамсраа дээшлүүлнэ гэдэг нь хүн дотооддоо эерэг өөрчлөлтүүд гаргана, ухаарч ойлгох чадвараа дээшлүүлнэ гэсэн үг.
-Монголчууд ёс суртахуунтай болохын тулд юу хийх ёстой юм бол?
-Үүнийг хэдэн зүйлээр тайлбарлая. Нэгдүгээрт, боловсролын талаарх ойлголт, түүнд хандах хандлагаа өөрчлөх, боловсролын тогтолцооны алдаа дутагдлыг засах шаардлагатай. Боловсролыг зөвхөн оюунд хамаатай зүйл гэж үзэх, оюуны мэдлэг төдийгөөр үнэлэх, хүний боловсролыг төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, авсан үнэмлэх, дипломынх нь тоогоор хэмжих, зөвхөн оюуны боловсролын хойноос явах, түүнийгээ ч олигтой эзэмшихгүй оромдох, магистр, доктор нэр зүүхээр хөөцөлдөхөө болих хэрэгтэй. Өөрийгөө хэрхэн танин мэдэх, нээх, зөв хөгжүүлэх, хүмүүжүүлэхийг суралцагчдад хэлж өгдөг болох, ёс суртахууныг утга учиртай сахин мөрдөхөд сургах, зан төлөв, зоригийн шинжүүдээ хэрхэн хөгжүүлэх, сэтгэлээ яаж боловсруулан сайжруулахыг ойлгуулан ухааруулдаг болох ёстой. Оюуныг ухамсар, сэтгэлээс ангид авч үздэггүй болох. Сэтгэл, ухамсраас ангид оюун дутуу дулимаг, сөрөг талуудтай, хэд хэдэн их сургуульд сурч, олон шинжлэх ухаан судалж оюуны мэдлэгийг хангалттай эзэмшсэн ч зөв сэтгэлгүй, ухамсар дорой хүн цөөнгүй байгаа явдал оюуныг сэтгэл, ухамсраас ангид авч үзэхээ болих шаардлагатайг хэлээд өгч буй юм. Боловсрохыг сургуульд сурах, мэргэжил эзэмших явдал гэж ойлгохоо зогсоох. Боловсрохыг хүн зөвийг сурах, зөв хөгжих, хүмүүжих, ёс суртахуунтай болох, соёлжих цогц үйл явц, тэдгээрийн үр дүн гэж ойлгох. Зөвийг сурдаг, зөв хөгждөг, хүмүүждэг, ёс суртахуунтай, соёлтой хүнийг боловсролтой хүнд тооцууштай.
Хоёрдугаарт, хүн өөрийгөө танин мэдэх нь чухал. Хүн өөрийгөө танин мэддэггүйн улмаас өөрийгөө дөвийлгөх, чадвараа хэтрүүлэх, өөрт тохиолдож буй саад бэрхшээлийн шалтгааныг гаднаас, бусдаас хайдаг. Хүн өөрийн гэм буруу, сул тал, алдаа дутагдлаа танин мэдэхгүйгээр хувьсан өөрчлөгдөж чадахгүй. Дутуу дулимаг, алдаа дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс айдаг, нэрэлхүү, хуурамч дүр үзүүлэгчид болцгоож байна, бид. Хүн өөрийгөө танин мэдэх нь ертөнцийг бүхэлд нь танин мэдэхээс илүү ач холбогдолтой гэдэг. Гуравдугаарт, хүний хөгжил дэвшлийг шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлөөр хэмжихээ болих. Хүний хөгжил дэвшил бол түүний мөн чанартай холбоотой, дотоодод явагддаг, сэтгэл, ухамсарт гардаг эерэг сайн өөрчлөлтүүд гэдгийг ухаарах. Дөрөвдүгээрт хүн хувьсан өөрчлөгдөх. Хувьсан өөрчлөгдөх нь байгалийн зорилго. Сэтгэлээ боловсруулж сайжруулах зам байгалийн эл зорилгыг хангахад хөтөлдөг. Хүн хувьсаж өөрчлөгдөхийн тулд түүнд саад учруулдаг дутагдлуудтайгаа тэмцэх ёстой. Өрөөл бусадтай биш, харин өөрийн муу, муухайтай хийх тэмцэл бол хамгийн зөв тэмцэл юм.
Тавдугаарт, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах буруу, харш мэдээллийн ховсдолд автахгүй байх хэрэгтэй болжээ. Бидний ердийн ухамсар үнэн хэрэгтээ үл ухамсарлахуй юм. Үл ухамсарлахуй нь далд ухамсрын нэг хэлбэр. Хүний далд ухамсар эргэцүүлэн бодох чадваргүй, хэлж ярьж буйг эргэлзэхгүй хүлээн авдаг хүүхэд шиг. Тиймээс тархинд нэвтрэн орсон мэдээлэл “би”-д захирагддаггүй, зан үйлийг удирддаг.
-Тэгэхээр таны орчуулж, судлаачид, олон нийтэд хүргэсэн “XXI зууны ёс суртахуун” хэмээх номд энэ бүхнийг багтаасан мэдээлэл бий гэж ойлгож болох уу?
-Тийм. Зохиогч энэ бүтээлдээ хөгжиж дэвшихийг хүсэгч хэн боловч байгалийн хуулийг хүндэлж мөрдөх, түүнд захирагдах учиртай. Хүний хүрч болох бүхнээс хамгийн чухал нь ухамсраа дээд зэргээр хөгжүүлэх явдал юм. Ёс суртахууны хэм хэмжээг хүн зохиогоогүй. Түүнийг байгаль бий болгосон. Өндөр ухамсартай байж түүнд хүрнэ, шударга, аз жаргалтай, сайн сайхан амьдрахын тулд ёс суртахуунтай байх шаардлагатай гэж тодорхойлсон.