Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа, бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо ч тасралтгүй өссөөр байгаа. Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний (Монгол Улсын иргэн, манайд хууль ёсны дагуу байнга болон түр оршин суугаа гадаадын иргэд) нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж буй. Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэн өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүйг ГЕГ-аас анхааруулав. Тиймээс гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдийг бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлага тавьж буй гэнэ. Хэрэв бичиг баримт нь зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамруулан саадгүй олгож буйг дурдлаа. Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож, хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтойг тодотгов.
Бэлтгэсэн Ц.Ундрал