Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Италиас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта болон тус улсын Үндэсний судалгааны зөвлөл, Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчдийг уржигдар хүлээн авч уулзаж, Улаанбаатарт хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. Тэгвэл энэ үеэр онцлон ярьсан “3R4UB” төслийн нээлт өчигдөр боллоо. Энэ нь байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах, нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой төсөл аж. Үүний хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, ангилан ялгах үйлдвэр байгуулах зэрэг ажлыг 2024 он хүртэл хийх нь. Эдгээрээс хамгийн чухал нь хүүхэд, залуусын хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулж, зөв дадал, хандлагатай болгох гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 8-14 насны 25 000 сурагчийг үүнд хамруулахаар төлөвлөжээ. Төслийн нийт санхүүжилт 3.5 сая евро бол хэрэгжүүлэгчээр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв ажиллах нь.