Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болох МУИС-ийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцох үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС нэрийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хувийн хэвшлийн Монголын үндэсний их сургууль өдгөө МҮИС нэрийг ашиглаж буй. Энэ нь хууль бус бөгөөд тус сургуулийн нэр нь МУИС-тай андуурагдаж байна гэх шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэхүү түүхийг МУИС бичиж үлдээсэн. 1992 онд АИХ-ын тогтоолоор МҮИС гэх нэрийг МУИС-д олгосон. Тиймээс уг нэр нь МУИС-ийн оюуны өмч. Хэн нэгэн этгээд МҮИС гэх нэрийг хууль бусаар өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИС хадгалж үлдэх ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Эл маргаан олон жил үргэлжилсэн ч бид ялж, МУИС оюуны өмчөө хадгалж үлдэх эрх зүйн орчин бүрдсэн” гэв. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд “МУИС нэрээ солих нь” гэсэн мэдээлэл цацагдсан. Харин салбарын сайдын мэдээлснээр бол тус сургууль нэрээ солихгүй, харин МҮИС гэдэг оюуны өмчөө өөрсдөө эзэмшиж, хэн нэгэнд ашиглуулахгүй хэмээлээ.