Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Шадар сайд С.Амарсайхан “Танай байгууллага зөвхөн стандарт баталж, батлуулахыг хүлээгээд суудаг газар биш. Стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, хяналт тавих ёстой ч энэ зарчим алдагдсан. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаагүйгээс үр дүн нь чанаргүй болж, шүүмжлэл дагуулж байна. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалт бий болгохоос энэ салбарын шинэчлэл эхэлнэ” гэв.
Мөн сайд Д.Амарбаясгалан “Иргэнээ эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь стандарт. Гэтэл бүх салбар, шатанд хямд үнийг чухалчилж, “стандарт” болгож байгаа учраас чанарын талаар ярих боломжгүй” хэмээгээд стандартыг шинэчлэх, олон улсынхад нийцүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа уламжилсан юм. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “2022 оны стандартчиллын ажлын төлөвлөгөөнд төрийн 11 байгууллагын 107 стандартыг батлуулахаар тусгасан. Үүний 644 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар заасан ч одоогоор 344 буюу 53.4 хувийг нь оруулсан байна” гэв.
Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоолоор хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой шинээр болон шинэчлэн батлах 18 техникийн зохицуулалтын жагсаалтыг баталжээ. Эдгээрээс эцэслэн батлаагүй техникийн зохицуулалт 12, энэ оны төлөвлөгөөнд тусгасан нийт 55 стандартаас батлуулаагүй нь 25 байгааг 2022 онд багтаан боловсруулж, эцэслэхийг уулзалтын төгсгөлд Шадар сайд үүрэг болголоо.