БОАЖЯ, МУИС хамтран “Ойн аж ахуй” хөтөлбөр хэрэгжүүлж, тус сургуулийн оюутнуудыг Бүгд Найрамдах Унгар Улсад ойн мэргэжлээр суралцуулахаар санамж бичиг байгуулжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бүрдүүлэх, ойн салбарынхныг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилтот ажлын нэг хэсэг гэнэ. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд ойн аж ахуй, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудаас сонгон шалгаруулж, дээрх хөтөлбөрт хамруулах юм байна.
Манай улс “Тэрбум мод” тарих томоохон санаачилга гаргасан, үр бүтээмжтэй ажиллах шаардлагатай болсон энэ чухал үед их, дээд сургуулиудад ойн мэргэжлээр элсэн суралцах залуусын тоо цөөрч, зарим анги хаагдахад хүрээд буй. Иймд ойн салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, залуусыг энэ чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахад анхаарахыг судлаач, мэргэжилтнүүд зөвлөх болсон. Тэгвэл “Ойн аж ахуй” хөтөлбөрт хамрагдагчдад тэтгэлгийн дэмжлэг үзүүлэх гэнэ.
Ташрамд дурдахад, Унгарын Засгийн газар жил бүр 200 монгол оюутанд тэтгэлэг олгодог. Цаашид үүнд байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг түлхүү хамруулах бодлого баримталж буй аж.
Бэлтгэсэн Н.Буян