Иргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.
Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэв.
Нэхэмжлэгч Оч нь 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь баримтаар тогтоогдсон, түүнчлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогджээ.
Хуульд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй. “РБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс ажилтан Оч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон байх тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж шүүх үзэв.
Иймд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 834 952 төгрөг, хуульд зааснаар 4 сарын хугацаагаар тооцож 3 339 810 төгрөгийн хохирлыг ажил олгогч “РБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрийн дугаар: 102/ШШ2021/03167
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.