НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласны дагуу манай улс энэ өдрийг 32 дахь жилдээ өргөн тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ХЭҮК-ын дарга асан С.Цэрэндорж, Ж.Бямбадорж, гишүүн асан Г.Далайжамц, Ж.Дашдорж, Н.Ганбаяр болон ахмад ажилтан Ж.Оюунхүү, н.Давааням зэрэг хүний эрх хамгаалах үйлсэд ажил, амьдралаа зориулсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, ХЭҮК-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, гишүүн Б.Энхболд, Х.Мөнхзул, ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон Комиссын алба хаагчид оролцлоо. Арга хэмжээний үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан "Бид ахмадуудынхаа туулж ирсэн ажил, амьдралынх нь замналаас үргэлж суралцаж байх ёстой. Тэр дундаа хүний эрхийг хамгаалагч байхад маш өндөр мэдрэмж шаарддаг. Тиймээс ахмадуудынхаа туршлагаас хуваалж, тэдний зөвлөгөөг авах нь хүний эрх хамгаалах үйлсийг төгөлдөржүүлэх ажлыг урагшлуулахад ихээхэн ач холбогдол өгнө" гэлээ.
Үүний дараа ХЭҮК-ын анхны дарга С.Цэрэндорж ХЭҮК-ын алба хаагчдад амжилт хүсээд зөвлөгөө өглөө. Тэрбээр "Номхон тэмээг ноолоход амар" гэж монголчууд эрт үеэс ярьж ирсэн. Энэ үгийг хүний эрх талаас нь авч үзвэл, ямар эрхтэйгээ мэддэггүй, мэдээлэл хомс хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хумигдах эрсдэлтэй байдаг.
Тиймээс "Та ямар эрхтэй вэ. Бусад хүн ямар эрхтэй бэ" гэдгийг сурталчилж, таниулах нь маш чухал. ХЭҮК анх байгуулагдсан цагаасаа үүнд анхаарч ирсэн. Цаашид ч анхаарах ёстой. Тэгж байж хүн бүр эрхээ мэддэг, тэр хэрээрээ өөрийнх нь болон бусдын эрх зөрчигдөхгүй байх боломж бүрдэнэ" гэв.
Харин ХЭҮК-ын дарга асан Ж.Бямбадорж "Би залуучуудаараа бахархаж байна. Хараад баярлаж байна. Бусдын эрхийг хамгаалах их үйлсэд гар, бие оролцож, түүх бүтээлцэж яваад чинь талархаж байна. Цаашид сэтгэл, зүрхээ улам их зориулаарай.
Монгол хүний саруул ухаан, эрдэм мэдлэг дэлхийн аль ч улсад гологдохгүй. Түүн шиг Монгол Улсын иргэн бүр хүний эрхийн мэдрэмж өндөртэй байгаасай. Тэр мэдрэмжийг хүн бүрийн зүрх, сэтгэлд шигтгэхийн төлөө ХЭҮК-ын залуус та бүхэн бүү шантраарай, бүү зүрхшээгээрэй. Мэдрэмжтэй байгаарай" гэсэн ерөөлийн өргөн дэвшүүллээ.