Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичтэй хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсоны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Л.Бархас, “Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зохицуулагч П.Хулангоо, мөн төслийн зөвлөх С.Билгүүн нартай 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, хэлцлийн танхимд уулзаж, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг салбарын зарим байгууллагад хэрэгжүүлэх хүний эрхийн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд хөтөлбөрийн ажилтан Л.Бархас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар Хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр Дотоод хэргийн их сургууль дээр хэрэгжүүлэх төслийн талаар товч танилцуулсан.
Үүний дагуу Э.Энхтуяа дарга Хууль сахиулах салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, сорилтын талаар товч мэдээлэл өгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах хүрээ, чиглэлийн талаар санал танилцууллаа. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын алба хаагчийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах асуудлыг дэмжих болон Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагч, сонсогч нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус их сургууль дээр гадаад хэлний сургалтын танхим /сонсох, ярих төхөөрөмж бүхий/ нээн ажиллуулах, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр сургалт явуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагч нарыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, алба хаагч, хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчдад зориулан Манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд талууд гарсан саналыг цаашид хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирлоо.