Нийслэлийн 28 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулсан шинэ салбарын гаднах тохижилт, сантехникийн ажил дуусаагүй байна.
БШУЯ сургуулийн өмнөх боловсролд хамрагдах багачуудыг гурван үе шаттай бүртгэж, хуваарилахаар болсон. Эхнийх нь наймдугаар сарын 10-24-ны хооронд болсон бөгөөд үүнд уламжлалт буюу хуучин аргаар 1932, цахимаар 111 542, нийт 113 474 хүүхэд бүртгүүлсэн байдаг. Харин хоёрдугаар шат нь өнгөрсөн сарын 10-25-ны хооронд болж, 11 038 хүүхдийг бүртгэжээ. Хамгийн сүүлийн шатны бүртгэл ирэх сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжлэх товтой. Яамны болон Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл эхлэхэд “Эхний ээлжид ихдээ 120 мянган хүүхэд хүсэлт илгээнэ гэсэн тооцоотойгоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэн. 2-5 насны 141 023 хүүхдийн 106 мянга орчим нь л сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой байсныг 120 мянга болгосон” хэмээн мэдээлсэн. Тэрчлэн эхний бүртгэл дууссаны дараа “Нийслэлийн хэмжээнд 140 904 (сургуулийн өмнөх насны багачуудын 99.9 хувь) хүүхэд хамруулах цэцэрлэгийн хүчин чадал бий болголоо. Үндсэн барилгад 124 244, түрээсийн байрт 14 133, байгууллагын цэцэрлэгт 2527 хүүхэд хуваарилах боломж бүрдсэн” гэж байлаа. Албаны хүмүүсийн ярьсан эдгээр зүйл эхний ээлжид бүртгүүлсэн багачууд цэцэрлэггүй хоцрох эрсдэлгүй юм байна, бараг бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нөхцөл бүрдүүлжээ гэсэн горьдлого, тайвшралыг эцэг, эхчүүдэд төрүүлсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь шилний цаанаас чихэр долоолгосон хэрэг байжээ.
Дээрх байгууллагынхан нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдсан 113 474 хүүхдээ ч цэцэрлэгт бүрэн хамруулж чадаагүй байна. Бариагүй, ашиглалтад оруулаагүй, засвар, тохижилтынх нь ажлыг дуусгаагүй цэцэрлэгт олон хүүхэд хуваарилж, сугалаанд азгүйтсэнээс ялгаагүй нөхцөлд оруулав. Ийм байдлаар “адлагдсан” хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд яам, цэцэрлэгийн зүгээс “Засвар, тохижилтын ажлаас хамаараад хичээл эхлэх хугацаа харилцан адилгүй. Гэхдээ нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийг цаад тал нь аравдугаар сарын 1 гэхэд цэцэрлэгт хамруулна” гэсэн тайлбар өгч, шилний цаанаас хоёр дахиа чихэр долоолгожээ. Ганцхан сар тэсчихвэл л цэцэрлэг нь хичээллэж эхэлнэ гэж горьдсон эцэг, эхчүүд энэ хугацаанд хүүхдээ ээлжлэн харах, эмээ, өвөөд нь даатгах, төрөл садныхаа айлд орхих зэргээр аргацаасан юм. Боломжтой нь өдөр өнжүүлэх төв, төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ түр хугацаанд явуулсан байна. Гэвч шинэ сар эхлэхээс урьтаж сурагчдаа хүлээн авна гэсэн цэцэрлэгийнхэн одоо “Засвар, тохижилт дуусаагүй. Тоног төхөөрөмжөө аваагүй” хэмээн түмэн бэрхшээл тоочиж, товлосон хугацаагаа үгүйсгэх боллоо.
Баримт дурдъя. Хан-Уул дүүргийн III хорооны нутагт байх 28 дугаар цэцэрлэгийн клиник салбарт хуваарилагдсан хүүхдүүд ийм байдлаар хохирчээ. БШУЯ уг цэцэрлэгийн дэргэд салбар нээхээр шийдвэрлэж, хажууханд нь шинийг бариулжээ. Цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл эхлэх үед уг салбарын барилга хэдийн босчихсон байж. Ажилтнууд нь “Дотоод заслын бага сага ажил үлдсэн. Цаад талын хугацаа аравдугаар сарын 1 гэж байгаа ч тэрнээс өмнө үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Есдүгээр сарын 20-ны үед цагаан хорхой, шээсний шинжилгээ авна. Тэр үед эцэг, эхчүүд рүү зурвас илгээнэ” гэсэн ч түүнээс хойш сураг чимээ тасарчээ. Уг цэцэрлэгт хуваарилагдсан охины ээж “Яамнаас зурвас илгээхдээ таны хүүхдийг 28 дугаар цэцэрлэгт хуваариллаа, гэрээгээ хийнэ үү гэсэн. Гэтэл төв цэцэрлэгт биш, шинээр байгуулж буй салбарт нь хуваарилсан болж таарсан. Гаднах ажлууд нь дуусчихсан юм чинь доторх нь юу байх вэ гэж итгэж сар гаруй хүлээлээ. 28 дугаар цэцэрлэгийн фэйсбүүк хуудсанд шинэ салбартай холбоотой мэдээлэл орсон, эсэхийг байнга шалгадаг. Бараг долоо хоног болгон цэцэрлэгийн менежертэй холбогдож, асуусан. Эхэндээ “Тоног төхөөрөмж, хэрэгслүүдээ хүлээж байна” гэдэг байсан бол одоо сантехникийн ажил үлдсэн гэх боллоо. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ярихад “Сантехникийн ажил 10 гаруй хоног үргэлжилж байна. Гаднах тохижилт ч дутуу. Яг хэдийнээс хичээллэж эхлэхийг мэдэхгүй” гэдэг тайлбар хэлсэн” гэв. Тэрбээр тухайн цэцэрлэг товлосон хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн тооцоолж, аравдугаар сарын 1 хүртэл хүүхдээ харангаа гэрээсээ ажиллахаар удирдлагуудтайгаа зөвшилцсөн байж. Харин одоо яахаа мэдэхгүй гайхширч сууна. Тус цэцэрлэгийн клиник салбарын үйл ажиллагаанд чих тавьж буй өөр нэгэн эмэгтэй “28-ын дэргэд шинээр гурван салбар байгуулах юм гэсэн. Одоогоор аль аль нь үйл ажиллаагаагаа эхлүүлээгүй” хэмээсэн юм.
Бас нэг жишээ нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны 218 дугаар цэцэрлэгийн салбарууд. Эл цэцэрлэгийн салбар болох “Нархан”, “Содон”-д хуваарилагдсан олон хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй, гэртээ хүлээж байна. Хүүхдийнх нь хуваарилагдсан цэцэрлэг хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлээгүйд бухимдсан, ингэж явсаар 2022 оныг үдэх вий гэж санаа зовсон эцэг, эхчүүд БШУЯ, хорооныхоо ЗДТГ-т энэ асуудлаар удаа дараа хандсан ч дорвитой хариу авч чадаагүй аж. Иргэн Г-ийн хэлж буйгаар “Содон” цэцэрлэгийн барилгыг одоо болтол шийдээгүй байгаа гэх. 218 дугаар цэцэрлэгийнхэн “Яам худалдан авах ажиллагааг хариуцан зохион байгуулах ёстой. Бид мэдэхгүй” гэж эцэг, эхчүүдийн амыг тагласаар ирсэн бол боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь “Цэцэрлэгийн удирдлага, менежерээсээ асуу” хэмээн өөрсдөөсөө холдуулсаар өнөөдрийг хүрчээ. Тэрбээр “Эцэг, эхчүүд та бүхэн цэцэрлэгээс нэгдсэн мэдээлэл түгээж, утсаар холбогдтол хүлээцтэй хандаарай. Манайд хуваарилагдсан хүүхдүүдийн бүртгэл хүчинтэй хэвээр байгаа” гэсэн мэдэгдлийг цэцэрлэгийн цахим хуудсанд байршуулсан. Хүлээцтэй байх арга үнэхээр алга. Ядаж ажлын явц ямар байгааг тогтмол мэдээлж, “Хүүхдээ төдийнөөс хүлээж авна” гэсэн бодитой тов гаргах хэрэгтэй. Бид түүнээс хамаарч ажил, амьдралаа зохицуулна шүү дээ. Эцэг, эхчүүд нэгдэж, 218 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзахаар төлөвлөөд байна” хэмээн бухимдангуй ярилаа. “Нархан” салбарын хувьд мөн л олон зүйл бүрхэг, тодорхойгүй байгааг эцэг, эхчүүд хэлэв. Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр төлөвлөж байсан байр нь алдагдсан гэнэ. Одоо түрээсийн мөнгө ч үгүй, ажиллах боловсон хүчин ч байхгүй, цаасан дээр төлөвлөсөн байгууламж төдий л буй аж.
Нийслэлийн 46 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулахаар төлөвлөсөн “Виктори-2” салбар аравдугаар сарын 1-нээс сурагчдаа хүлээж авах боломжгүйгээ албан ёсоор зарлажээ. Байр нь бэлэн боловч дотоод тохижилтод шаардлагатай зүйлсийг яамнаас шийдээгүй гэнэ. Тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн худалдаж авах тендерийг нь хэдхэн хоногийн өмнө зарлажээ. 12 дугаар цэцэрлэгийн “Богд вилла” дахь салбарын ажил гацсанаас Яармагийн IV хорооны багачууд гэртээ цоожлогдоход хүрсэн байна. Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн салбарын ажил бас саатаж. Товлосон хугацаандаа хүүхдүүдээ хүлээж аваагүй, ажил нь зуун задгай буй цэцэрлэгүүдийг энэ байдлаар дурдвал уртаас урт жагсаалт хөврөх шинжтэй. Гэтэл БШУЯ-ныхан “Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваариллаа” хэмээн хийдгээ хийчихсэн, бүх асуудлыг шийдвэрлэчихсэн мэтээр өөрсдийгөө сурталчилж байгаа нь харамсалтай.
Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр дутуу дулимаг тохижуулсан, эрүүл ахуй, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй, давчуу орчин бүхий газрыг цэцэрлэгийн зориулалтаар яаран сандран ашиглалтад оруулсан тохиолдол ч цөөнгүй бололтой. Ийм шалтгааны улмаас хүүхдээ гэртээ байлгах сонголт хийсэн ээж, аавууд ч бий. Баянзүрх дүүргийн 267 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулсан “Алтан тэвш” хотхон дахь салбар тийм гэнэ. Тэнд хүүхэд нь хуваарилагдсан нэгэн ээж “Орон сууцын нэгдүгээр давхрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн. Хүүхэд байхад тухгүй, умгар өрөөтэй юм билээ. Товлосон хугацаанаасаа өмнө хичээллэж эхэлсэн нь сайшаалтай ч орчин нөхцөл нь үнэхээр таалагдсангүй. Одоо ямар болсныг нь мэдэхгүй. Багш нар нь дүлий дүмбэ оргисон, ажилдаа ялархсан хүмүүс шиг санагдсан. Тийм орчинд хүүхэд яаж хөгжих билээ. Сэтгэлд хүрээгүй учраас хүүхдээ нөхөртэйгөө гэртээ ээлжилж харахаар шийдсэн” гэж ярьсан юм. Төрийн захиргааны байгууллагаас худалдан авах ажиллагааг цаг тухайд нь зохион байгуулаагүйн улмаас хивс, ширээ, сандлаа ч авч чадаагүй цэцэрлэг өчнөөн байна. Энэ бүхэн БШУЯ-ныхан ажил үүргээ хэр хэмжээнд гүйцэтгэж байгааг тод харуулж буй хэрэг.
Бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгоно гэдэг мэдээж амаргүй. Үүнд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Гэхдээ яамныхан юу юуны туханд хүрэлгүй, бодит нөхцөл байдал, эрсдэлээ тооцолгүй “Бид цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, ирэх намар 120 мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдүүлсэн” хэмээн зарласан нь олон нийтэд ажил хийсэн лаг хүн болж харагдах гэсэн оролдлого, ташаа мэдээлэл байсныг одоогийн нөхцөл байдал харууллаа. Дээр дурдсан жишээнүүд бол бүртгэлийн нэгдүгээр шатанд хүсэлт илгээсэн, аравдугаар сарын 1-ний дотор цэцэрлэгт хамруулах “баталгаа” авсан 113 мянга гаруй хүүхдүүдийн төлөөлөл гэдгийг онцлон дурдъя. Хоёрдугаар ээлжид бүртгүүлсэн 11 038, гуравдугаархад нь хүсэлтээ илгээх хүүхдийн хэд нь ийм “мөрөөдлийн” цэцэрлэгт хуваарилагдаж, молиго үмхэхийг таашгүй. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд “2022-2023 оны хичээлийн жилд нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй” гэж ярьсан зарим албан тушаалтны том амлалтын биелэлт бодит байдалд нэг иймэрхүү.
Бэлтгэсэн Н.Буян