БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханы удирдсан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг есдүгээр сарын 27-29-нд Баян-Өлгий аймагт ажиллав. Тус аймгийн Ногооннуур суманд баригдаж эхлээд хоёр жил барилгын ажил явагдаагүй зогсонги байдалтай байсан спортын төвийн барилгын гүйцэтгэлтэй танилцаж, гүйцэтгэгч компани болох “Мурап” ХХК-ийн удирдлага, тус сумын Засаг дарга Х.Есболат нартай ажлын талбарт нь очиж уулзан хөрөнгө оруулалтын ажлын байдлыг шалган бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар тохиролцов.
Захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Энэхүү барилга нь 24х34м хэмжээтэй заалны хэсэгтэй, хоёр давхар оффис, спортын бэлтгэлийн өрөөтэй, аймгийн сумуудад баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалт юм. Ногооннуур сум нь 8500 хүн амтай суурин билээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар биеийн тамир, спортын талаарх бодлого, шийдвэрийг танилцуулан, тус аймагт хэрэгжиж байгаа салбарын хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажил, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Аймгийн бөхийн өргөөний их засварыг хийх ажлын зардлыг төсөвт суулгах, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтын газар олголтод анхаарч, Ховд голын эрэг дагуу стандартад нийцсэн гүйлт, дугуйн зам барих төслийг дэмжиж зураг, төсвийг шийдвэрлэх зэрэг бүх талын ажилд орон нутгийн зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад ХШҮДАХ-ийн дарга Н.Батсүх, мэргэжилтэн Д.Энхээ аймгийн БТСГ-ын дарга Х.Хайнар нар оролцов.
Баян-Өлгий аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагч нарт биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, аймгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнгийн ашиглалтын явцтай танилцаж, цаашид иргэн бүрэн ашиглахад шаардагдах ажлыг хийж, БТСУХ-ноос арга хамжээний талаар чиглэл өгч ярилцав.
Энэ уулзалтын үеэр БТСГ-ын албан хаагчид спортын хэрэглэл материал болон компьютер, сандал, ширээ зэрэг ажлын орчин нөхцлийг сайжруулах тал дээр салбарын төв байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах илэрхийлэв. Мөн спортын ажилдаа амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өглөө.