Манай улс цахим сургуультай болсноо өчигдөр зарлалаа. Сургуулийн нэр нь “Medle”. Энэ нь орон даяар цахимаар сургалт зохион байгуулах талбар бөгөөд “Ковид-19” цар тахлын үед анх удаа ашиглаж, үр дүнтэй болох нь батлагдсан medle. mn цахим хуудсыг өргөжүүлэн хөгжүүлсэн инновацын бүтээгдэхүүн ажээ. Одоогийн байдлаар уг цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10 407 сурагчийг хамруулж буй юм байна. Суралцагчдыг 620 бүлэгт хуваасан бөгөөд тэдэнд нэн шаардлагатай 16 судлагдахуун буюу хичээлийг 155 багш заана. Ахлах ангийн сурагчдын сонгон судлах хичээлийг цахим сургалтаар эзэмшүүлэх тэгш боломжийг бүрдүүлэх нь уг сургуулийн зорилго. “Medle”-гийн багш, сурагчид нь эх орны өнцөг булан бүрээс, тодруулбал, ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдана. Тодруулбал, бүлгүүдэд нийслэлээс, орон нутгаас ч хүүхдүүд харьяалагдах боломжтой.
Энэхүү цахим сургуулийг санаачлагч, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Нэгэн шинэ сургууль нээгдэж буй хэрэг биш. Харин үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах, суралцагсад хаана байгаагаас үл хамааран дуртай хичээлээ хүссэн багшаараа заалгах боломж нээгдэж буй юм. “Ковид-19”-ийн үед сургалтыг цахимаар зохион байгуулахад хичээлийн хоцрогдол хэмээх хохирол амссан. Гэсэн ч сургах үйл ажиллагаанд цахим шилжилт зайлшгүй юм байна гэдгийг ойлгосноор энэ алхмыг хийлээ” хэмээн дурдсан. Цаашид уг сургуульд 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, улмаар ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангах аж.
Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран Монгол Улсын хамгийн чадварлаг багш нараас суралцаж, авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох нь. Түүнчлэн сонгон судлах хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмшинэ хэмээн тус яамныхан үзэж байна. Багш нар ч ажлын байрандаа хөгжиж, мэдлэг, ур чадвараа орон даяар түгээх давуу талтай гэнэ.