-Та сар гаруйн хугацаанд олон улсын таван уралдаанд тэргүүллээ. Уралдаануудад цахимаар оролцох нь амар байв уу?
-Харин ч хэцүү. Нэгдүгээр шат ч яах вэ, бичлэг илгээчихээд, дүнгээ хүлээгээд сууж байдаг. Хоёрдугаар шатанд шүүгчдийн өмнө бүжиглэдэг болохоор маш хэцүү. Бүжгийн бүтээлийг компьютерын дэлгэцэд багтааж харуулна гэдэг амаргүй. Орон зайн баримжаатай байх, суулт, үсрэлт, эргэлт гээд бүхий л элементийг нэгийг нь ч бүрхэгдүүлэлгүй харуулах гэдэг нэлээд том сорилт юм билээ. Уралдааныг аль улс зохион байгуулж буй вэ гэдгээс хамаарч, цагийн зөрүү янз янз байх тул зарим үед бүжиглэх гэж шөнө дүл болтол хүлээдэг. Долоо хоног шөнө ер унтаагүй. Турк, Португалын уралдаан дараалчихсан болохоор аль алинд нь бэлтгээд, бас оролцоод тэр л дээ.
-Олон улсын бүжгийн уралдаанууд ойр ойрхон болдог нь ямар учиртай юм бол?
-Эдгээр уралдаан хоорондоо холбоотой буюу цуврал юм. ЮНЕСКО, Европын Холбоо хамтарч бүжигчин болон бүжиг дэглээч нарт олон улсын зэрэг олгодог шалгуур нь юм билээ. Цуврал уралдаанууд зохион байгуулж, дүн гаргаж шийддэг гэсэн үг. Би одоогоор дэлхийн аварга шалгаруулах болон Британи, Австрали, Турк, Португалд болсон уралдаанд түрүүлээд байгаа юм. Дахиад хоёр уралдаан бий. Гэхдээ эдгээрт намайг оролцуулахгүй байж магадгүй гэсэн.
-Хангалттай амжилт үзүүлсэн гэж дүгнэж байгаа юм болов уу?
-Тийм болов уу. Хэрвээ оролцуулах бол мэдээлэл өгнө гэсэн.
-Шийдвэрлэх шатанд та бүжиг дэглээч, судлаач, доктор М.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Тамган биелгээ” бүтээлийг бүжиглэжээ. Шүүгчид үүнд өндөр оноо өгсөн бололтой. Сэдэв санаа, агуулга, өгүүлэмжийнх нь талаар яриач.
-М.Мөнгөнцэцэг багш хадны зураг буюу хадан дээрх дүрс, тэмдэглэгээг олон жил судалсны дүнд адууны тамганы хэлбэрийг бүжгийн хөдөлгөөнд оруулж, олон бүтээл туурвисны нэг нь “Тамган биелгээ”. Ерөнхийдөө хөдөлгөөнөөр тамгануудын хэлбэрийг харуулж бүжиглэдэг юм. Ингэх явцдаа язгуур бий биелгээний нам суултаар гурван минут 16 секундийн хугацаанд суудаг. Өөрөөр хэлбэл, хөлөө нэг түвшинд дэлгэн суугаад гарын хөдөлгөөнөөр тамганы дүрснүүдийг илэрхийлэн бүжиглэдэг. Онги, саран, наран, дэгрээ, хайруулан, туухай, хас зэрэг тамганы хэлбэрийг харуулдаг. Ингэж бүжиглэх их хэцүү. Сурах гэж цаг хугацаа, тэсвэр тэвчээрээ барсан даа (инээв). Мөнгөө багшид “Чадахгүй нь ээ. Таныг зөвшөөрвөл нэг хэсгийг нь үл ялиг өөрчилчих үү” гэж хэлэхэд “Олон улсын уралдаанд оролцоход чинь зориулж дэглэснийг чи ойлгож буй. Хаанахын уралдаанд шүүгчид юуг харж, дүгнэж үнэлэхийг би мэдэж байна. Тийм учраас үүнийг заавал хийлгэх гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь ойлгож, хүлээн зөвшөөрөөд, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийсэн.
-М.Мөнгөнцэцэг багштай холбогдож зарим зүйл тодруулсан юм. Таны ингэж хэлснийг мөн ярьсан. Бас “Амка маш хөдөлмөрч залуу. Олон улсад дараалан өндөр амжилт үзүүлсэн нь түүний хичээл зүтгэлтэйг илтгэнэ. Үүний сацуу олон улсын шүүгчдийн шалгуур, харах өнцөг өөр гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр ур чадвараас гадна хөдөлмөр хүнийг бүтээж, амжилт ч авчирдаг гэдэг нь нотлогдож байна” гэж хэлсэн. Та юу гэж бодож байна вэ?
-Багш ингэж хэлж байхад би юу гэх вэ. Би СУИС-ийн Бүжгийн сургуулийн олон багшийн ачаар бүжигчин болсон. Бүжигчин мэргэжлээр сургуулиа төгссөний дараа бүжгийн найруулагчаар үргэлжлүүлэн суралцаж дүүргэсэн. Мөнгөө багшдаа “Надад бүжиг дэглэж өгөөч” гэж хэлэхэд уриалгахан хүлээж авч, “Нуман туульс”-аас авхуулаад хэд хэдэн бүтээл гаргаж өгсөнд нь туйлын баяртай байдаг.
-“Тамган биелгээ” бүжгийн зохиомжийн үндсэн тулгуур гэж үзэж болох язгуур нам суултаар гурван минут 16 секундийн турш хөдөлгөөнгүй байж, гараараа элдэв тамганы дүрс үүсгэн харуулах бүжиг олон улсын шүүгчдэд маш их таалагдсан байх гэж бодлоо. Та санал нэгдэх үү?
-Би бас тэгж бодож байна. Хөлс хар аяндаа урсаад л мөн хэцүү шүү дээ.
-Та хэзээнээс бүжгийн урлагт дурласан бэ.
-Би эмээ, өвөөгийн хүү. Сурагч байхдаа зурагт, интернэтээс харсан бүжгээ дагаж дуурайн сурдаг байлаа. ҮУИТ-ын бүжигчдийн “Эмнэг сургагч”, “Жалам хар” зэргийг их давтдаг байсан. Гэртээ ганцаараа байхдаа үргэлж сургуулилдаг байсан. Хөлсөө гартал дагаж бүжиглэж байснаа ээж, эмээ, өвөө ирэхээс өмнө болиод, гэрээ цэвэрлэж, хоолоо хийнэ. Юу ч болоогүй мэт байхыг хүсдэг байлаа.
-Яагаад нуудаг байсан юм?
-Мэдэхгүй. Ичиж зовоод гэх үү дээ. Удалгүй сургуулийнхаа бүжигчдийн нэг болсон. Маш дуртай учраас дунд сургуулиа төгсөөд эргэлзэх зүйлгүй СУИС-ийн бүжгийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн. Ийм л товчхон түүхтэй.
-Сүүлийн жилүүдэд л цахимаар олон улсын уралдаануудад оролцсон юм уу?
-Өмнө нь БНСУ, ОХУ, Итали зэрэг оронд очиж, уралдаанд оролцож байсан. Харин саяхнаас амжилт гаргаж байна.
-Энэ нь юутай холбоотой бол?
-Мэдээлэл олоод, түүний мөрөөр залхууралгүй харилцаа тогтоох гэж хичээж ирснийх болов уу. Бас чин сэтгэлээсээ бүжиглэдэгтэй холбоотой байх. Мөн бүжгүүдийн сэдэв, санаа, дэглэлт сайных биз ээ.