Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн болон II шатны бүртгэлийн явцын талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрээр "2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд бүртгүүлсэн. Харин хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Улмаар одоогоор 11 мянган хүүхэд бүртгэгдээд байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд ачаалал хамгийн өндөр байна. Эдгээр газруудад хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7000 гаруй сул орон зай байгаа. Тиймээс хувийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учир эцэг эхчүүд өөрт хамгийн ойр газар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцооллоор зургаан хооронд ачаалал үүсэх магадлалтай байна.
Цаашид 10 байршилд гэр цэцэрлэг ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ бол боловсролын салбарт хийгдэж буй шинэ шийдэл юм. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг хангахаар нийт 200 тэрбум төгрөг хуваарилсан. Нийслэлийн төсөвөөс баталсан 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах барилгууд, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэсэн барилгуудад тоног төхөөрөмж, эд хогшил авахад зарцуулагдаж байна.
Бид есдүгээр сарын 1-нээс өмнө 125 байрыг цэцэрлэгийн байраар ашиглалтад оруулах боломжтой гэж тооцоолсон. Өнөөдрийн байдлаар 71 салбарт 7000 орчим хүүхэд яваад эхэлсэн байна. Одоогоор 10 гаруй байрны засвар, тохижилтийн ажил хийгдэж байна. Ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаад ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн тухайд 10 сарын 14-нд гэхэд бүрэн хангагдана гэх тооцоололтой байгаа. Гуравдугаар шатны элсэлт 10 дугаар сарын 10-наас эхэлнэ" гэсэн юм.