22 настай Махса Аминийг есдүгээр сарын 14-нд Тегеран хотноо метроноос гарч ирэхэд нь баривчлав. Толгойндоо алчуургүй явлаа гэж түүнийг буруутгасан байна. Баривчлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа бүсгүй ухаан алдаж, гурав хоноод амьсгал хураажээ.
Аминийг машиндаа хүчээр оруулаад цагдаа нар зодсон, тэр дундаа толгой руу нь цохисон гэж хүмүүс гэрчилсэн ч цагдаа нар үүнийг үгүйсгэж, Амини цагдаа нарын нэгтэй нь юм ярьж байснаа толгойгоо барьж, тэгснээ унаж байгаа дүрс бичлэгийг олон түмэнд үзүүлсэн байна. Цагдаагийн байгууллагын нотолж байгаагаар бол зүрх нь гэнэт хаагдсанаас эмэгтэй өөд болсон аж. Түүний эрүүл мэнд нь сайнгүй байжээ гэж Дотоод хэргийн сайд нь мэдэгджээ.Тэгвэл охин нь цоо эрүүл байсан, амиа алдсаных нь дараа үзэхэд хөл дээр нь хөх толбонууд бий болсон байсан хэмээн эцэг нь сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлжээ. Цагдаа нарын үзүүлсэн бичлэгийг тэрбээр эвлүүлэг гэж үзэж байв.
Удалгүй Аминийн төрсөн хот Секкед болон мужийн төвд эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлээ. Ийм тэмцэл Ираны 80 гаруй хотод болж 17 хүн амиа алдсан байна. Курдийн хүний эрхийг хамгаалах бүлгийн мэдэгдсэнээр 38 хүн хохирол үзсэн аж. Даваа гарагт нийслэл Тегеранд эмэгтэйчүүд жагсаж, Засгийн газраа эсэргүүцсэн уриа хашхирч, зарим нь алчуураа авч хаяж, үсээ хяргажээ. Оюутнууд ч үүнд нэгдлээ. Зарим хотод хүмүүсийн амь үрэгдсэн гэсэн мэдээллийг эрх баригчид нь болохоор эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүс зориуд өдөөн хатгаж, өөрсдөө аллага үйлдсэн гэж нотлохыг оролдсон байна. Цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Толгойгоо алчуураар боож, битүү хувцаслахыг Исламын хувьсгалаас хойш эмэгтэйчүүдэд албадах болсон аж. Аятолла Хомейнийг засгийн эрхэнд гарсны дараа 1979 оны гуравдугаар сарын 8-нд 100 мянган эмэгтэй эрхийг нь хязгаарласан шийдвэрийг эсэргүүцэж, Тегеран хотын гудамжинд гарч байжээ. Аятоллагийн төрөлх хот Кумид 3000 хүн бас эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэ тэмцэл хэдэн өдөр үр гэлжилж, 15 мянган хүн Шүүхийн ордонд нэвтрэн орж, гурван цагийн турш суулт зарлажээ. Үүний хариуд Засгийн газар зарим хязгаарлалтаа цуцалж, алчууртай байхыг албадахаа больсноор эсэргүүцэл намжсан байна. Гэвч олон нийтийн дунд зохимжгүй байдалтай биеэ авч явсан эмэгтэйн биед халдах заалт бүхий хуулийг хэдэн жилийн дараа батлав. Түүнчлэн боловсрол олж авах, албан тушаал ахихаас аваад гэр бүлийн амьдрал, чөлөөт цагт хамрах олон хориог сэргээв. 1990 онд гэхэд Иранд эмэгтэйчүүдээ шашны хатуу дэг жаягаар нийгмийн орон зайнаас “зайлуулах” болжээ.
Дараа нь 10 гаруй жил байдал нэлээд өөрчлөгдөж, хүмүүс хот суурин газарт олноор амьдарч, дээд боловсрол эзэмших нь түгээмэл болж, гадаад орнуудад аялж, хиймэл дагуулаас телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үздэг болов. Төрийн албанд ажиллахыг эмэгтэйчүүдэд хориглодог байсан бол тэд цагдаа, гал түймэртэй тэмцэх байгууллагад алба хашиж, парламентад ч сонгогдох болжээ. Иран эмэгтэйчүүдийн шинэ үеийнхэн хувцсаа сонгоход зарим талаар чөлөөтэй болж, тод өнгөтэй, үсээ дөнгөж далдалсан алчуур зүүж, дулааны улиралд задгай хувцас, өвөлд бариу өмд өмсөж явах болсон байна.
Махмуд Ахмадинежад Ерөнхийлөгч болсноор хэлмэгдүүлэлтийн шинэ давлагаа эхэлжээ. 2007 онд үл нийцэх байдалтай хувцасласан хэмээн олон мянган эмэгтэй сануулга авч, хэдэн зуун бүсгүйг баривчлав. Нэг эмэгтэй амиа алдсаныг цагдаагийн байгуулллага амиа хорлосон хэмээн нотолсон байна. Нийгмийн сүлжээ хүмүүсийн амьдралд нэвтрэхийн хэрээр эсэргүүцэл, тэмцлийн идэвхжил интернет рүү шилжлээ. 2014 онд Иранаас гарч явсан сэтгүүлч эмэгтэй Масих Алинежад “Миний нууц эрх чөлөө” нэртэй төслийг “Facebook”-ээр, дараа нь сайтаар дамжуулан хэрэгжүүлж, толгойндоо алчуур зангидаагүй иран бүсгүйчүүдийн зургийг үзүүлэх болов. Энэ бүсгүй сэтгүүлчийн асуултад хариулахдаа, хүүхэд байхаасаа л толгойдоо алчуур зангидсан болохоор түүндээ дасчихаад шөнө ч тайлдаггүй байсан. Түүгээр ч барахгүй надад гэзэг гэж юм бий гэдгийг үнэндээ мартах шахсан гэсэн байдаг. Харин тэрбээр хэдэн жил Лондонд амьдарч байхдаа алчуураа тайлж, нэг удаа гүйж яваа зургаа нийгмийн сүлжээнд тавьчихсан чинь үс нь салхинд хийсэж байж. Үүнийг үзсэн иран хүүхнүүд алчуургүй авхуулсан зургаа түүн рүү илгээжээ. Тэдний зарим нь цаашаа харж байж зургаа авхуулсан, нэлээд нь гудамжинд зогсоод аппарат руу эгц харан инээвхийлж байв. Одоо уг төслийн “Facebook” дэх хуудсанд нэг сая гаруй хүн нэгдээд байна. “My stealthy freedom” сайтын баримтаар тус төслийн нийт сувагт 10 сая гаруй хүн хамрагдаж байгаагийн 80 хувь нь Иранд аж төрж буй аж.
2017 онд Алинежад эсэргүүцлээ илэрхийлж долоо хоногийн гурав дахь өдөр цагаан алчуур хэрэглэж байх “Цагаан лхагва гараг” нэртэй хугацаагүй акц зохион байгуулав. Түүний ярьснаар ердөө эхний долоо хоногт л уг акцад оролцсон бсүгүйчүүдийн 500 гаруй дүрс бичлэг Алинежадад иржээ.
Ерөнхийлөгч Хасан Роуханын эдийн засгийн бодлогоос үүдэлтэй олон нийтийг хамарсан тэмцэл мөн онд улс даяар эхлэв. Арваннэгдүгээр сарын эцсээр Вида Мовихед гэдэг эмэгтэй утасны шон руу авиран гарч, цагаан алчуураар даллаж буй дүрс бичлэг өргөн түгэв. Түүний үйлдлийг олон эмэгтэй давтлаа. Тэдэнд цагдаа нар харгис хатуу хандаж, хөл гарыг нь хугалсан, зодож нүдсэн сураг ч дуулдаж байв. Бүсгүйчүүдийн тэмцлийг нийгмийн хэв журам зөрчсөн гэж эрх баригчид үзсэн байна. Тэдгээр эмэгтэйн цөөнгүй нь эх орноосоо гарч, үлдсэн нь шоронд оржээ. 2019 онд баривчлагдсан Корд Афшари 24 жил хоригдох яв авсан нь хамгийн хүнд шийтгэл байлаа. Түүнийг “биеэ үнэлэхийг өөгшүүлэн дэмжсэн”, “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” хэмээн буруутгажээ. Хожим нь ялын хугацааг 7.5 жил болгож цөөрүүлсэн аж.
Алчуураар толгойгоо битүү ороох нь эмэгтэйчүүдийг хүчинд автан энгэр зөрүүлэхээс хамгаалдаг тул тэдэнд ач тустай гэж Ираны эрх баригчид байнга хэлдэг ч ийм биш болохыг амьдрал харуулж байна. Биеэ битүү далдалсан бүсгүйчүүд элдэв төрлийн, түүний дотор бэлгийн харилцааны хүчирхийлэлд илүүтэй өртдөг аж.
1980-аад онд эмэгтэйчүүдийг алчуур заавал зангидаж байхыг шаардсан хууль үйлчилж байснаа ялангуяа эрэгтэй хүн давуу эрх дархтай байдаг гэр бүлийн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг нь болиулжээ. Урьд нь нөхөр нь юм уу, эцэг нь их сургууль мэтийг ёс суртахууны хувьд хэтэрхий задгай орчин гэж үздэгээс охиноо тийш явуулдаггүй байсан бол ёс суртахууны хууль хэрэгжүүлж эхэлснээр бүх юм өөрчлөгдөж, олон газар, үйл ажиллагааг эмэгтэйчүүдэд аюулгүй гэж үзэх болжээ. Гэхдээ эмэгтэй хүн олны анхааралд өртөхгүй байхыг дээд зэргээр хичээж явах ёстой. Тэгэхдээ тухайн үеийн төр, засгийн бодлого, шашин шүтлэгийн үнэт зүйлсийг дэмждэг хүмүүс Засгийн газрын үйл ажиллагаанд “Нүүрээ далдлаагүй эмэгтэйчүүд шившиг”, “Алчуур бол хүүхнүүдийн хуяг дуулга юм” гэсэн уриатай оролцохыг хориглоогүй.
Иранд эмэгтэйчүүдийн хувцасласан байдал нь аль аль талын эсэргүүцлийн шинж чанарыг агуулж байдаг. Төрийн албан хаагчид чанд мөрддөг бичигдээгүй хууль олон бий. “Эмэгтэй хүн дугуй, мотоциклоор явж болохгүй” гэсэн заалт Исламын шашны хуулиудад байхгүй ч ийм унаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг баривчилдаг. Бүсгүйчүүд олон түмний өмнө дуулж болохгүй, эрэгтэйчүүд оролцож буй спортын тоглолт үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд очихыг хориглодог. Эмэгтэйчүүд оролцож болохгүй спортын төрөл олон бий гэж бүсгүйчүүд ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрх олон салбарт зөрчигддөг, гэлээ ч толгойн алчуур нь тулгуур үзэлтнүүд хийгээд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжигчдийн тэмцлийн бэлгэ тэмдэг болж байдаг. Эдний зөрчил сөргөлдөөн 2022 онд дахин хурцаджээ. “Алчуурын өдөр” буюу долдугаар сарын 12-нд олон зуун эмэгтэй толгой нүцгэн авхуулсан дүрсээ нийгмийн сүлжээнд тавьсан байна. Үүний хариу болгож эмэгтэйчүүдийн эрхийг 6-9 сар хязгаарлах заалт бүхий хуулийг Ерөнхийлөгч Ибрагим Раиси наймдугаар сард батламжлав. Тэгэхдээ сүүлийн үеийн мэдээгээр Махса Аминийн аминд хүрсэн хэргийг шалгуулахаа Ерөнхийлөгч нь амлаад байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант