Манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх нэвтрүүлжээ. Энэ нь манай улсад хийсэн, эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс засал юм байна. Цаашлаад 2011 онд элэг, үүнээс гурван жилийн дараа цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлжээ. Улсын хэмжээнд одоогоор нийт 480 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн байна. Тэдгээр иргэний 281 нь бөөр, 171 нь элэг, 28 нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулсан аж. Эдгээр мэс заслыг өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт түшиглэн хийж байгаа юм. Манай улс энэ төрлийн эмчилгээний арга технологио тогтмол сайжруулж, хөгжүүлж байгааг тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал онцолсон. Тухайлбал, Монголд анх удаа донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлсэн талаар бид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Үүнээс гадна цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлжээ. Мөн хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлээд буй юм байна. Ташрамд дурдахад, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг аж.
Бэлтгэсэн М.Оч