Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлого хариуцсан орон тооны зөвлөхөөр ажиллаж буй Эрдэнэбаатарын Долгион нь 2003 онд ИБУИНХУ-ын Брэдфордын их сургуулийг аюулгүй байдал, эрсдэл судлаач мэргэжлээр төгсөж, 2010-2011 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн, мастерын зэрэг хамгаалжээ. 2015 оноос СЭЗИС-ийн Эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй билээ.
Э.Долгион ажлын гараагаа 2007 онд МҮОНРТ-ээс эхэлж, “Блүүмбэрг” телевизийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас нь, мөн “Asia mining”, “Forbes” сэтгүүлийг 2021 он хүртэл удирдахын зэрэгцээ “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байв.
Глобал болоод дотоодын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн түүний тойм, нийтлэлийг 14 хоног тутам, “Өнөөдөр” сонины баасан гаргийн дугаараас уншаарай.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мягмар гаргийн хуралдаанаараа бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргав. “Томоохон эдийн засгууд, хөгжингүй орнууд хүүгээ огцом өсгөж байгаа нь бусад улс нийтээрээ бодлогын хүүгээ өсгөх дарамт үүсгэж байна” хэмээн Төвбанкны ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурджээ. Байж болох л юм. Гэхдээ өдгөө наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4, Улаанбаатар хотод 14.8 хувьтай буй инфляц зорилтот түвшиндээ хүрч тогтворжих хүртэл Монголбанкны Мөнгөний бодлогын хорооныхонд хүүгийн түвшнийг өсгөх, зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлтийг хумих арга хэмжээ авахаас өөр хувилбар үлдээгүй байж магад. Тэгвэл энэхүү мэдэгдэлд дахин давтан тодотгосон улс орнуудын мөнгөний хатуу бодлого, гадаад эдийн засгийн таагүй орчин хэмээн чухам юуг хэлээд байна вэ гэдгийг харцгаая.
Дэлхий дахиныг нөмөрч, өдгөө гурав дахь жилдээ дамнан үргэлжилж буй цар тахал, түүний эффект олон орны нийгэм төдийгүй эдийн засгийн ертөнцөд ядаргаа болсон хэвээр байна. Цар тахлаас үүдсэн худалдааны хязгаарлалтууд, хил, гаалийн удаашрал, ложистикийн хүндрэл, нөгөө талаас бөмбөрцгийн умардад өдгөө долоо дахь сардаа үргэлжилж буй геополитикийн хямралын улмаас дэлхий даяар эрчим хүч, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд бүх л бараа, бүтээгдэхүүний үнэ гайхалтай хурдан өсөв. Үнийн өсөлт ийнхүү улам бүр гаарч, дэлхийн олон оронд инфляцын түвшин сүүлийн 40 жилд үзэгдээгүй өндөрт тэмүүллээ. Монголд 14 хувьтай гээд гаслаад буй ч Туркт жишээ нь инфляц 80 хувьд хүрээд байна. Тэгвэл дэлхий нийтээр эрчээ авсан үнийн өсөлтийг хазаарлахын тулд улс орнуудын Төвбанк мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулах арга хэмжээг нэг дор авч эхэлсэн нь дэлхий дахины эдийн засгийг уналт руу чирэв. Энэхүү уналт эргээд Монгол мэтийн хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусах санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй байна.
АНУ-ын Төвбанк төдийгүй дэлхийн бусад орны мөнгөний бодлогыг тодорхойлогчид ч мөнгөний бодлогыг хатууруулах ижил төрлийн тоглоом тоглож, улам бүр чангаруулахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ долоо хоногт л гэхэд АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 75 пунктээр өсгөх төлөвтэй байгаа ба энэ нь он гарснаас хойш хүүгийн түвшнийг гурвантаа хөндөж буй үйлдэл юм. АНУ-ын инфляц найман хувьд хүрснээр ийн бодлогын арга хэмжээ авч байгаа хэрэг. Улмаар Английн Төвбанк мөн мөнгөний бодлогоо 50 пунктээр чангатгаж, араас нь Индонез, Норвег, Филиппин, Швед, Швейцарын Төвбанк бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна. Он гарснаас хойш дэлхийн нийт 90 орчим Төвбанк бодлогын хүүгээ нэмснээс тэн хагас нь нэг удаагийн шийдвэрээр, хамгийн багадаа 75 пунктээр өсгөсөн байгаа юм. Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк “Bank of America corp.”-ийн ахлах эдийн засагч Итан Харрис “Бодлогын хүүгээ хэн нь хамгийн хурдан өсгөх өрсөлдөөн мэт” хэмээн эдийн засгийн ертөнцөд өрнөж буй энэ үйл явдлыг чимхжээ. Бодлогын хүүгийн дараалсан өсөлтийн үр дүнд өдгөө дэлхий даяар сүүлийн 15 жилийн хугацаанд үзэгдээгүй мөнгөний хатуу бодлого ноёлов. Түүгээр ч үл барам энэ оны гуравдугаар улиралд дэлхийн голлох эдийн засагтай орнуудын Төвбанк бодлогын хүүгээ 1980 оноос хойш тохиогоогүй өндөр хувиар өсгөх хүлээлттэй байгааг “JPMor¬gan chase & co.” анхааруулаад, мөнгөний хатуу бодлого энэ хүрээд дуусахгүй, улам чангарах тухай сануулж байна. Дэлхийн банкны судалгаагаар 2023 он гэхэд Төвбанкуудын бодлогын хүү дунджаар дөрвөн хувьд хүрэх ба энэ нь 2021 оныхоос даруй хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харамсалтай нь, бодлогын энэхүү хариу арга хэмжээ нь глобал инфляцыг цар тахлын өмнөх нам дор түвшинд аваачихад хангалтгүй хэмээн олонх эдийн засагч үзэж буй. Эсрэг талд, бодлогын хүү өсгөх нь зайлшгүй арга хэмжээ хэдий ч тэр хэрээр эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтэд төдий хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байна.
Харамсалтай нь, өдгөө дэлхийд сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд байгаа глобал инфляц нь өрх, бизнесийн эрэлт гэхээсээ илүүтэй эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок, түүнээс үүдсэн үнийн өсөлтөөс үлэмж хэмжээний хамааралтай. Төвбанкуудын бодлого түүнд маш багахан нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг дараах үзүүлэлтүүд харуулна. Монгол Улсын өмнөд, хойд хөрш дэлхийн эрчим хүчний зах зээл, үнийг тодорхойлдог. “Ёроолгүй” гэгддэг Хятадын хувьд эрэлт нь эрчим хүчний зах зээлийн үнэ тогтох суурь нөхцөлүүдийн нэг болдог ба цар тахлын дараах тус улсын эдийн засаг болон Ази, Европын эрчим хүчний эрэлтийн өсөлт нь давхацсан. Товчхондоо, цар тахлын үеийн царцанги байдлаас өнгөрсөн жилээс өндийж эхэлсэн эдийн засгуудад эрчим хүчний эрэлт огцом нэмэгдсэнээр нийлүүлэлтийн асуудалтай тулгарав. “S&P global platts”-ийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадын хийн эрэлт 2021 оны хоёрдугаар хагасаас огцом дээшилж, энэхүү өсөлтийг хангахын тулд импортыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлага тулгарсан юм. Улмаар Катар тэргүүтэй эрчим хүчний бүтээгдэхүүн экспортлогч орнуудын хийн тээвэр Европоос илүүтэй Хятадыг чиглэж эхэллээ. Гэвч эсрэг талд эрэлтийн энэхүү дутагдлыг нөхөх үүрэгтэй-эрчим хүчний бүтээгдэхүүний голлох нийлүүлэгчдийн нэг ОХУ эрчим хүчний бодлогоо улам чангатгаж, экспортоо өсгөхөөс татгалзав. Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн огцом бууралт нь өндөр инфляцтай давхцаж, өдгөө глобал түвшинд эдийн засгийн зогсонги байдал, уналтыг ийнхүү зөгнөж байна.
Инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэх нь өсөлтийг хазаарлана гэсэн үг. Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын компани “Black rock Inc.”-ийн шинжээчид мөн үүнийг батлан тэмдэглэж, инфляцыг хоёр хувьд барих Холбооны нөөцийн банкны бодлогын үр дүнд АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэж, гурван сая хүн нэмж ажилгүй болно хэмээн тооцоолжээ. Тэгвэл Европын тухайд эдийн засгийн агшилт илүү өргөн хүрээнд, гүнзгий нүүрлэх төлөвтэй байна.
Мөнгөний хатуу бодлогын үр нөлөө эдийн засгийн хөрсөн дээр буухаас урьтаж хөрөнгийн зах зээлд шок мэдрэгдэж эхэлдэг. АНУ наймдугаар сарын инфляцын түвшнийг танилцуулсан өглөө хөрөнгийн зах зээл сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн огцом уналтыг үзүүлэв. Ерөөс Төвбанкууд бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй тул үнэт цаасны зах зээл 20 гаруй хувиар унана хэмээн Америкийн тэрбумтан хөрөнгө оруулагч, хеж сангийн менежер Рэй Далио үзэж байна. АНУ-ын Сангийн яамны богино хугацаатай үнэт цаасны өгөөж урт хугацаатай бондынхоос энэ зуунд үзэгдээгүй өндөр түвшнээр давав. Харин “S&P 500” индекс доошилсон нь 2008 оноос хойших хугацаанд хамгийн огцом уруудсан үзүүлэлт байлаа. Мөнгөний хатуу бодлого юуны өмнө санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, дараа нь эдийн засаг, улмаар инфляцад нөлөөлж эхэлдэг. Тийм ч учраас дахин давтан нэмж буй бодлогын хүүгийн өсөлт эдийн засагт үлэмж хэмжээний уршиг дагуулахаар байна.
“Bank of America”-гийн судалгаагаар энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүлээлт бүх цаг үеийнхээ доод түвшинд хүрнэ хэмээн сангийн менежерүүд үзэж байна. 1980-аад оноос хойш дэлхийн эдийн засаг жилд дунджаар 3.4 хувиар өссөн байдаг. Тэгвэл өдгөө мөнгөний хатуу бодлого, “Ковид-19” цар тахлын нөлөө, ОХУ, Украины геополитикийн хямрал тэргүүтэй хүчин зүйлийн улмаас энэ үзүүлэлт дунджаар нэг хувьд хүрч удаашрах эрсдэлтэй байгаа юм. Дэлхийн хамгийн том гурван эдийн засаг-Америк, Хятад болон евро бүсийн өсөлтийн индикаторууд огцом удааширч байна.
Ложистикийн гигант “FedEx”-ийн үйл ажиллагаа Ази, Европын бүсүүдэд огцом саарах төлөвтэй байгаа учраас хэд хэдэн салбараа хаахаар төлөвлөж буйг хөрөнгө оруулагчдадаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр хувьцааных нь ханш 20 хувиар суларлаа. Улмаар “Amazon”, “Deutsche post”, “Royal mail”-ийн хувьцааны ханш мөн чичрэв. Тэрчлэн Хятадын технологийн салбарын гигантууд зардлаа танаж, эдийн засгийн хямралд бэлдэж байна. Зөвхөн “Alibaba” групп л гэхэд энэ оны хоёрдугаар улиралд 9241 ажлын байр танасан бол “Tencent” орон тоогоо 5500-гаар цомхотгох шийдвэр гаргав. Түүнчлэн “Xiaomi”, “Baidu”, “ByteDance” тэргүүтнүүд эдийн засгийн уналтад бэлдэж, хөрөнгө оруулалт, зардлаа танах бодлогыг энэ оны хоёрдугаар улирлаас хэрэгжүүлж эхэллээ.
Ийнхүү эрэлт болон эрчим хүчний салбарын хямралаас үүдэн гаарч буй инфляцыг мөнгө санхүүгийн бодлогоос илүүтэй нийлүүлэлт, гарцыг дэмжих замаар хязгаарлах нь хамгийн оновчтой шийдэл болов уу. Монголд ч инфляц өдөөгдөж буй нэг шалтгаан нь эрэлт гэхээсээ бас нийлүүлэлт болсон. Олон улсын түвшинд алдагдсан эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахын тулд зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлтийг боомилж, эрэлтийг хязгаарласнаар хараахан шийдэгдэхгүй. Харин оронд нь тээвэр, ложистикийн хүндрэлүүдээ шийдэх, нийлүүлэлтийг сайжруулах, нэмэлт хөрөнгө оруулалтаар дамжуулан бүтээмжийг өсгөх, экспортыг тултал нь дэмжих, капитал хөрөнгийг оновчтой хуваарилах зэрэг нь асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарц. Харин бид хямралд бэлэн үү?