Тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хүлээлгэн өглөө. Ингэснээр энэ төрлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг байдлыг хална гэж тус яамнаас онцлов. Тодруулбал, хавдрын тусламж, үйлчилгээ өмнө нь зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд төвлөрдөг байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн гуравдугаар шатлалын Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн аж. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнгөрсөн оноос хойш хорт хавдрын 955, хоргүй хавдрын 501 мэс засал хийжээ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт гэхэд хавдрын мэс заслыг 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 1515 удаа хийгээд байна. Эдгээр эмнэлэгт шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгснөөр тусламж, үйлчилгээний хүртээмж тэлэхийг ЭМЯ-наас мэдээлэв. Түүнчлэн манай улсад нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээ хийдэггүй байжээ. Тэгвэл өчигдөр дээрх гурван эмнэлэгт нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ. юм.
Бэлтгэсэн М.Оч