Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа.
Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм.
Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.