ДБЭТ уран бүтээлийн 60 дахь улирлаа ирэх сарын 1, 2-нд тоглох Ж.Вердийн “Аида” дуурь, 8, 9-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар нээхээр бэлтгэж буй юм. Дуурийн урлагийн мастерын алдарт, гранд хэмээн тодотгодог “Аида” дуурийн Амнерис буюу Египетийн хааны охины дүрд 2011 онд уг бүтээлийг тайзнаа анхлан тавьснаас хойш өнөөдрийг хүртэл тоглож буй, меццосопрано хоолойт М.Дариймаатай товч ярилцлаа.
-Та энэ дүрийг 11 дэх жилдээ бүтээж байна. Анхны тоглолтын сэтгэгдлээ өнөөдөр хуучилж ярих уу?
-Театр “Аида” дуурийг 2011 онд анхлан тайзнаа тавьсан. ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной найруулж, өөрөө болон маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар удирдан тоглуулсан юм. Зочин найруулагч, удирдаач дүрүүдэд дуучин сонгон шалгаруулахдаа гоцлол дуучин болоод удаагүй намайг нэг бүрэлдэхүүнд багтаасан нь миний уран бүтээлийн замналд ихээхэн түлхэц болсон гэж боддог. Их баярладаг.
-Амнерисийн дүр меццосопрано хоолойтнуудын дуулах ур чадварыг ихээхэн сорьдог санагддаг. Энэ дүр өнгөрсөн хугацаанд таныг хэрхэн хөгжүүлсэн бол?
-Амнерис бол дайтагч хоёр талын нэг Египет улсын хааных нь охин. Тэр нөгөөх тал Этиоп улсын хааны охин Аида (баригдаж Египетэд ирээд боол болдог)-гийн адил өөрийн улсын цэргийн жанжин Радамест дурлачихдаг. Хүн төрөлхтний үеийн үед мөнх байдаг хайрын гурвалжингийн түүх сэтгэлтэй хос Радамес, Аида нарын үхлээр өндөрлөх хүртэл Амнерис нь сайхан залуугийн сэтгэлийг татах гэж хичээхдээ юу эсийг туулах билээ. Хүлээнэ, шанална, худал хуурмаг зан, заль гаргана, үнэн сэтгэлээс тарчилна. Сэтгэлийн энэ бүх хөдөлгөнийг үйлдэл дунд дуугаар илэрхийлэх амаргүй ээ. Гэхдээ аливаа юм санаанд багтаж, гарт ороод ирэхээр сайхан болдог доо. Амнерис бол миний хувьд тийм дүр.
-Энэ удаа та дуучдаасаа хэнд “дурлах” вэ?
-Радамес жанжинд хэн тоглох вэ гэж асууж байна, тийм үү. Манай театрын гоцлол дуучин М.Даваадорж анхлан энэ дүрийг бүтээх гэж байна. Дэлхийн сонгодог болон Монголынхоо олон дуурьд гол дүр бүтээсэн гоцлооч сайхан Радамес болж байна аа. Манай багийн Аидад Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа тоглоно. Харин түүний аав Амонасрод гоцлол дуучин Э.Отгонбат анхлан дуулахаар боллоо. ДБЭТ-ын уран бүтээлийн 60 дахь улирлын нээлтийн тоглолтуудыг удирдахаар ОХУ-аас маэстро А.П.Чепурной ирэх юм.