Иргэн Тулга нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 - 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.
Прокуророос Тулгыг ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс иргэн Тулгыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульд заасны дагуу Тулгын мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлого болох 5.891.500 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Тулгын өмгөөлөгчөөс “... 5.891.500 төгрөгийн ашиг олоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар бусдаас авсан 5.891.500 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, ашиг олсон болох нь тогтоогдсон гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсаныг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Шийдвэрийн дугаар: 2022 оны 1 сарын 13-ны өдөр 72
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон