Шүүгдэгч Амар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б-г зодож амь насыг нь егүүтгэж, улмаар амь нас нь хохирсоныг бусдаас нуухын тулд хохирогчийн цогцсыг мөчлөн зөөвөрлөж, хээр аваачин шатаажээ.
Прокурорын газраас Амарыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Анхан шатны шүүхээс шүүгдэгч Амарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин энэ тохиолдолд, “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Амар нь хохирогчийг амьд байхад нь цохих өшиглөх байдлаар гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч амиа алдсан, талийгаачийн цогцсыг зөөвөрлөн хаяхад цүнхэнд багтаагүй гэх шалтгаанаар цогцсыг мөчлөн зөөж, хээр аваачин бензин асган шатаасан байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нас барсан хүний цогцсыг мөчилсөн, шатаасан зэрэг үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэрэг гэж зүйлчилсэнийг буруу гэж үзэж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Амарт 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог.
Шийдвэрийн дугаар: 2021.03.17 №352 Шт
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.