“Ийм гоё хөгжмөөр тоглох хүн Монголд байхгүй гэнэ” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд байхыг хараад, мэргэжлийн урлагийн ДБЭТ, Улсын филармони гэсэн хоёр том байгууллагын симфони оркестрын арфчид (босоо ятга гэх нь бий) яасан юм бол гэж бодов. Ингээд “дуурийн” Л.Туултай холбогдож ярилцсан юм.
-Арфаа тоглож байгаа юу?
-Тоглож байгаа. Театрынхан маань уран бүтээлийн улирлаа нээх гээд ажил ундарч байна.
-Аль оркестрт юм бол арф эзгүйдэх гээд байгаа юм шиг ойлголоо.
-Би тэтгэвэрт гарах гэж байгаа. Филармонийн Энхмаа бас дөхөж байгаа болов уу. Гэсэн ч биднээс өөр тоглох хүн байхгүй болохоор араас хэн ирнэ, тэр хүртэл ажиллаж л байх болов уу. Өнөө хэр бэлтгэсэн хөгжимчин байхгүй.
-Консерваторт ийм мэргэжлээр сургадаггүй юу?
-Үгүй. Бид 1985 онд зургуул төгссөн юм. Түүнээс хойш нэг ч хүн нэмж бэлтгээгүй.
-Ийм олон жил үү. Орон тоо байхгүй гэж үздэг юм болов уу?
-Түүндээ ч биш байх аа. Байгаа ганц, хоёр хүн нь магадгүй өвдвөл, эсвэл өөр ажил сонгоод явбал яах вэ гэж тооцоолоод хөгжимчин бэлтгэх ёстой байсан байх. Зүгээр л ач холбогдол өгдөггүй юм болов уу гэж харж байсан удаатай. Яагаад гэхээр манай театрын симфони найрал хөгжимд тоглож байсан Чинбат эгч тэтгэвэрт гарснаас хойш бараг 10 жил арфчингүй байсан.
-Санаж байна. Үзэгчдийн сайн мэдэх “Хунт нуур” балетын арфаар гоцолдог хэсгүүдийг даралтат хөгжмөөр орлуулдаг байсан шүү дээ.
-Тийм ээ. Төгөлдөр хуурчид маань “Касио”-гоор тоглодог байсан.
-Үзэгчид дургүйцдэг байсан болов уу?
-Хүмүүс “Хунт нуур”-ыг дахин дахин үзээд байдгийн учир нь тансаг хөгжмийг нь сонсох гэж тэр юм. Гэтэл хамгийн дуртай арфаар гоцолдог хэсгүүд санаанд нь хүрэхгүй болохоор сэтгэл ханадаггүй байсан байх.
-Хэрвээ суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский энх тунх байгаад, монголчууд “Хунт нуур”-ыг ингэж тоглож байсныг мэдвэл юу гэх байсан бол гэж бодлоо.
-Гайхаад барахгүй. Аягүй бол “Хунт нуур” тоглох эрхийг чинь хаслаа гэх байсан биз дээ (инээв). Түүний “Хунт нуур”, “Щелькунчик”, “Нойрсож буй гоо бүсгүй” гэсэн балетын хөгжмийн амин сүнсийг арфаар илэрхийлсэн байдаг. Аль алинд нь энэ зэмсгийг тодотгож, бүтээл зориулж бичсэн. Сайн хөгжмийн зохиолч, удирдаач нар бол арфыг шүтдэг. Тиймдээ ч социализмын үеийн удирдаач нар арфыг чухалчилдаг байж дээ гэж боддог.
-Та хөгжмөө танилцуулах уу. Утсан хөгжмийн төрөлд хамаардаг уу?
-Симфони оркестрт бол цохивор хөгжмийн хэсэгт хамааруулан байршуулдаг. Ер нь ганцааранг нь нэг ангилалд авч үзэж болдоггүй болохоор цохивор хөгжмийн төрлийн зэмсэг гэж үздэг юм болов уу.
-Утас татаж тоглодог шүү дээ.
-Тийм ээ. Гэсэн ч тоглох зарчим нь хийл, виолончель, эрдүү хийл, контрбасс гэсэн нумаар тоглодгуудаас өөр. Төгөлдөр хууртай ойролцоо зохион байгуулалттай. Бүтэц, хийц нарийн. Ер нь босгож тавьсан төгөлдөр хуур л гэсэн үг дээ. Үнэ нь 70-80 мянган ам. долларт хэлбэлздэг. Утас нь гэхэд бусад хөгжмийн зэмсгийн хэрийн үнэтэй.
-Тухайлбал, таны тоглодгийг манай улсад хэзээ оруулж ирсэн бол?
-Сонгодог хөгжмийн урлагийг системтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд тэртээ 1970-1980-аад онд төрөл бүрийн зэмсэг гадаадаас оруулж ирсэн юм билээ. Тэр үеийнх. Арф 47-48 утастай байдаг. Миний тоглодог зэмсгийн бүх утас нь тасарсан. Би залгаж тоглодог. Өөрөө засдаг. Яагаад гэхээр засварчин байхгүй. Одоогоор уламжлуулж заах арга алга. Нөхцөл байдал иймэрхүү. 1981 онд зургаан сурагчийг арфын ангид нэгтгэсэн юм. Тэднээс намайг л хийлийн ангиас оруулсан. Бусад нь төгөлдөр хуурын ангийнхан. Орос багш нараар заалгасан. Тэднээс нэг нь ДБЭТ-т, нэг нь Улсын филармонид ирсэн. Бусад нь мэргэжлээрээ ажиллаагүй.
-Дуурийн театр 10 жил орчим хугацаанд арфчингүй байх хооронд та Монголд байгаагүй юу?
-Байсан. Яагаад ч юм ажилд авдаггүй байсан. Тэр үед дүү нар минь хамт гадаад явъя гэдэг байлаа. Гэсэн ч би зориглоогүй. Хөгжмөө л тогломоор санагдаад байдаг байв. Арфдаа, “Хунт нуур”-таа хоргодоод болохгүй. Одоо ч гэсэн адилхан, тэтгэвэрт гараад зүгээр суух бодол алга. “Хунт нуур”-аа л тоглож байвал болоод явчихна. Театраас гараад 11 жил болсны дараа 2015 онд, Ж.Бүрэнбэх маэстро ерөнхий удирдаач байх үед ажилдаа буцаж орсон.
-Та ажлын гараагаа эхэлсэн театраасаа яагаад гарсан байв?
-Чинбат гэж мэргэжил нэгт эгчдээ боломж олгох гэж гэх үү дээ, саналаараа гарсан юм. Чинбат эгч Орост хөгжмийн дунд сургууль төгсөөд, дараа нь энэ мэргэжлээрээ Болгарын Консерватор төгссөн юм. Ийм өндөр боловсролтой хүн ажиллах ёстой гэж би бодсон. Би ажлаасаа гараад зүгээр байгаагүй. МУИС-д урлаг судлаачаар суралцаж төгссөн. Дипломын ажлаа “Арф, түүнийг сургах хөтөлбөр” гэсэн сэдвээр бичиж, хамгаалсан. Багш нар өмнө нь ийм сэдэв хэн ч хөндөөгүй гээд ихэд баяртай байлаа. Залуудаа ДБЭТ-т хөгжимчнөөр ирэхдээ удахгүй гадаадад дээд сургуульд сурна гэсэн зорилготой байсан юм. Даанч тухайн үед оронд минь тоглох хүн байгаагүй болохоор сургуульд явах боломж олдоогүй. Тэгсээр байтал 10 гаруй жил өнгөрчихсөн. Гэхдээ би хэн нэгэнд гомдоллодоггүй. МУИС төгссөн цагаасаа хойш хичээсээр арф хөгжим заах сургалтын хөтөлбөр боловсруулсан. Ноот бэлэн. Хүссэн хүн сурахад асуудал байхгүй.