Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, удирдагчид Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэхээр Лондон хотын Уэстминстер Аббей ордонд цугларлаа. Хатан хааны шарилыг Гэгээн Жоржийн сүмд, аав, ээж, дүү гүнж Маргарет болон нөхөр хунтайж Филип нарынх нь булшны дэргэд зэрэгцүүлэн оршуулжээ.
Оргшуулгыг цуваа Их Британийн парламент байрладаг Уэстминстерийн ордноос хөдөлсөн бөгөөд цувааг хааны гэр бүлийн ахмад хүмүүс дагалдан явав. Уэстминстер Аббей ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний эхнэр Брижит нар хамгийн түрүүнд ирсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байден эхнэр Жиллийнхээ хамт хуягласан лимузинээрээ сүмд ирсэн цорын ганц төрийн тэргүүн болов. Лондонгийн замын түгжрэлд орсноор тэрбээр төлөвлөснөөс хоцорч иржээ. Харин бусад улс орны удирдагчид тусгай автобусаар оршуулгын ёслолд хүрэлцэн иржээ.
Хатан хаантай салах ёс хийхээр Ерөнхий сайд Лиз Трасс, Макрон болон түүний эхнэр Брижит, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, эхнэр Софигийн хамт, Их британийн Ерөнхий сайд Лиз Трасс нөхрийн хамт, Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович нар ирэв. Түүнчлэн Бельгийн хаан Филипп , түүний гэргий Матильда, Японы хаан Нарухито, Испанийн хаан VI Филипп гэргийн хамт мөн Их Британийн Ерөнхий сайд байсан хүмүүс байлцав.Хатан хааныг оршуулах ёслолд нийт 2 мянга гаруй хүмүүсийг урьсан бөгөөд Сири, Венесуэл, Афганистан, Орос, Беларусь, Мьянмараас бусад ихэнх улсын төрийн тэргүүнүүд оролцлоо.Их Британи улс хамгийн сүүлд 1965 онд ерөнхий сайд агсан Уинстон Черчилльд төрийн оршуулга зохион байгуулж байсан бол бараг 60 орчим жилийн дараа 70 жил төр барьсан хатан хаандаа ийн хүндэтгэл үзүүлжээ.Элизабет хатан хаан есдүгээр сарын 8-ны өдөр Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн юм.