Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн нутаг Хадай гэх газарт намаржиж буй айлын туслах малчин энэ сарын 12-ны 13.00 цагийн үед сураггүй болж, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, нутгийн малчид, ар гэрийнхэн нь хамтран эрэн хайж байна. Сумын төвөөс баруун хойш 24 км газарт О хэмээх айлын туслах малчин, 38 настай М малаа хариулж байсан бөгөөд хэдэн ямаа нь мод руу ороход араас нь явсан аж. Улмаар эзэн малчинтайгаа богино долгионы станцаар “Баавгай ойрхон дагаад байна” гэж хэлээд төд удалгүй холбоо тасарсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэллээ. Малчид, айл хөршийнхөн, хадлан хадаж буй хүмүүстэй нийлж ойр хавиар нь хайгаад олоогүй учраас 13-ны 09.40 цагийн үед цагдаа, аврах ангийнханд мэдэгдэж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь нийлж, морьтой, явганаар эрэн хайж байгаа гэнэ. Үүнээс хойш долоо хоног өнгөрсөн ч түүнийг олоогүй л байна. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим үед эрлийг түр зогсоож буй аж.