Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг танилцуулах өдөрлөгийг өчигдөр нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Энэ үеэр Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ж.Хисада болон албаны бусад хүн оролцов. Өдөрлөгийн үеэр Японы ард түмний буцалтгүй тусламжаар өгсөн гал түймэр унтраах тусгай зориулалтын, яаралтай тусламжийн автомашины ашиглалт, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт болон “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, өндрөөс аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага, сургуулилалтыг толилуулсан юм.
Тус улсын Засгийн газраас ЖАЙКА-гаар дамжуулан дээрх болон “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн нэг, хоёрдугаар шат, “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсын онцгой байдлын байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжүүлжээ. Мөн “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” болон сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн аж. Эдгээр төслийн хүрээнд эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинууд, барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих болон чичирхийллийг биеэр мэдрэх сургалтын тоног төхөөрөмжүүд нийлүүлжээ. Тэдгээрийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд ашиглаж байгаа гэнэ.