Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай л байвал бүгдэд ээлтэй нийгэм болдог гэдэг ойлголт бий. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн боловсрол эзэмших, нийгмийн харилцаанд оролцохдоо тусгаарлагдах бус, бусадтай адил тэгш эрх эдлэх ёстой. Нийгмийн хүртээмжгүй байдал нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг болохоос бус, харахгүй, сонсохгүй, саажилттай, тэргэнцэр дээр сууж байгаа нь хөгжлийн бэрхшээл биш. Хөгжлийн бэрхшээлтэй, эсэхээс үл шалтгаалан бүх хүнд тэгш хүртээмжтэй, ээлтэй нийгмийг бий болгох нь Монгол Улс төдийгүй олон орны туйлын зорилгын нэг билээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд төр, засгийн зүгээс олон бодлого, шийдвэр, хууль, дүрэм, журам, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр.
Уг хөтөлбөрийг манай улс 2017-2021 онд хэрэгжүүлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд оролцуулах, ая тухтай амьдрах боломжийг нэмэгдүүлэх үүний гол зорилго аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, тэдэнд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрт найман зорилт, үйл ажиллагааны 23 чиглэлийг тусгажээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл эргэн сэргээнэ, хүүхдүүдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах талаар хөтөлбөрт оруулсан гэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ, барилга, зам, нийтийн тээвэр болон мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгоно, бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломжийг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах нөхцөл бүрдүүлнэ гэж тусгасан аж.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд Монгол Улсад 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Олон жи лийн туршид хөгжлийн бэрхшээлийг зөвхөн анагаах ухаан талаас нь тодорхойлдог байсан бол одоо нийгмийн амьдралын оролцоог нь авч үзэж буй. Гэвч манай улсад хөгжлийн бэрхшээлийг хөдөлмөр эрхлэх чадвартай нь уялдуулж үзсэн хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсанаас нь шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэж, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Гэхдээ энэ байдлыг аажмаар халж, зөвхөн эрүүл мэнд талаас нь бус, нийгмийн оролцоо, үйл хөдлөлийн олон улсын ангиллаар хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох зэрэг дэвшилт аргыг нэвтрүүлж буй билээ. Нэг үеэ бодвол байгууллага бүр налуу шаттай болох, олон ажилтантай байгууллагууд 25 хүн тутамд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийн хөтөлбөрийг дохионы хэлний хэлмэрчтэй хүргэх гэх мэт эерэг өөрчлөлт гарсаар байна.
Боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгийн их зөрчигддөг. Харин тэгш хамруулах боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт тусгаснаар багагүй үр дүнд хүрчээ. Энэ талаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “2016 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл байгуулсан. Өдгөө бүх яаманд дэд зөвлөл, аймгуудад салбар зөвлөл байгуулан ажиллуулж байна. Тэдгээр зөвлөлд яамд, төрийн холбогдох байгууллагын удирдах ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан багтдаг. Мөн хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрийн төлөөллийг оруулсан. Орон тооны бус эдгээр зөвлөл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, орон тооны бус дэд болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, зөвлөмж, чиглэл өгч ажилладаг. Дэд зөвлөл бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө оны эхэнд боловсруулж, жилийн эцэст тайлагнадаг тогтолцоо бий болсон нь том ахиц дэвшил. Төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаа бүрийг хэрэгжүүлэхэд салбар бүрийн мэргэжилтнүүд анхаарч ажилласан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд “25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж орон тооныхоо дөрөв ба түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна. Ажиллуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлнө” гэж заасан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон юм. Тодруулбал, Улаанбаатар хот, Дархан-Уул болон Орхон аймаг дахь байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн хэмжээгээр төлбөр төлдөг. Бусад аймагт тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн 60 хувиаp тооцож төлбөр авдаг боллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр батлан, хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жил бүр 4.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Жилд түр болон байнгын 4000-5000 ажлын байр бий болгож буй” хэмээлээ. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээний маягтын төсөл боловсруулан, найман аймаг, зургаан дүүргийн 200 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн нэгжид туршиж, үр дүнг нь танилцуулсан талаар онцолсон юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийн хэлбэрүүдэд тохирсон ажлын байрны тохируулгын хяналтын хуудас боловсруулж, маягтын төслийг Үндэсний статистикийн хороонд хүргүүлжээ. Түүнчлэн ХНХЯ-ны мэргэжилтнүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, мөн саадгүй амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар ажиллаж буй аж.
Үүгээр зогсохгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зорилгыг тусгасан нь биеллээ олжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй хүүхдийн тэгш боловсрол эзэмших эрх нь нээлттэй болсон юм. Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 7142 хүүхэд боловсрол эзэмшсэн бол 3000 орчим нь гэртээ асаргаанд байжээ. Боловсрол эзэмшиж буй хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 нь тусгай цэцэрлэгт хамрагдсан бол бусад нь энгийн сургуульд суралцаж байгааг БШУЯ-наас мэдээлсэн. Түүнчлэн шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байлгах шаардлага тавьж, дэд бүтцийг нь сайжруулж буй аж. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулж, тэгш хамран сургах боломж бүрдүүлсээр байна. БШУЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн төлөвлөгөөнд тусгасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаарх ажлууд 98 хувьтай биелсэн талаар ХНХЯ-наас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, бодлого үйл ажиллагаа” буюу цагаан номд тусгажээ. Цаашид хөгжлийн бэрхшээлийн талаарх иргэдийн ойлголтыг сайжруулж, хандлагыг эерэг болгох ажлыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урлаг, спортоор дамжуулан хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, оролцоог хангах, ТББ-уудыг чадавхжуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хийж гүйцэтгэх ажил ар араасаа ундарч буйг ХНХЯ-ны мэргэжилтнүүд хэлсэн.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламж цөөнгүй болжээ. Эдгээр ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталсан цагаас буюу 2017 оноос эрчимжүүлсэн нь сайшаалтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гудамжаар явахад гайхан хардаг байсан үе ард хоцорч, энгийн байдлаар харилцдаг болсон нь нийгмийн хандлага өөрчлөгдөж буйн тод жишээ. “Намайг олон нийтийн газраар явахад эвэртэй туулай үзсэн мэт гайхан, шоглож, элдвээр хэлдэг байсан бол одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн зөвшөөрч, адилхан хүн гэдэг үүднээс ханддаг болжээ. Харин хүүхдүүд саажилттай хүмүүсийг тэр бүр харж байгаагүй учраас айж, эмээх тохиолдол гардаг юм. Гэхдээ аав, ээж нь хүүхдүүддээ хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөвөөр ойлгуулж өгнө гэж итгэдэг” хэмээн саажилттай нэгэн бүсгүй ярьсан нь нийгмийн хандлага эерэг болж буйн жишээ билээ. Манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн болон төрийн бус байгууллагуудын тууштай үйл ажиллагаа, хичээл зүтгэлээс гадна олон улсын тусламж, санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд ийнхүү үр өгөөжөө өгсөөр байна.