Дэлхий дахинд өдөр бүр 7500 орчим хүн ажлын байрны хүчин зүйлсийн нөлөөгөөр нас бардгийн 1000 гаруй нь мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй холбоотой.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Хэрэв та уул уурхай, олборлолтын салбар, машин, техник угсрах, металл цутгах, төмөр хайлуулах, чулуу өнгөлөх үйлдвэр, галд тэсвэртэй керамик материал бэлтгэх газар, нэхмэлийн цехэд ажилладаг бол амны хаалт тогтмол зүүж, хамгаалалтын хувцас, хэрэгсэл байнга өмсөж хэвшээрэй. Амьсгал давхцах, цээж хөндүүрлэх, ханиах, их хэмжээгээр цэр гарах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлж, уушгины эдийн шинжилгээ өгөөрэй. Рентген оношилгоо хийлгэсэн ч болно. Эмчийн үзлэг, оношилгоогоор ямар нэг таагүй зүйл илэрвэл эрүүл мэнддээ онцгой анхаарч, боломжтой тохиолдолд ажлын байраа солиорой. Ингэх боломжгүй бол ажил олгогчдоо шаардлага тавьж, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авхуулахыг зөвлөе. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, шинж тэмдгүүдийг хайхрахгүй, үзлэг, оношилгоонд хамрагдахгүй байх аваас уушги тоосжих өвчин даамжирч, энэ нь яваандаа амьсгалын дутагдлын хүнд хэлбэрийн эмгэг, сүрьеэ, уушгины хавдар, дотоод даралтаас үүдэлтэй зүрхний дутагдалд хүргэдэг гэнэ. Ийм шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрч, эрүүл мэндийн байгууллагын хяналтад орсон хүн олширсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас мэдээлэв. Тодруулбал, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлуудын дунд тоос, тоосонцроос үүдэлтэй уушгины эмгэг зонхилох болжээ.
Дээрх газрын эмчилгээний чанарын менежер Ц.Саранцэцэгийн мэдээлснээр дэлхий дахинд өдөр бүр 7500 гаруй хүн ажлын байрны хүчин зүйлсээс болж нас бардаг байна. Үүний 6500 нь хөдөлмөрийн аюулгүй байдлаас улбаатай осол аваар, хордлогод өртдөг бол үлдсэн нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хорвоог орхидог. Ажлын байрны хортой нөхцөлөөс үүдэлтэй эмгэгээр нас барсан хүмүүсийн олонх нь уушги тоосжих өвчинд нэрвэгдсэн байдаг гэнэ. Тэгвэл манай улсад 1973-2021 онд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний 10 119 тохиолдлын 40 гаруй хувь нь тоос, тоосонцроос үүдэлтэй эмгэг аж. Өнгөрсөн оны байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад 2810 иргэн байсны 52.6 хувь буюу 1478 нь энэ төрлийн эмгэгтэй өвчтөн байж. Харин дараа нь мэдрэл, төрөл бүрийн бодисын хордлого, чих, хамар, хоолой, арьсны харшил, нүдний өвчлөл эрэмбэлэгджээ. 1478 гэдэг бол уушги тоосжих өвчний улмаас ажил эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо. Харин үүний цаана ийм өвчтэйгөө мэдэхгүй, оношоо баталгаажуулаагүй, эрүүл мэндийн байгууллагын хяналтаас хол хэчнээн хүн буйг тааварлах аргагүй. Тоос, тоосонцор ихтэй, уушгины эмгэгээр өвчлүүлэх эрсдэл өндөр ажлын байрт нүүрс, хүдэр, жоншны гэх зэрэг бүх төрлийн уурхай ордог юм байна. Нүүрсний уурхайд гэхэд нэвтрэгч, өрөмдөгч, бэхэлгээчин, тэсэлгээчин, маркшейдер, илчит тэрэгний машинч, бульдозерчин, экскаватор болон бусад хүнд машин механизмын оператор, ачигч нар уушги тоосжих өвчинд нэрвэгдэх нь түгээмэл аж. Харин төмөрлөгийн болон машин угсрах, металл цутгах үйлдвэрт ажилладаг мэргэжилтнүүдээс цутгуурчин, засварчин, хэвчин, агааржуулалтын төхөөрөмж засварлагч, өнгөлгөөчин, зүлгүүрчин, ган хайлагч нар үүнд олноороо өртдөг гэнэ. Эрсдэлийнхээ түвшнээр гуравдугаарт эрэмбэлэгддэг угсрах материалын үйлдвэрийн хувьд бутлагч, бетончин, өрөмдөгч, тэсэлгээчин, карьерын ажилчид тоос, тоосонцрын нөлөөнд хамгийн их өртдөг байх нь. Нэхмэлийн үйлдвэрт бол самнах машины оператор, хөвсийлгөгч, ээрэгч, түүхий эд ангилагч, цэвэрлэгч, нэхмэлчин хүмүүс хөвөн, маалингын нарийн ширхэгт тоосонцроор удаан хугацааанд амьсгалснаас болж уушиг нь үрэвсэж, гэмтдэг ажээ. 1973-2021 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын дунд ийм мэргэжлийнхэн жин дарж байгааг дээрх газрынхан онцоллоо.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэдэг бол хөдөлмөрлөх явцад, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг эмгэг. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй ийм ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж үздэг. Ийм нөхцөлд хөдөлмөрлөж буй хүмүүсийг эрсдэлээс сэргийлэх, хамгаалах үүргийг ажил олгогчид хүлээдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнийг дагалдах журамд ч үүнийг тусгасан байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, аюулгүй ажиллагаагаа тогтмол үнэлүүлж, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд жил бүр хамруулан, чанартай, хувийн хамгаалах хэрэгслээр хүрэлцэхүйц хэмжээгээр хангах ёстой. Тэр ч бүү хэл, ажилтан авахдаа эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулж, тухайн нөхцөлд тохирох, эсэхийг нь үнэлэх зохицуулалттай гэнэ. Харамсалтай нь, ажил олгогчид энэхүү хууль, журмын хэрэгжилтийг хангахдаа “хойрго”, иргэд ч өөрсдийнхөө эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд санаачилгагүй, хайнга ханддаг байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвээр судалгаа хийж, энэ чиглэлийн боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй гэсэн санал, санаачилга гаргаж, үүнийхээ хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн судлаач Н.Ганцэцэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны тухайд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажил олгогчид давуу хариуцлага ногдох боловч ажилтан өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тодорхой үүрэг хүлээх ёстой. Хөдөлмөрийн хуваарь, цагаа яг таг баримталж, ажлын бус цагаар цэвэр агаарт тогтмол гарч, архи, тамхины хэрэглээнээс татгалзах нь зүйтэй. Эдгээр нь тоос, тоосонцроос үүдэлтэй амьсгалын замын эмгэгийг хүндрүүлэх гол нөхцөл болдог. Түүнчлэн манай оронд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон нь уушгины янз бүрийн өвчин даамжрахад нөлөөлдөг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, журам, Мэргэжлээс шалтгаалсан уушгины эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний стандарт зэргийг хүмүүс дор бүрнээ мөрдвөл өвчний хүндрэл, эрсдэлээс сэргийлэх боломжтой. Жишээлэхэд, тоос, тоосонцор ихтэй нөхцөлд ажилладаг хүмүүст уушгины эмгэгийн шинж тэмдэг эхний 3-5 жилийн дотор илэрдэг, үүнээс 2-3 жилийн дараа хоёрдугаар шатандаа ордог гэж үздэг юм билээ. Гэтэл тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад эхний жилүүдэд шинж тэмдэг огт илрэхгүйгээр хүндрэх тохиолдол ч бий. Тиймээс эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд жил бүр хамрагдах ёстой гээд буй юм. Монголчууд үүнийг хэрэгжүүлдэггүй. Ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүд. Харин томоохон зарим компани урьдчилан сэргийлэх арга хэмжээг үлгэр жишээ түвшинд хэрэгжүүлдэг. Гэхдээ тийм ч олон биш” хэмээн ярилаа.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин, тэр дундаа тоос, тоосонцроос үүдэлтэй уушгины эмгэгтэй холбоотой мэдээлэл цуглуулах явцад нэг зүйлийг олж мэдэв. Манай улсад сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр өргөн хүрээнд (өвчний нөхцөл байдлын талаар), тусгайлан хийсэн судалгаа байдаггүй аж. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмчилгээний чанарын менежер Ц.Саранцэцэг үүнийг хүлээн зөвшөөрөв. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөнд ч дорвитой баримт, мэдээлэл алга. Харин ХНХЯ-ныхан судалгаа, мониторинг, төслийн менежментийн “Эс Ай Си Ай” ХХК-тай хамтран 2020 онд “Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөлийн судалгаа”-г хийжээ. Ингэхдээ мэргэжлээс шалтгаалсан өвчин гэсэн ерөнхий ойлголтыг авч үзжээ. “Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд зарцуулсан нийт зардал 2019 онд 127.8 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 хувийг эзэлж байна” гэхчлэн эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг нь чухалчилжээ. Энэ бүхнээр юу хэлэхийг зорьсон бэ гэхээр холбогдох байгууллагынхан мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байгаа тоос, тоосонцроос үүдэлтэй уушгины эмгэгийг бууруулахад анхаарал хандуулж, олон нийтэд урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг, мэдээлэл түгээж, хэвийн бус нөхцөлтэй ажлын байр, өвчний нөхцөл байдлын талаар дорвитой судалгаа хийх цаг нь нэгэнт иржээ. Ингэж байж эрсдэлээс сэргийлэх тохиромжтой арга хэмжээг цаг алдалгүй авч, цаашид олон хүнийг уушги тоосжих эмгэгээс хамгаалж чадна.