Ховд аймагт 45 настай эрэгтэй тарваган тахлаар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тухайн иргэнээс уг өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, энэ сарын 11-нд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гараад байсан юм. Хариуг баталгаажуулахын тулд түүнээс таван төрлийн сорьц авч, лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд энэ сарын 13-ны шөнө тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь нотлогджээ. Өвчтөний ойрын хавьтлын 11 хүн өдгөө гэрийн тусгаарлалтад буй аж. Тэднээс өвчний шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн гэдгийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлсэн. Тус төвийн лабораторийн эрхлэгч, их эмч М.Батмягмараас зарим зүйлийг тодруулахад “Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаарх дуудлагыг бид энэ сарын 11-нд хүлээн авсан. Ингээд тухайн иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан юм. Тиймээс баталгаажуулах шинжилгээ хийхэд тахлаар өвчилсөн нь батлагдлаа. Өвчилсөн иргэн Ховд аймгийн Цэцэг сумын Хужирт багийн нутагт энэ сарын 8-нд гурван тарвага агнаж, өвчсөн юм билээ. Ингээд маргаашаас нь халуурах, толгой өвдөх, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар эмнэлэгт хандсан байсан” хэмээв. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг өдгөө халдварын голомт болсон Цэцэг сумд ажиллаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа гэнэ. Тус сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байна.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой буюу уг өвчин тархах өндөр эрсдэлтэй юм. Тарваган тахлын байгалийн голомт нь дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ үед тарвага агнахгүй, махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагынхан тогтмол сэрэмжлүүлж ирсэн. Гэсэн ч иргэд сэрэмжлүүлгийг үл тоон, уг амьтныг агнаж, эрсдэлд орсоор байна. Улсын хэмжээнд өнгөрсөн жил Завхан аймагт нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн. 2020 онд зургаан хүн өвчилсөн бөгөөд дөрвөн тохиолдол нь Ховд аймагт бүртгэгдсэн юм.
Бэлтгэсэн М.Оч