Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тодруулбал, цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг энэ оныг дуустал тэглэхээр болжээ. Тэрбээр энэ талаар “Зах зээлд цементийн хомсдол үүссэний улмаас томоохон бүтээн байгуулалт, ялангуяа Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил зогсох эрсдэлтэй болсон. Тиймээс Засгийн газраас импортын гаалийн албан татварыг 2022 оныг дуустал тэглэх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор тээврийн асуудлыг саадгүй зохицуулах шаардлага үүссэнийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах нь зүйтэй. Хэдийгээр “Монполимет”, МАК компанийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж дийлэхгүй байна” гэв. Цементийн импортын татварыг тэглэснээр нэг тонн бүтээгдэхүүний үнэ 100 000 орчим төгрөгөөр хямдрах боломжтой аж.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2019 онд 1.8, өнгөрсөн жил хоёр сая тонн цемент хэрэглэсэн дүн бий. Түүнчлэн өчигдөр барилгын материалын “Хангай” захад 50 кг-ын савлагаатай цемент 30 000 төгрөгийн үнэтэй байсан нь сүүлийн хоёр сард 25-30 хувиар өссөн үзүүлэлт юм.