ДЭМБ-ын төлөөлөгч Мартин Вандэндик тус байгууллага сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан тухай мэдээллээ
Манай улсад архинд донтогсод олон. Сүүлийн жилүүдэд илүүтэй нэмэгдэж байгааг хаанаас ч харж болно. Гудамжинд сандал булаацалдан маргалдах, эвгүй үнэртэй, баргар царайтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс голдуу 40-өөс дээш насныхан байх нь элбэг. Тэд согтууруулах ундаа хэмээх мансууруулагч бодист нэрвэгдэгсэд бөгөөд түмний нүдэн дээр ил байдаг нь. “Залуус архи, тамхинаас татгалздаг болсон. Манай ирээдүй гэрэлтэй байна” гэхчлэн ярьдаг, боддог нь бий. Үнэхээр 40-өөс доош насныхан гудамжинд яадгаа алдчихсан хэвтэж байдаггүй билээ. Гэтэл тэдний мансуурах зам, сонголт өөр. Тэд олонд харагдахгүй, өөр газарт байдаг гэсэн мэдээллийг мэргэжилтнээс сонсоод сэтгэлээр унах шиг. Тамхины оронд өөр зүйл татаж, архи бус, бусад бодис, эм хэрэглэж мансуурдаг залуус жилээс жилд нэмэгдэж, өдгөө эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, хяналтад байдаг нь 350 гаруйд хүрчээ. Тэгээд бас гэмт хэргийн чанартай болохоор асуудал их талаар сэтгэлзүйч Э.Хонгорзул ярьсан юм. ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар болон төрийн бус бусад байгууллага, хувийн хэвшлийнхэн ч хамтран өчигдөр зохион байгуулсан “Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт үндэсний чуулганы үеэр донтолт судлалын “Эеврэг” төвийн тэргүүн түүнтэй ярилцах зуураа ийм мэдээлэл авсан юм.
Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн байдал ямар байгаа талаар өгүүлэхийн өмнө дэлхийн байдлын талаар дурдъя. Дэлхий дахинаа сэтгэцийн эмгэгтэй хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй аж. Өдгөө ойролцоогоор 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон тухай ДЭМБ мэдээлж байна. 2001 онд 450 сая орчим байсан бол 2017 онд 792 сая болжээ. Үүнээс 284 сая нь сэтгэл түгших, 264 сая нь сэтгэл гутрах эмгэгээр шаналж буй аж. Архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй нь 970 сая буюу нийт хүн амын 13 хувийг эзэлдэг. Цар тахлын нөлөөгөөр байдал улам дорджээ. Хөл хорио, бусад хязгаарлалтаас хамаарч ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа гэнэ.
Манай улсад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түшгих эмгэг 18.4, органик бус нойрны эмгэг 17.5, архаг ядаргаа 16.2, тайлбарлаж болмооргүй биеийн зовиурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийн тархалттай байсан аж. Эдгээр үзүүлэлтийг 1984-1992 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг найм, сэтгэл гутрах нь долоо, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн нь харагддаг байна.
“Ковид-19”-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг өнгөрсөн оны 11-12 дугаар сард 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 7919 хүнийг оролцуулж хийсэн судалгаанд хамрагдагсдын 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй, 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй байж. Архаг ядаргаа, сэтгэл түгших хам шинж нь эмэгтэйчүүдэд илүү байна гэсэн дүн гарчээ. Эдгээр тоон үзүүлэлт сүүлийн жилүүдэд сэтгэцийн тулгамдсан асуудал манай улсад, бусад орнуудынхтай ижил нэмэгдсээр буйг илтгэж байна. Тиймээс дээр нэр дурдсан байгууллагууд үндэсний чуулганыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Цаашид яах вэ. Чуулганы үр дүн юун дээр харагдах вэ. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг СЭМҮТ-ийн даргаар томилогдоод удаагүй В.Баярмаа энэ талаар юу хэлснийг хүргэе. Тэрбээр “Нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт бий болсон. Цаашид бодлогыг нийт хүн ам, нийгмийн эрүүл мэнд рүү, өөрөөр хэлбэл, эрүүл иргэдэд хандуулах нь давамгайлах болов уу. Хүн амаа сэтгэл зүйн хувьд эрүүл болгох, хэвийн байлгах чиглэл дэх үйл ажиллагааг дорвитой, үр дүн гарахаар явуулахыг цаг үе шаардаж байна. Манай улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийт хүн амын 1-3, харин эрүүл, эмгэгтэйн завсрын байдалд байгаа нь 20-25 хувьтай. Үлдсэн нь эрүүл. Тэгэхээр өнөөдрийн чуулганаар завсрын байдалд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, ямар гарц, гаргалгаа байх талаар ярилцаж буй. Асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбарынхан шийдэж чадахгүй. Бусад салбарынхантай хамтарч ажиллаж байж үр дүн гаргана. Тийм болохоор энэ талаар олон талын оролцоотойгоор дахин, дахин ярилцаж, чуулж, гарцыг тодорхойлох нь тулгамдаж байгаа юм. Сэтгэцийн эмгэг нь нийгэм, эдийн засгийн, ажилгүйдэл, ядуурал, орлогогүй байх, мөн хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн боловсрол гэх зэрэг олон шалтгаанаас болж үүсдэг. Удахгүй Нийгмийн эрүүл мэндийн тухай хуультай болно. Тэгэхээр салбар дундын уялдаа холбоог хангасан олон төрлийн үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авах санхүүжилттэй ч болох байх. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн ажлуудыг олон улсын байгууллагуудын дэмжлэг, хандив, тусламжаар хийж ирсэн” гэж байлаа.
Чуулганд зөвхөн эрүүл мэндийн бус, хамаарах олон салбарын төлөөллийг урьж оролцуулсан байв. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мэргэжилтний мэдээлснээр манай улсад архи, мансууруулах бодисоос хамаат болсон иргэн олон байгаагийн дотор 17-35 насныхан жин дарж буй аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хамгийн залуу нь 13 настай хүүхэд гэнэ. Нөхцөл байдал ийм байгаатай холбогдуулан тус газрын зүгээс залуус, өсвөр насныхныг гэмт хэрэгт холбогдуулан шалгахаас өмнө эрүүл мэндийн байгууллагынхантай хамтарч ажиллах бодлого баримтлах болсон байна.
Уг чуулганыг хамтран зохион байгуулагчдын нэг Донтолт судлалын “Эеврэг” төвийг үүсгэн байгуулагч, сэтгэлзүйч Э.Хонгорзул “Би 2017 оноос хойш мансууруулах бодисын донтолттой хүмүүстэй ажиллаж байна. Саяхан энэ төвөө байгуулсан. Донтолттой хүмүүсийн гэр бүлд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, энэ асуудалтай холбоотой судалгаанууд хийх зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Мансууруулах бодисоос хамааралтай болсон хүн харьцангуй олон болсон. Гэхдээ гэмт хэрэг гэдэг учраас тоог яв цав гаргах аргагүй. Ихэд нууцлагдмал хүрээний асуудал болчихдог. Хэрвээ донтох эмгэг гэж үздэг, хэлдэг байсан бол тоолох боломжтой. Сүүлийн зургаан жилийн тухайд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлээс хамааралтай болсон 350 хүн байгааг тодорхойлсон. Бид ийм хүмүүсийг эмчилдэг. Ар гэрт нь тусалдаг. Цаашид донтогсдыг хорино, цагдана, ял шийтгэл онооно гэхээс илүүтэй яагаад ийм болис хэрэглээд байна вэ гэдэгт хариу хайх хэрэгтэй. Энэ чиглэлд ажиллах мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх шаардлагатай. Яагаад гэхээр дэлхий нийтэд донтогсдын тоо ойрын ирээдүйд ихээхэн нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Тэгэхээр манай улсад ч гэсэн тоо нэмэгдэх магадлалтай гэсэн үг. Өнөөдрийн чуулганы үр дүнгийн нэг нь энэ хүрээнд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төр, засгаас анхаарах байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Уг чуулганд оролцохоор ДЭМБ-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгч Мартин Вандэндик тус байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойрын ирээдүйд ямар бодлого баримтлах талаар мэдээлэл хийсэн юм. Товчлон хүргэе. ДЭМБ-аас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаарх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө боловсруулж, 2013 онд батлуулан, 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусгавар болгох байжээ. Гэтэл олон судалгааны дүнгээс харахад дэлхийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн төлөө ажиллахын ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан төлөвлөгөөнийхөө шалгуур үзүүлэлтүүдийг нь шинэчлэн 2030 он хүртэл сунгажээ. Тийм болохоор Номхон далайн баруун бүсийн гишүүн Монгол Улс нь энэ талаарх бодлогын баримт бичгүүдээ шинэ төлөвлөгөөтэй уялдуулахыг сануулав.
Мөн уг чуулганыг зорьж ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төлөөлөгч Бэн Сэки Эйчи бүсийн хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд баримтлах бодлогыг танилцуулсан юм. Тэрбээр “ДЭМБ энэ чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 2030 он хүртэл сунгасан бөгөөд хүн төрөлхтний хувьд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим зорилтыг өөрчлөн баталсан. Бид бүсийн хувьд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ойрын стратегийг эргэн харах, шинэчлэх, хэвшүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй байхаар томьёолсон. Эргэн харах гэдэгт мартагдсан, орхигдсон, өөрөөр хэлбэл, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа хүмүүст хүрч үйлчлэхийг хэлж буй. Шинэчлэх гэдэг нь сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх сайн чанарын тогтолцоог бүрдүүлж, чанартай үйлчлэхийг хэлж байгаа юм. Хэвшүүлэх гэдэг нь хүмүүс амьдралынхаа аль ч үе шатанд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг хүлээж авах сэтгэхүйтэй болтол тогтолцоог бүрдүүлэх тухай ойлголт” гэлээ.