НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод нээгдлээ. Нэг жил үргэлжлэх шинэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад уур амьсгалын өөрчлөлт, коронавирус болон бусад халдварын эсрэг тэмцэл, тогтвортой хөгжлийн асуудал, хөгжиж буй орнуудын өр зээл, одоо болж буй мөргөлдөөн, хямрал зэрэг олон улсын томоохон сэдэв багтсан байна. Гол арга хэмжээ болох улс төрийн ерөнхий санал, шүүмжлэл долоо хоног үргэлжлэх бөгөөд үүнд олон орны төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар оролцох юм. Чуулганы хүрээнд хоёр болон олон талт уулзалтууд зохион байгуулах бөгөөд энэ үеэр төлөөлөгчид цаг үеийн бүх асуудлаар ярилцах боломжтой.
Чуулганыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үг хэлснээр нээв. Украины хямрал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, цар тахал ойрын саруудад олон улсын сорилт болохыг тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр НҮБ-ын Ерөнхий ассамблей дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд гол байр суурь эзэлсээр буй. Өндөр түвшний уулзалтын үеэр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, шинэ сорилт, аюул, заналхийлэл, кибер аюулгүй байдал, хүний эрх, уур амьсгал, НҮБ-ын санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэхийг тэрбээр тодруулжээ.
Энэ удаагийн чуулганыг Унгарын дипломатч Чаба Кёрёши удирдаж байна. Ерөнхий ассамблей Украинд өрнөж буй үйл явдал, асуудлыг зохицуулах хэтийн төлөвийг анхааралтай ажиглахыг тэрбээр тэмдэглэв. Тэрчлэн Чаба Кёрёши Аюулгүйн зөвлөлийг шинэчилж, энэ байгууллагыг илүү төлөөлөлтэй, үр нөлөөтэй болгохын төлөө ажиллахаа мэдэгджээ.
Өрнөдийн орнуудын НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы хүрээнд Украины нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй. 77 дугаар чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад “Украины түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийн нөхцөл байдлын тухай” заалт оруулсан байна. Мөн чуулганы үеэр Орос, Украинаас хүнс, бордоо экспортлох Истанбулын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хөндөнө. ОХУ-ын бараа, бүтээгдэхүүнийг экспортлох хэлэлцээрийн нэг хэсэг, тэр дундаа Өрнөдийн нэг талыг баримталсан хориг арга хэмжээний улмаас биелэгдэхгүй байгааг Москва удаа дараа мэдэгдсэн. Тус улсын мэдэгдсэнээр ачааны бага хэсэг нь ядуу, хөгжиж буй орнуудад очдог гэнэ. Африкт болж буй мөргөлдөөн, тус бүс нутгийг хамарсан өлсгөлөн, өвчинтэй тэмцэх асуудлыг чуулганы туршид хэлэлцэх нь. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх асуудлыг чуулганы үеэр хөндөхийг НҮБ дэх тус улсын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд уламжлав.