Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн макро эдийн засаг, санхүүгийн зах зээл, Төвбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын талаар Ийгл телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Сүүлийн саруудад Монгол Улсын хувьд инфляц буюу үнийн өсөлт гол тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн сүүлд зарлагдсан тоон мэдээллээр долдугаар сарын инфляц 15.7 хувьд хүрээд байна. Үүний эсрэг Төвбанк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Зарим эдийн засагчдын хувьд бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын орчинд мөнгөний бодлогын арга хэрэгсэл хэр оновчтой байна?
-Долдугаар сарын инфляц 15.7 хувь байна. Наймдугаар сард өмнөх сарынхаас буурч гарах төсөөлөл байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд инфляцын хурд тогтворжиж байна. Урьдчилсан байдлаар инфляц наймдугаар сарын эцэст 14.1 хувьд хүрч, нэг нэгж хувиар доошоо буухаар байна. Инфляцын хурд саармагжиж байгаа нь бодлогын үр дүн гэж харж болно. Цаашид инфляц гадаад орчны төвөгтэй байдал хэр удаан үргэлжлэхээс ихээхэн хамаарна. Мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу гэдэг асуултын хувьд инфляцын шалтгаан юу вэ гэдэг асуулттай холбогдоно. Хэрвээ инфляц эрэлтийн шинжтэй үүсэж, эдийн засаг сэргэхийн хэрээр бий болсон бол мөнгөний бодлогоор эрэлтийг бууруулж, хязгаарласнаар зохицуулж болно. Гэтэл долдугаар сарын байдлаарх 15.7 хувийн инфляцын бүрэлдэхүүнийг харвал ихэнх нь буюу 10 нэгж хувь нь импортын гаралтай байна. Инфляцын түвшнийг тооцдог хэрэглээний сагсан дахь 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 203 нь импортоор авдаг бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Инфляцад импортын нөлөөлөл их байгаа үед мөнгөний бодлогын арга хэмжээгээр шууд нөлөөлж чадахгүй. Гэхдээ бид мөнгөний бодлогыг оны эхнээс хойш хатууруулснаар бодлогын хүүг 10 хувьд хүргээд байна. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь эрэлт их байгаа тэр хэсэгт нөлөөгөө үзүүлнэ. Инфляцын түвшнийг тодорхой хугацааны дараа зорилтот түвшинд хүргэх шийдвэрүүдийг Төвбанк гаргаж байгаа.
Хамгийн сүүлд зургадугаар сарын 22-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хүргэсэн. Бодлогын хүүгийн өөрчлөлт статистик үзүүлэлт дээр яаж харагдаж байгаа бол. Сүүлийн үед иргэдийн хувьд зээл гарахгүй байна, суурь хүү нэмэгдсэн нь банкуудын зээлийн хүүг нэмэгдүүлж банкууд зээл олгох сонирхол буурч байна гэх болсон. Зээлийн статистик дээр бодлогын хүүгийн өөрчлөлт ямар байдлаар харагдаж байгаа вэ?
-Мөнгөний бодлогыг хатууруулж байна гэдэг нь санхүүжилт гарах боломжийг багасгана гэсэн үг. Дээр нь санхүүжилт авч байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээгээр зардлын дарамт үзүүлж, тэр хэмжээгээр зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг багасгах бодлого юм. Зургаа, долдугаар сарын хувьд зээл багассан шалтгаан нь цаг хугацааны хувьд давхацсан зарим үйл явдалтай холбоотой гэж Төвбанкны зүгээс харж байна. Банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт оруулахаас өмнө олон улсын хөндлөнгийн байгууллагаар активын чанарын үнэлгээг том таван банканд хийлгэлээ. Энэ үнэлгээний үйл явцтай уялдуулаад банкууд санхүүгийн тайландаа эрсдэлтэй өөрчлөлт гаргахгүй гэсэн үүднээс зээл гаргалт дээр болгоомжтой хандсан тал бий. Энэ бүхэн нь бодлогын хүүгийн өөрчлөлттэй давхацсанаар зээл хомсдоход нөлөөлсөн болов уу. Одоогоор эрэлтийн шинжтэй инфляцын дараагийн шатны давлагаа бий болохоос сэргийлсэн мөнгөний бодлого хэрэгжиж байна. Энэ бодлогын хатуу төлөвийн үр дүн тодорхой хугацааны дараа гарна. Бидний тооцоо, төсөөллөөр инфляц 2023 оны эцэс, 2024 оны эхэн үе гэхэд Монголбанкны зорилтот түвшин болох зургаан хувийн голчтой, найман хувь орчимд хүрэх төлөвтэй байна.
-Үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байгаа. Ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар өссөн харагдаж байна. Иргэдийн худалдан авалт, бодит орлого, цалин хөлс төдийлөн нэмэгдээгүй байгаа энэ үед Төвбанк инфляцын нөлөөлөл өрхүүдэд хэр тусаж байгаа талаар судалгаа хийж байна уу?
-Төвбанкны хувьд инфляцыг тодорхой зорилтот түвшний орчимд хадгалахыг зорьдог. Инфляцыг Төвбанк нь өөрөө хэмжээд явах нь учир дутагдалтай учраас Үндэсний статистикийн хороо бүх тооцооллыг хийж, нийтэд зарладаг. Үүнтэй зэрэгцээд инфляцын түвшин орлогыг хэр хомсдуулж, худалдан авах чадварыг хэр зэрэг алдагдуулж байгааг давхар тооцдог. Инфляцын түвшин 20 гаруй хувиар өсөх юм бол хүн амын тодорхой хэсэг буюу дунджаас доогуур орлоготой, ядуу өрхүүдэд хамгийн хүнд нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Тэр тусмаа 20 хувийн өсөлт бол өөрөө 400 мянга гаруй иргэний орлого дээр дарамт үзүүлнэ гэсэн тооцоо бий. Инфляц сүүлийн нэг жилийн хугацаанд өндөр түвшинд байна. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлээд инфляц хурдаа авсан. 2021 оны эхний хагаст инфляцын түвшин Монгол Улсын хувьд жилийн 1-2 хувьтай байсан. Тавдугаар сараас БНХАУ “Tэг ковид” бодлого баримталснаар манай хилийн боомтууд хаагдаж, гадаад худалдаанд саатал үүссэн. Үүнээс үүдэн инфляц эрчимжиж, 2021 оны 12 дугаар сарын эцэс гэхэд 13 хувьд хүрсэн. Харин 2022 оны дөрөвдүгээр сараас хойш инфляцын эрчимжилт буурах талтай байна. Инфляцыг бууруулах нь Төвбанкны гол зорилго юм. Инфляц зөвхөн Монгол Улсад биш дэлхий даяар л бий болж байна. АНУ-д өнгөрсөн сард инфляц 9 хувь байсан бол Европын бүсэд 8.5 хувь байна. Цаашид энэ оныг дуустал Орос-Украины асуудлаас болоод нефть, газрын тосны үнийн нөлөө оны эцэс хүртэл үргэлжлэхээр байна. Энэ байдлаараа эдгээр улсад инфляц өндөр түвшинд хадгалагдана. Манай улсын хэрэглээний сагсны 50 хувиас илүү нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа нь Монголд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн инфляцыг өндөр түвшинд хэвээр хадгалахад нөлөөлнө гэж Төвбанкны зүгээс харж байна.
-Оны сүүлээр ханшаар өдөөгдсөн инфляц хүчтэй байх төлөвтэй гэж зарим эдийн засагчид ярьж байна. Учир нь төлбөрийн тэнцэл өнгөрсөн сарын статистикаар 1.3 тэрбум долларын алдагдалтай гарсан байгаа. Энэ нь манай улсад валютын нөөц хомсдож тэр хэрээр төгрөгийн эсрэг доллар чангарах нөхцөл болж байна. Оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг хэдэн хувиар сулраад байна вэ. Төвбанкны гадаад валютын албан нөөц өнөөгийн байдлаар ямар байна вэ?
-Өнгөрсөн онд Ковидоос үүдэлтэй хил хаагдахаас өмнө манай улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 5 тэрбум ам.долларт хүрч байсан. Хорио цээрээс хойш экспортын орлого буурсан. Ялангуяа нүүрсний экспорт Ковидоос өмнө 2019 онд 36 сая тоннд хүрч байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар дөнгөж 11 сая тонн байна. Харин манай импорт өнгөрсөн онд 40 гаруй хувиар өссөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 25 хувь өсөлттэй явна. Экспорт багасаж, импорт нэмэгдэж байгаа нь худалдааны тэнцлийг алдагдуулж байна. Урсгал тэнцэл бас их алдагдалтай байгаа. Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалтын зардлууд гарч байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтад жилдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардал гардаг нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөж байна. Үйлчилгээний хэсэг, тээврийн салбар, аялал жуулчлал, боловсролын салбарт мөн алдагдалтай явж байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 2 тэрбум 690 сая ам.доллар буюу 4-5 сарын импортын хэрэглээг хангахуйц түвшинд байна. Олон улсын жишиг тооцоогоор гурван сараас илүү байвал хангалттай гэж үздэг. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд экс-портын орлого маш чухал. Мөн импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг яаж орлуулах, өөрсдөө яаж үйлдвэрлэдэг болох вэ гэдэгт томоохон шийдэл гаргах шаардлагатай.
Ханшийн хувьд Төвбанк хоёр сонголтын өмнө ирчихсэн байна. Ханшаа тогтвортой байлгая гэвэл зах зээлийн эрэлт хэрэгцээгээр доллар нийлүүлэх хэрэгтэй. Эсвэл нөөцөө хамгаалаад тодорхой хэмжээний хязгаартайгаар доллар нийлүүлнэ гэж үзвэл ханшийг хэсэг хугацаанд чөлөөтэй байлгах ёстой. Төвбанкны хуульд ханшийн бодлого чөлөөтэй хөвдөг байх хуулийн зохицуулалттай. Жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 12 хувиар суларсан байна. Геополитикийн асуудлаас үүдэж бүх улс орны валют суларч байна. АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа шийдвэрүүд нь долларын үнэ цэнийг нэмэгдүүлснээр бусад улс орны мөнгөн тэмдэгтийн эсрэг нийтлэг чангарч байгаа.
-Валютын нөөц хязгаарлагдмал. Нэмэгдэх эсэх нь нүүрсний экспортоос хамаарахаар байна. 2023 онд их хэмжээний өрөө бид төлж эхэлнэ. Иймд их хэмжээний валют бидэнд шаардлагатай байгаа. Тэгэхээр экспорт хэр байхаас хамаарна гэж ойлгож болох уу?
-Монгол Улс руу валют хэр ихээр орж ирэх вэ гэдэг нь бид экспортоо хэр хэмжээгээр нэмэгдүүлж чадах вэ гэдгээс хамаарна. Мөн хэр их хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх, ямар санхүүжилт, хөтөлбөрүүд манайд хэрэгжихээс хамаарна. Ковидын хоёр жилийн хугацаанд олон улсын харилцаа холбоо төвөгтэй, тээвэр логистикийн саатлууд гарч, дэлхий нийтээр нийлүүлэлтийн сүлжээ доголдлоо. Үүнээс хамаарч гадаад худалдаа чөлөөтэй биш, орлогын эх үүсвэрүүд хомсдолтой байна.
Төвбанк инфляцыг богино хугацаанд тэд болно гэдэггүй, харин дунд хугацаанд инфляцыг онилоод явж байна. Бидэн шиг жижиг, нээлттэй эдийн засагтай улс орны хувьд 6 хувийн голчтой зорилттой байгаа нь дэвшил юм. Ирэх оны инфляц гэхээс илүү 6 хувьд хүргэх зорилго хэзээ биелэгдэх боломжтой гэдэг нь чухал. Мөнгөний бодлогын хүрээнд авч байгаа арга хэмжээ шууд үр дүнгээ үзүүлэхгүй, тодорхой хугацааны дараа үр нөлөөгөө үзүүлдэг. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 6 хувьд хүргэнэ, үүнд зориулсан мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ. Инфляцыг зорилтот түвшинд оруулах хүртэл мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Оны эхэнд Мөнгөний бодлогын хорооны хурлаар бид 2023 оны эхний хагас жилд инфляц 6 хувьд хүрнэ гэдэг тооцоололтой байсан. Харин геополитикийн асуудлаас үүдэн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа нь дээрх хугацаанд инфляцыг 6 хувьд хүргэх боломж бага гэдгийг харуулж байна. 2024 он гэхэд 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл тооцоолол бий.
-Төвбанкнаас системийн нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн нь хэрхэн гарсан бэ?
-Банкны үндсэн үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцах хадгаламж аваад тэрийгээ зээл болгож санхүүгийн зуучлагч хийдэг. Харилцагчийн итгээд хадгалуулж байгаа мөнгөн хөрөнгө хэр найдвартай хадгалагдаж байгаа нь активын чанарыг хэмжих гол хэмжүүр нь юм. 2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орж байхдаа активын чанарын үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлсэн. 2018 онд анх удаа Европын Төвбанкны аргачлалын дагуу бүх банкыг хамруулсан активын чанарын үнэлгээг хийсэн. Тухайн үед банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага гарч байсан. Зарим банк энэ шаардлагын дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлж чадаагүй зарим банкны хувьд өнөөдрийг хүртэл тогтворжуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Үнэхээр боломжгүй нэг банкийг татан буулгасан байгаа. 2018 оны Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд активын чанарын үнэлгээг тодорхой хугацааны давтамжтай хийж байхаар хуульчилж өгсөн. Үүний дагуу 2018 оноос хойш 2022 он гэхээр дөрвөн жилийн дараа активын чанарын үнэлгээг хийгээд явж байна. Олон нийтэд хувьцаагаа арилжих гэж байгаа таван том банкийг хамруулсан.
Наймдугаар сарын эхээр үр дүн нь гарч эхэлсэн. Эхний ээлжид IPO хийхээр зөвшөөрөл хүссэн гурван том банканд зөвшөөрөл өгчихсөн байгаа. Үлдсэн хоёр банкны хувьд Монголбанканд IPO-той холбоотой материалаа хараахан ирүүлээгүй байна. Ирэх оны зургадугаар сарын 30 хүртэл хуулийн хугацаатай гэдгээрээ бэлтгэл ажлаа хангаад Монголбанканд хүсэлтээ тавина. Тэрний дагуу зөвшөөрлийг өгөөд явна гэж харж байна. Голомт банк хамгийн эхэлж зөвшөөрлөө авсан. Дараа нь Хаан банк, Төрийн банк тус тус зөвшөөрлүүдээ авсан байна. Эдгээр гурван банкны хувьд активын чанарын үнэлгээний үр дүнгээр санхүүгийн тайланд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, Монголбанкны зохистой харьцаанд өөрчлөлт орохооргүй байсан учраас Монголбанкнаас ямар нэг өөрчлөлтгүй байна гэсэн баталгаажуулсан бичгийг СЗХ-нд хүргүүлсэн. Санхүүгийн салбар банкан дээрээ тогтдог. Банкны нийт хөрөнгийн хэмжээ санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувьтай байна. Хөрөнгийн бирж дээр бүгдээрээ зэрэг орох юм бол төвөгтэй учраас дэс дараатай явах нь хугацааны хувьд зүйтэй гэж үзэж байна.