“А” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ “…бусдад төлөх өр төлбөртэй, ихээхэн хэмжээний алдагдалд орсон, цар тахлын улмаас компаний хэвийн үйл ажиллагаа алдагдсан” гэж, компанийн зээлийн дансны хуулга, 8 326 512 төгрөгийн татварын өртэйг тодорхойлсон Татварын албаны тодорхойлолтыг хавсарган ирүүлжээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргах эрхтэй. Шүүхээс хүсэлтийг шийдвэрлэхдээ маргалдагч талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулахгүйгээр, хүсэлтийн үндэслэл болон хүсэлт гаргагчийн бусад байдлыг харгалзан үзэж, хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэдэг.
Энэ тохиолдолд, “А” ХХК -ийн ирүүлсэн хүсэлт, холбогдох бусад баримтуудыг шүүхээс хянаад, эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй, тухайлсан эд хөрөнгөгүй, огт орлогогүй зэрэг нөхцөл байдлыг нотлохгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, тус компанийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийн дугаар: 183/ШЗ2022/07924
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг