Цахим орчинд хүүхдүүд маргаж, нэгийгээ зэрлэгээр зодож буй бичлэг саяхан цацагдсан. Уг бичлэгтэй холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэнэ. Харин Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дээрх бичлэгийг шалган, 2021 оны тавдугаар сард Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны орчимд зодоон үйлдэгдсэн болохыг тогтоогоод байна. Хоорондоо зодолдож буй хүүхдүүд нь 15 настай, эрэгтэй “Т” болон “М” болохыг тогтоосон гэнэ. Улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.