Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монгол Олле” нийгэмлэгтэй хамтран Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт явган алхалтын 3 маршрут тохижуулж, өнгөрсөн сард “Улаанбаатар” олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулсан билээ.
Тус фестивальд БНСУ- аас 150 алхагч оролцсон бол энэ удаад алдарт жүжигчин Ryu Seung Ryong Монголд айлчилж, дээрх явган аяллын маршрутаар алхаж байна. Тэрээр Монгол улсад 2 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд “Жежү Олле” нийгэмлэгийн маршрутаар алхах сонирхолтой нэгэн юм.
Жүжигчин Ryu Seung Ryong нь кино сонирхогчдын сайн мэдэх "7-р өрөөний гайхамшиг" кинонд дауны синдромтой аавын дүрд тоглосон бөгөөд тус кино нь театрт нээлтээ хийсэн даруйдаа 12 сая гаруй билет борлуулж чадсан, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй солонгос киноны дөрөвдүгээрт бичигддэг ажээ.