-Та хэзээнээс гэрэл зураг авахаар хорхойсож эхлэв. Хэрхэн дурласан юм бэ?
-1993 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Ажлынхаа цаг зав, амралтаа тааруулаад болж өгвөл аялах дуртай байлаа. Тухайн үед Англи, Франц, Герман зэрэг Европын олон орноор аялсан. Нэг удаагийн аяллаар манай багт өндөр настай хоёр гэрэл зурагчин хамт явж таарсан юм. Тэдний гэрэл зураг авахаар төвлөрч, зургийн зохиомжоосоо болж хоорондоо ам зөрж, хальсан дээр гоё агшныг буулгасныхаа дараа таатай нь аргагүй ярилцахыг хараад их сонирхолтой санагдсан даа. Тэр үеэс аялах, аялангаа зураг авах нь илүү гоё юм байна гэж бодоод оролдож эхэлсэн.
-Гэрэл зургийн ямар төрлөөр дагнадаг бол?
-Ихэвчлэн аж байдлын сэдэвтэй зураг авдаг.
-Манай улсад хэзээ анх ирсэн бэ. Яагаад наашаа ирж зураг авахаар шийдэв?
-Анх 1995 онд зөвхөн аялах зорилготой л ирсэн. Тэр үед Өмнөговь, Ховд аймагт очиж байлаа. Японы алдартай зохиолчийн “Өвсөн далай” гэж зохиолыг уншиж байсан юм. Тэр зохиолд Монголын талаар өгүүлдэг. Тэр номыг уншаад л Монголд очиж үзье, аж байдалтай нь танилцъя гэсэн бодол төрсөн.
-Тэр номоос уншсан төсөөллийг Монголд ирсний дараах бодит байдалтай харьцуулахад ямар санагдсан бол?
-Төсөөлснөөс минь илүү үзэсгэлэнтэй санагдсан. Би өөр ертөнцөд хүрээд ирэв үү л гэмээр. Хөдөө нар жаргахад хээр тал тэр чигтээ шаргалтаад л. Тэр үзэсгэлэнтэй төрх одоо ч санаанд минь тод байна. Түүнээс хойш зун бүр Монголд ирж байна даа.
-Та хэчнээн улсаар аялж, зураг авсан бэ?
-Дээр дурдсан Евролын улсуудаас гадна Хятад, Пакистан болон Намиби зэрэг Африкийн улсад очиж байсан. Ер нь “Торгоны зам” дагуух үндэстэн ястнуудаар аялж, гэрэл зураг авахыг хүсдэг юм.
-Энэ талаар түүхэн эх сурвалжуудыг судалдаг байх нь ээ?
-Мэдээж өөрийнхөө хэмжээнд судалсан. Одоо ч үүнтэй холбоотой шинэ, сонирхолтой баримт гарч ирвэл уншдаг. Гэрэл зураг авч эхэлснээсээ хойш би илүү сониуч болсон. Юм бүхэн л сонирхолтой харагддаг болсон. Тэр үеэс “Торгоны зам”-ын талаар судалж, үндэстэн ястнуудын төрх байдал, аж амьдрал, өв соёлыг сонирхож, гэрэл зурагт буулгахыг хүссэн юм.
-Сайн сайхан, баяр жаргалтай мөчийг гэрэл зургийн хальснаа үлдээхээс гадна сэтгэл шимшрэм, өр өвдөм мөчүүдийг ч нүдээр харж, мэдэрсэн байх.
-Мэдээж олон газраар аялж, зураг авч явахад янз бүрийн л орчин, нөхцөл, байдлыг харна. Гэхдээ би аль болох сэтгэл сэргэм, хайр хүрэм агшныг мөнхөлж үлдээхийг хүсдэг.
-Та Монголын нэгэн гэр бүлийн зургийг 20 гаруй жилийн турш авсан гэсэн. Энэ гэр бүлтэй хэрхэн танилцсан бэ?
-Өмнө нь ихэвчлэн зуны дэлгэр цагаар ирсэн бол 2000 онд Монголын өвлийг үзэхээр зорьсон. Ингэхдээ нүүдэлчин гэр бүл, Монголын ахуйтай танилцахаар гэрэл зурагчин Л.Ганзоригтой Ховд аймагт очсон. Тэр үед нэгэн гэр бүлийнхэнтэй танилцаж, түүнээс хойш 20 гаруй жил энэ айлын зургийг авч байна.
-Нэг айлын 20 жилийн амьдралын гэрч болох ямар бол?
-Анх танилцахад жаахан байсан хүүхэд том болж, бүр гэр бүлтэй зохиож, хүүхдийнх нь сэвлэг үргээх ёслолд би оролцсон гээд бодохоор сонин бөгөөд сайхан. Тэднийхээ гэр бүлийн нэг гишүүн мэт л болжээ. Одоо тэд Орхон аймагт амьдардаг юм.
-Монгол орноор хэр их аялсан бэ?
-Бүх аймагт очиж үзээгүй ээ.
-Таны гадаадын улс орноор аялж, гэрэл зураг авах хоббийг гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Мэдээж араас минь санаа зовдог. Эхэндээ ч хориглож, ойлгодоггүй байсан. Одоо бол бүгд ойлгоод эвлэрчихсэн. Аялах үедээ үргэлж холбоотой байдгаас гадна олон жил болчихсон учраас санаа зовох нь ч багассан.
-Та Японы Орчин үеийн гэрэл зургийн холбооны гишүүн. Таны манай улстай холбоотой бүтээлүүдийг япончуудыг хэр сонирхож үздэг бол?
-Мэдээж өөрсдийнхөөс нь өөр уламжлал, соёлыг дэлгэж буй болохоор сонирхдог шүү. Би өөрийгөө гэрэл зурагчин гэж хэлэхээс санаа зовдог. Харин гэрэл зураг сонирхогч гэж хэлэх дуртай.
-Та өнөөдрөөс гэрэл зураг сонирхогчдод хүргэх “Хөх тэнгэрт мандсан наран” хамтарсан үзэсгэлэнд бүтээлүүдээ толилуулна. Энэ таны Монголд дэлгэж буй хэд дэх үзэсгэлэн бэ?
-Монголд зураг авч эхэлснээсээ хойшбие даасан анхны үзэсгэлэнгээ “Монголчууд” нэртэйгээр 2004 онд Токиод гаргасан. 2006 онд “Хөдөө талын үзэсгэлэн” үзэсгэлэнгээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд хөдөө талд гаргаж байлаа. Би ихэвчлэн Ховд нутгийнхны зургийг авдаг ч үзэсгэлэнгээ Улаанбаатар юм уу, Токиод гаргадаг. Харамсалтай нь, тэд өөрсдийнхөө зургийг үзэж чаддаггүй. Тиймээс өөрсдийнх нь зургийг үзүүлэх зорилготойгоор ингэж шийдсэн. Дараа нь “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд оролцсон. Түүнээс хойших дөрөв дэх үзэсгэлэн нь “Хөх тэнгэрт мандсан наран”.
-Нэг үзэсгэлэнгээс дараагийнх хүртэл ур чадвар ахихаас гадна уран бүтээлийн тань өнгө аяс хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарч, судалж байв уу?
-Зургийн өнгө аяс, зохиомжоо бодож олохоос эхлээд үзэсгэлэнд дэлгэх хүртэл маш их бодож, илүү чамбай ажилладаг болсон. “Энэ үед ингэж, тэгж авдаг байж” гээд л өөрийгөө чамлана.
-Гэрэл зураг авахад техник, мэдрэмжийн аль нь чухал вэ?
-Мэдээж сайн техник, хэрэгсэл чухал. Гэсэн ч түүнийг ашиглан тухайн агшныг хальсанд буулгах мэдрэмж илүү чухал.
-Одоо ямар бүтээл туурвихаар төлөвлөж буй бол?
-Би 2018 онд “Mongolian women” гэх гэрэл зургийн цомог гаргасан. 2013 оноос цомгийнхоо хөрөг зургийг авч эхлэн, Монголын бүхий л салбарын эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаахыг хичээсэн. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр. Тийм болохоор тэднээр дамжуулан Монгол Улсыг гадаадынханд харуулахыг хүссэн юм. Эл цомгоо үргэлжлүүлэхийг зорьж байна. Бас цомгийн зургуудаараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.
Бэлтгэсэн А.Тайшир