Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах санаачилга гаргаж, тухайн хэсэгт нэмж газар олгохгүй байх үүргийг холбогдох байгууллагынханд өгсөн. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, МХЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, нийслэлийн Байгаль орчны болон Аялал жуулчлалын газар, байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг томилоод буй. Уг ажлын хэсгийнхэн өчигдөр Бумбатын рашааны усны чанар, ундаргыг тодорхойлох зорилгоор дээж авчээ. Эдгээрийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон УСУГ-ын дэргэдэх Усны төв лабораторид шинжлүүлэх гэнэ. Тэрчлэн рашааны ойр орчмыг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар судалгаа, төлөвлөлт хийж байгаа аж.