Түүний амилуулсан бүтээлүүдээс дуулсан даруйд нь ард түмний сонорт үтэр түргэн хүрч, таашаал хүртсэн нь С.Амартайваны шүлэг, Ш.Батсайханы хөгжим “Наран мандах нутаг” дуу хэмээн санадаг. Интернэтэд хандалт өндөртэй уг бүтээлийг сонссон хүмүүс юу, юу гэж бичсэнийг уншихад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. “Хэдийгээр Сүхбаатар аймагт очиж үзээгүй ч нүдэнд харагдах шиг болж байна. Нутгийн амин сүнсийг харуулсан сайхан дуу бүтээжээ. Сүхбаатарчуудын нутгийг зорин очиж үзье”. “Адуу шиг амьд тал. Алт шиг зөөлөн тал. Сонсох бүрийд хийморь сэргэж, сэтгэл тайвширдаг”. “Янз бүрийн маяггүй сайхан эмэгтэй юм”. “Энэ дуучин бүсгүй бол Ардын зураач Д.Амгалангийн бүтээл “Жаахан шаргын нутагт” гэдэг хөрөг зургийн амьд эзэн гэлтэй. Сайхан ч дуу, сайхан ч эмэгтэй”. Монголчууд ийнхүү бичсэн байлаа. Харин гадаад сонсогч “Юу ч ойлгосонгүй. Гэхдээ надад таалагдлаа. Таатай хоолой байна. Ямар нэгэн сайхан зүйлийн тухай дуулж байх шиг”, мөн “Барууныхны дайралтад автаж зуун зуунд уламжлагдаж ирсэн ахуй, соёлоо гээгээгүй цорын ганц ард түмэн бол монголчууд” ч гэжээ. Үзэгч, сонсогчдын таашал, сэтгэл ханамж гэж энэ буюу.
Дуучин бүсгүй их урлагийн замд хэрхэн орсон бол гэж хэн хүнгүй бодож байгаа болов уу. Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлийн удирдлагууд, дарга Г.Энхцэцэг нь хөдөө аав, ээжтэйгээ хамт мал маллаж байсан 18 настай Д.Осгонбаяр бүсгүйг ганц удаа дуулуулж шалгаад л дагалдан дуучнаар ажилд авсан нь 2004 он. Гэхдээ тус театрынхан гэнэт дуудаагүй. Мөнххаан сум (ардын дуунд гардаг Юндэн Гөөгөөгийн нутаг)-ын төвд дууны караоке уралдаан болох сургаар нутгийн ах дүү нар “Үүнд Осгоог заавал оруулах юм шүү” гэж ярилцаад, түүнд яаралтай мэдээ өгчээ. Зарим нь төвөөс баг руу “нисэж” очин хэл дуулгасан бол Осгоогийн төрсөн ах Амгаа мотоциклынхоо ард сундалдан Урд цахилдагт байсан хөдөө гэрээсээ 60 км зам туулан дүүгээ сумын төвд аваачиж өгсөн юм билээ. Уралдаан болсон, Д.Осгонбаяр түрүүлсэн. Шагнал нь аймгийн театрт дуучнаар ажиллахаар шалгуулах эрх байсан аж.
Малчин аав, ээжийн энхрий охин бага зэрэг дураараа ч байсан биз. Бүрэнцогт багтаа дөрөвдүгээр анги төгссөн жил сургууль нь найман жилийнх байснаа дөрвөн жилийнх болчихжээ. Тэгэхэд нь сумын дунд сургуульд ч юм уу, анги дэвшин суралцах ёстой байсан атал зоргоороо шууд гэртээ харьчихсан гэнэ. Эцэг, эх нь ч дуртай. Хөдөөгийн айлын ажил мундахгүй тул тустай, амар гэж бодсон байх. Ингээд охин бараг таван жил хөдөө байхдаа хийгээгүй ажил гэж үгүй. Үхэр тэрэг хөллөж, эсвэл ганц аралтай тэргээр мориор усанд явна. Үхэр тэргэн дээр бол поошиг тавьдаг, харин мориор явах бол жижиг гар тэргэнд нэг 40-ийн, хоёр 10-ын бидон ачиж аваад гурав орчим км-ийн цаадах худгаас ус зөөдөг байжээ. Аав, ах нар нь эмнэг хангалуудаа сургахад Осгоо даага хариуцдаг байсан аж. “Даага сургах аа” гэж гайхан асуухад дуучин хээв нэг “Тийм ээ” гэсэн юм. Санаанд оромгүй. Турьхан хонгор түүнийг эмнэг сургаж байгаагаар төсөөлшгүй. Тэрбээр бас хурдны морь унадаг, нутаг голынхоо ах дүү нарын урилгаар ийш тийш залагддаг байж. Өвлийн уралдаанд ч мордоно. Ийм нэгэн хэрсүү, ах, дүү садандаа хүндтэй охин багаасаа дуулах дуртай. Гэртээ, орныхоо өмнөх хөшгийг дүүгээрээ нээлгэж, хаалгаж байгаад л өөрийгөө том театрын тайзан дээр байна хэмээн төсөөлж, хүссэнээрээ дуулдаг байжээ. Үүнийг нь мэдэх зарим хүн дээр хэлсэнчлэн дууны уралдаанаас хоцрох вий, боломжийг ашиглаасай, өөрийгөө таниулаасай, дуучин болоосой гэж хүсэхдээ тийнхүү яарч тэвдэцгээсэн биз ээ.
Тухайн үед аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байсан Д.Сэнгэдорж “Жаахан шарга” театрт дагалдан дуучнаар шалгуулна уу гэсэн урилга өгсөн юм байна. Чамайг дуулах, дуучин болох хүсэлтэй гэж ойлгож байгаа. Очиж шалгуулахыг хичээгээрэй” гэж хэлээд удаагүй байтал театраас ярихаар нь охин тэр даруйд аймгийн төвд очсон гэсэн. Байгууллагын удирдлагууд “Боломжийн байна. Дагалднаар ажиллаад үз” гэснээр малын бэлчээрээс гэнэт театрт хүрээд ирсэн тэрбээр шууд л Алтан овооны тахилгын наадамд дуулах томилолт авснаар уран бүтээлчийн ажлын гараагаа эхэлсэн байна.
Тухайн жилд Гавьяат жүжигчин Б.Доржцэрэнгийн нэрэмжит “Хамгийн дундаас онцгой” хэмээх дууны улсын уралдаанд оролцож, хоёрдугаар байр эзлэв. Хөдөөнөөс ирээд удаагүй атал улсын уралдаанд дэд байр эзэлнэ гэдэг ямар гээчийн сувдхан эмнэг хангал сургасан шигээ эрчүүдтэй ана мана үзэлцэж хөдөө байсан гэх вэ. Дараагийн хоёр жил дараалан “XX зууны шилдэг 25 дуу” улсын уралдаанд мөн хоёрдугаар байр эзэлжээ. 2006 онд Монголын урлагийн ажилтны холбооноос явуулсан, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын дуу дуулаачдын улсын III уралдаанд амжилттай оролцож, 2008 онд Морины дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаанд үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарав. 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д болсон уртын дууны олон улсын уралдаанд ч оролцлоо.
Д.Осгонбаяр 2004 онд дагалдан дуучнаар ажилд ороод удалгүй, “Хамгийн дундаас онцгой” дууны улсын уралдааны уран сайханчдын төрөлд хоёрдугаар байр эзэлснийхээ дараахан театртаа гоцлол дуучнаар жинхэлсэн. Мөн аймгийн II арван жилийн сургуульд оройгоор суралцаж дүүргээд, улмаар СУИС-ийн уртын дууны ангид эчнээгээр Гавьяат жүжигчин, доктор, профессор Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан, мэргэжлийн уртын дуучин болсон ажээ. Оюутан байхдаа дуулсаар, уралдаануудад өрсөлдсөөр байсан бөгөөд нэг л мэдэхнээ үзэгч, сонсогчдын хүсэмжит уран бүтээлчдийн нэг болсон байв. 2016-2018 онд Сүхбаатарынхаа 12 сумаар, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Орхон аймаг болон Багануур дүүрэгт бие даасан “Наран мандах нутаг” тоглолтоо зохион байгуулсан.
Үүний дараа түүнд “Эндээ дуулаад амьдарч болно. Гэхдээ нутаг орныхоо нэрийг илүү гаргая, шинэ бүтээл дорвитой төрүүлье гэвэл их хотод ажиллаж, амьдрах ёстой юм биш үү” гэсэн бодол төржээ. Гэрийнхэнтэйгээ, нөхөртэйгөө зөвшилцөв. Эцэст нь маргах юмгүй дулаахан, мал нь тогтуухан, хүн нь аядуухан мандах наран зүгт нутагтай дуучин Д.Осгонбаяр ҮУИТ-ын удирдлагад “Намайг ажилд авах боломж бий юү” гэсэн утгатай захидал илгээхэд сар гаруйн дараа “Болно” гэсэн хариуг тус театрын Дуу албаны дарга, эдүгээ Гавьяат жүжигчин Б.Батмэнд мэдэгдсэн байна. Ингээд “Жаахан шарга”-ын Осгоо улсдаа цуутай дуучид бүхий Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч болов. Театрынхан ээлжийн амралтаа эдлэх цагаар ажилд орсон тул тэрбээр өдөрт нэг, хоёр дуучинтай танилцсаар нүүр хагарсан гэнэ. Зарим уран бүтээлчтэй хаа нэгтээ, тоглолтын үеэр таарсан болохоор танил болсон нь олзуурхууштай байсан гэнэ лээ.
Гоцлол дуучин Д.Осгонбаяр уртын болон ардын богино, зохиолын ч дуу олныг дуулж, сонсогчдод хүргэсэн. Монгол ардын уртын дуунаас “Урьхан хонгор салхи”, “Уяхан замбуутивийн наран”, “Жаахан шарга”, “Торой банди”, “Магнай түргэн”, “Сүмбэр Алтан овоо”, “Ар хөвчийн унага”, “Олом нь үгүй далай”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр”, “Зээргэнтийн тал” зэргийг нэрлэж болно.
Мөн театрын уран бүтээл Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой”, “Үлэмжийн чанар”, “Нарны домог” дуулалт жүжиг, “Нүүдэлчдийн аялгуу”, “Наран мандах талын Монгол” тоглолт, “Уул усны шивнээ” концертын уран бүтээл, Ардын хувьсгалын ойн баярын, Ерөнхийлөгчийн нэрэмжит “1000 ээжийн” баярын, Д.Сүхбаатарын талбай дахь наадмын, АСЕМ-ын цуврал, “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” зэрэг тоглолтод дуулжээ.
Сайхан дуулдаг ээжийн охин тэрбээр нийслэлийг хэрхэн зорьж ирснээ сонирхуулж ярьсан юм. ҮУИТ гоцлол дуучнаар авах болсон баяртай мэдээ сонсмогцоо өөрөө түрүүлж Улаанбаатарыг зорьжээ. Дараа нь нөхөр нь, араас нь хоёр хүүхэд нь хотод ирсэн байна. Ажилдаа яаран ум хумгүй хүрээд ирсэн болохоор эхэндээ ахындаа амьдарч байсан гэнэ. Тэрбээр “Орон нутагт байсан хүмүүс бүгд л их хотын амьдралыг ингэж эхлүүлдэг биз ээ” гээд инээж байлаа.
Тэрбээр Монгол орныхоо 21 аймаг, олон ч сумд уран бүтээлийн аялан тоглолт хийсний сацуу БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Вьетнамд болсон айлчлан тоглолтуудад дуулсан байна.
ҮУИТ-т 2017 оноос ажиллаж буй дуучин Д.Осгонбаяр жилээс жилд арвижсаар буй урын сангаасаа дээжилж хуурцаглаж эхэлжээ. Тэрбээр “Наран мандах нутаг” нэртэйгээр хийлгэсэн теле концертоо DVD болгож буй аж. Мөн ардын дууны 11 дуунаас бүрдсэн цомог гаргаж байгаа, аль алийг нь хэвлүүлэхээр гадаад руу явуулаад хүлээж байгаа гэнэ. Дуучин хос бүтээлээ сонсогчдодоо энэ онд өргөн барих ажээ.